Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 448

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.Э-д холбогдох 
Малын үнийн үлдэгдэл 2.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Э, гэрч Г.Л, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Э-д миний бие 2017 оны 11 сарын 15-ны өдөр 512 толгой мал худалдсан юм. Б.Э нь миний зарах малыг өөрийн биеэр үзэж хараад үнээ тохироод тууж аваад явсан билээ. Миний бие мал зарах тухайгаа Э-д ярихад чи зарахгүй байж бай би авна гэсэн юм. Хот яваад ирэхэд нь би малаа зарах гэж байна чи үзээд авах юм уу? гэж асуусан. Гэтэл би хотод байна. Өдөр 3 цагийн автобусаар гарна, очоод үзье болохоор бол авна гэж хэлсэн. Ирж үзээд болно би авъя гээд өөрөө үнээ хэлээд тэр үеийн хамгийн доод ханшаар миний малыг үнэлж авсан. Д.Э миний малыг эр ямааг 1 шрхэг бүрийг нь 60.000 төгрөг, эм ямааг 1 ширхэг бүрийг нь 30.000 төгрөг, эм хонь 1 ширхэг бүрийг нь 55.000 төгрөгөнд бодож аваад туугаад явсан. Эр ямаа нь 110 толгой /110*60.000=6.600.000/ эм ямаа 380 толгой /380*30.000=11.400.000/ эм хонь нь 22 толгой /22*55.000=1.210.000/ Нийт мал зарсан мөнгөн дүн нь 19.210.000 төгрөг болсон юм. Үүнээс одоогоор цувуулж авсаар 17.200.000 төгрөг авсан. Үлдсэн 2.010.000 төгрөгийг Цагаан сарын дараа өгнө гэж тохирсон боловч зугтааж уулзахгүй байсаар сүүлдээ өгч чадахгүй би танай малыг борлуулж өгнө гэж хэлсэн. Би шатсан гэх өмнө огт ярьж хэлээгүй үгээ одоо хэлээд өгөхгүй байна. Миний бие анх тохиролцоод малыг минь тууж явахдаа ярьсан тэр мөнгөө л авахыг хүсэж байна. Энэ талаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хэлэлцэх хугацаа нь дууссан. Д.Э эвлэрэхгүй гэсэн учир иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Би энэ хүнтэй уулзаад шүүхэд хандах юм уу? яах юм бэ? гэж хэлэхэд 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө өгнө гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сард эхнэр төрөхөөс өмнө өгөөрэй гэж хэлээд 3 дугаар сард утсаар ярихад утсаа унтраасан. Би хөдөө явж байгаад нөхөртэй нь таараад хэлэхээд өөртэй нь уулз та хоёрын наймаанд би оролцохгүй гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуулчлалаар ороход би 2.000.000 төгрөгөндөө 4 тугал өгчих гэж хэлсэн. Тухайн үед малаа өгөхдөө ээж бид хоёр хамгийн сайныг нь шилж сонгоод өгч байсан. Хэд хоногийн дараа манайд ирээд хонь чинь килограммдаа хүрэхгүй  байна гэж хэлсэн. Би эхлээд Э-д 243 хонь өгсөн. Тэрнээс 22 хонь алсан, 221 хонийг би буцааж авсан. 22 хонь, 110 толгой эр ямаа, 380 толгой эм ямаа зарсан. Эвлэрүүлэн зуулчлалаар 3 удаа орж байсан. Эвлэрүүлэн зуулчлалаар орж байхдаа намайг бичиг үсэг мэдэхгүй байж надтай яах гэж заргалдаад байгаа юм бэ? гэж хэлж байсан. Дараа нь ирчихээд махаар чинь шатсан 800.000 төгрөг болсон, мах чинь муу байсан гэж хэлээд бас ирсэн. Тэгээд ирээд мал үзээдэх гэж хэлсэн, би хэлж байсан манай ээж даралт ихтэй хийсэн наймаагаа буцаахгүй. Тухайн өдөр бичлэг хийнэ гэж хэлсэн, тэгэхэд бичлэг хийлгээгүй. Тэгээд мөнгөө авъя гэж хэлэхээр хүнээс мөнгө авахаараа өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл явж байна. Үлдэж байгаа мөнгө нь 2.010.000 төгрөг, үүнээс 7 ямааг хасаад 1800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг Улаанбаатар хотод явж байхад Б надтай утсаар ярьсан. Та мал авах юм уу? гэж хэлэхээр нь би маргааш аймаг руу гарна очоод уулзъя гэж хэлсэн. Би адууны мах борлуулдаг хүнтэйгээ хамт ирсэн. Намайг ирэхэд Б манайд ирсэн та манайд очоод мал үзээдэх гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө хамт Б-н гэр рүү явсан. Тэгэхэд цагаан толгой гэдэг газар зарах малаа ялгасан байсан учир тэр орой малыг нь үзээд  хонь авмааргүй байна, ямаа авах боломжтой гэж хэлээд тэр орой нь үнэ ханшийг нь тохирсон. Ирэх замд хүнтэй таарсан, тэгэхэд Б малаа энэ хүнд өгөхөөр болчихлоо гэж хэлсэн. Б малаа өмнө нь өөр хүнд үзүүлэхэд туранхай гэж гологдсон байсан. Өөрөө мал зардаг учир малыг нь очиж авахаар болоод очиход өөрийн идэх малыг айлын хашаанд авч үлдээд бусад малаа бэлчээрт гаргасан байсан. Би хонь авахгүй гэж хэлж байсан. Маргааш өглөө нь болоход яадаг ч байсан бид хоёрт борлуулаад өг гэж ээж нь хэлсэн. Тэгээд ямааг эр эмээр ялгаж аваагүй ямаа нийтдээ 483 ямаа болсон, 243 хонь авсан. Би урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг өгөөд 15-20 хоногийн хооронд малыг нь нядлахаар болоод малыг нь өвөлжөөн дээр хариулж байгаад хүмүүс цуглуулж нядлуулсан. Малыг нь нядалж эхлэхэд муу байсан учир тэр орой Б-д очоод хонь авахгүй буцаана гэж хэлсэн. Нэгэнт наймаа хийсэн учир буцаамааргүй байна. Хонио ханшийг нь буулгая, ямааны ханш буулгамааргүй байна гэж хэлсэн. Би 9-10 цагийн хооронд эднийд очсон. Хонийг нь 50.000-55000 төгрөгөөр авахаар тохирсон. Мал гаргасны дараа очиж уулзаад ийм боллоо гээд уулзахад уурлаж эхэлсэн. Тэгвэл больё гээд 222 хонь буцааж өгсөн. Би мах арьсаа өгөөд 110 ямааны мах гологдож үлдсэн. Сүүлд нь Улаанбаатар хот руу өгч явуулсан. Мал зараад 11.300.000 төгрөг болсныг өгсөн. Сүүлд нь үлдсэн 115 ширхэг ямааны мах зараад 860.000 төгрөг, Б уурлаад байхаар нь өөрөөсөө 3.140.000 төгрөг өгсөн. Одоо 1.655.000 төгрөг өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Д.Э-д холбогдуулан малын үнийн үлдэгдэл 2.010.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б нь 7 эм ямааны үнэ гаргуулахаас татгалзаж, 1.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Б.Б нь Д.Э-д 22 хонь, 110 эр ямаа, 380 эм ямааг нийт 19.210.000 төгрөгөөр зарсан ба одоо 7 эм ямааны үнэ гаргуулахаас татгалзаж малын үнийн үлдэгдэл 1.800.000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардаж байна. 
Хариуцагч Д.Э нь 243 хонь, эм ямаа 373,  эр ямаа 110 авснаас 222 хонь буцаасан, 1 хонь үхсэн. Одоо 1.655.000 төгрөг өгнө хэмээн маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч Д.Э-д 110 эр ямаа, 380 эм ямаа, 22 хонь зарсан. Эр ямааг 1 ширхэг бүрийг нь 60.000 төгрөг, эм ямааг 1 ширхэг бүрийг нь 30.000 төгрөг, эм хонь 1 ширхэг бүрийг нь 55.000 төгрөгөнд бодож, эр ямаа нь 110 толгой /110*60.000=6.600.000/ эм ямаа 380 толгой /380*30.000=11.400.000/ эм хонь нь 22 толгой /22*55.000=1.210.000/ нийт 512 толгой малыг нийт 19.210.000 төгрөгөөр зарсан хэмээн тайлбарлаж байна.
Гэрч Г.Л шүүх хуралдаанд “...Мал зарсан нь үнэн. Э-д 243 хонь өгсөн. Тэрнээс хонь зарагдахгүй байна гэж хэлээд буцаагаад авсан. 22 хонь Э алсан байсан. 473 ямаагаар ав гэж хэлсэн...” гэж, гэрч Л.Б “...Тууж өгсөн хонь, буцаасан хонийг би тууж малчинд нь он сартай гарын үсэг зуруулаад өгсөн. Малчинд нь тухайн дэвтэр байгаа. Би борлуулах талаар мэдэхгүй...” гэж мэдүүлж байна. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь тооцоо нийлэхэд хариуцагч Д.Э нь эм ямаа 373, эр ямаа 110 хонь 22 авсан гэж, нэхэмжлэгч Б.Б нь эм ямаа 380, эр ямаа 110 хонь 22 авсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч 7 эм ямааны үнэ гаргуулахаас татгалзсан тул эм ямаа 373, эр ямаа 110, хонь 22 авсан гэж малын тооны хувьд санал нийлсэн болохыг дурдах нь зүйтэй. 
Харин малын үнийн хувьд нэхэмжлэгч Б.Б нь эр ямааг 1 ширхэг бүрийг нь 60.000 төгрөг, эм ямааг 1 ширхэг бүрийг нь 30.000 төгрөг, эм хонь 1 ширхэг бүрийг нь 55.000 төгрөгөнд бодож өгсөн гэж маргаж байх ба хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд “...Эр ямааг 60.000 төгрөгөөр авсан. Эм ямааг 30.000 төгрөөр авсан, хонь 50.000-55000 төгрөгөөр авахаар тохирсон...” гэж тайлбарлаж байх тул малын үнийн хувьд тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Д.Э махны үнэ буурсан учраас алдагдалд орсон, өөрөөсөө мөнгө нэмж өгсөн, хонийг 50.000 төгрөгөөр тооцож авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Б.Б нь “...Анх хэлэхдээ 50.000 төгрөгөөр бодно гэж хэлсэн боловч сүүлд ирээд ихэнх хонио буцаасан учир би зарсан хонио 55.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн...” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул малын үнийг бууруулахаар харилцан ярилцаж тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд малын тоо ба үнийг харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Б.Б нь тохирсон тоо ёсоор малаа хүлээлгэн өгсөн, хариуцагч Д.Э нь малыг хүлээн авч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул Д.Э нь малын үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.Б нь малын үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч Б.Б нь нийт мал зарсан мөнгөн дүн нь 19.210.000 төгрөг болсноос цувуулж авсаар 17.200.000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Д.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...урьдчилгаа 2.000.000 төгрөг, ямааны мах зараад 11.300.000 өгсөн. Дараа нь 2 сард үлдсэн ямааны махыг өгөөд 860.000 төгрөг болсныг өгсөн. Тэгээд уурлаад байхаар нь 3.140.000 төгрөгийг өөрөөсөө өгсөн. Уг нь үлдсэн мөнгө нь 1.835.000 төгрөг болж байгаа юм. Зараад олсон бүх мөнгөн дээр өөрөөсөө нэмж мөнгө өгсөн тул одоо нэмж өгмөөргүй байна...” гэсэн бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний тооцоогоор 1.655.000 төгрөг үлдсэн...” гэж маргажээ. 
Зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд талууд эм ямаа 373, эр ямаа 110, хонь 22 авсан гэж малын тооны хувьд санал нийлсэн, малын үнээс 17.200.000 төгрөгийг авсан гэдэг дээр маргахгүй байх бөгөөд малын үнийг бууруулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжилж байгаа үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний хариилцаа үүссэн байх тул малын үнийн үлдэгдэл 1.800.000 төгрөгийг хариуцагч Д.Э-с гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с малын үнийн үлдэгдэл 1.800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар малын үнийн үлдэгдэл 1.800.000 төгрөгийг хариуцагч Д.Э-с гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с малын үнийн үлдэгдэл 1.800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ