Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/914

 

 

 

 

 

 

 

 

2022            07               08                                   2022/ШЦТ/914

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Н.Уранбайгаль /томилолт, онлайн/,    

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:       

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, *** оны * дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт Н-ийн Ц, РД:***

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Н.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам Монос эмийн үйлдвэрийн баруун замд М.Бийн эзэмшлийн toyota prius маркийн ****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон,... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно..., мөн дүрмийн 16.1: явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа олон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам Монос эмийн үйлдвэрийн баруун замд М.Бийн эзэмшлийн toyota prius маркийн ****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн  16.1: явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа олон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :               

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон эрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-10 дахь тал/

- хохирогч Д.Эын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Сонсголонд ажил руугаа очих гээд 2 найз Лхагвасүрэн, Ариунболд артай хамт явсан, тухайн үед Сонсголонгийн автобусны буудал дээр бид тав хамт автобуснаас буугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн явган хүний гарцаар гарч байсан, тэгтэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашин зогсоод зам тавьж өгсөн. Тэгээд чигээрээ явж байтал зорчих хэсгийн 2-р эгнээнд миний зүүн гар талаас нэг суудлын автомашин намайг ирж мөргөсөн...Би тухайн үед зам хөндлөн гарахдаа машин ирж байгаа эсэхийг артал хол зайтай ирж байгаа харагдаж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 19 дэх тал/,

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Бийн...Би 2022.04.08-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй, ослын талаар сүүлд сонссон. “toyota prius маркийн ****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин...Тухайн жолооч Н.Ц нь манай эгчийн бэр байгаа,  гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй... Би зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирол боломжоороо төлж барагдуулна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 26 дахь тал/,

- гэрч Я.Л-гийн...2022.04.08-ны өдрийн өглөө 9 цаг болж байхад хамт ажилладаг найзууд болох Э, Ариунболд хоёртой ажил руугаа явж байсан. Сонсголонд автобуснаас буугаад зам хөндлөн гарах гэтэл явган хүний  гарч дээр очоод зогстол зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин зогсоод зам тавьж өгсөн, тэгэхээр нь зам хөндлөн гарч байтал хамт явсан найз Э гялс гарцгаая гээд урагшаа гүйцсэн, гэтэл зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан автомашин хурдан орж ирээд Эыг мөргөөд унагаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

            - шинжээчийн дүгнэлт : П.Эын биед зүүн өлийн тахилзуур ясан хугарал, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх-45-46/,

            - шинжээчийн дүгнэлт : toyota prius маркийн ****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 47.9 км/ц гарч байна /хх-65/,

            - мөрдөгчийн магадлагаа : Жолооч Н.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1: Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа олон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн.../хх-85-86/,

            - шүүгдэгч Н.Цын...2022.04.08-ны өдөр гэрлүүгээ харих гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Тухайн үед зам хөндлөн гарч байсан 2 хүнийг намайг өнгөрөөгөөд зам хөндлөн гарах юм байна гэж бодоод ойртон ирэх үед миний баруун гар талаас зам хөндлөн гараад явж байсан, тэгэхээр нь би тормос гишгээд зүүн гар тал руугаа дарсан, ойрхон ирсэн байсан учир машин зогсож амжилгүй явган зорчигчийг машины баруун урд хэсгээр мөргөөд газарт унагасан гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-96/, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно. 

2.2. Шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, эс үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.     

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн тодорхой үүргүүдийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.    

2.3. Мөрдөгчийн магадлагаагаар : Жолооч Н.Ц Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй, харин мөн дүрмийн 3.7-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, эх сурвалжгүй байхаас гадна мөн дүрмийн 3.4-т заасныг зөрчсөн гэж огт дүгнээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.   

2.4. Автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн үүргийн зөрчил нь явган зорчигчийн үүргийн зөрчилтэй харьцуулшгүй ноцтой байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тодотгон дурдах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Н.Цыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3. Хохирол, хор уршиг :

Тус хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч нь хохирогчид нийт  2.450.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй /хх-19, 21-23, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, түүний хөрөнгө, орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-100, 105-110, 120-126, 127-128, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.       

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н.Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР