Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0355

 

 

 

 

         “И *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “И *******” ХХК

Хариуцагч: Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0948/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И *******” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийдвэрээр: 

2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И *******” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгчийн зүгээс "Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11/7280 дугаар маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл “Т*******” ХХК-иас зарласан тендер шалгаруулалтын ТТХХК/202301095 дугаар барьцалдуулагч тендерийн Багц 3-ын үнэлгээг хийх, алдааг залруулж тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхээр хүчингүй болсон актын үр дагаврыг арилгуулах зорилгоор гаргасан.

Нэхэмжлэгч “И *******” ХХК нь уг тендерт “С*******” ХХК-тай хамтарч  түншлэлээр оролцсон. Сангийн яаманд үнэлгээг буруу хийсэн захиалагчийн шийдвэрийг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч "И *******" ХХК-ийг буруу үнэлсэн байгааг тогтоож, харин түншлэлийн гишүүн “С*******” ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахимаар авч илгээгүй гэх үндэслэлээр татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс илгээсэн гэдгийг лавлагаа авч нотлох баримтаар гаргаж судлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл “И *******” ХХК-ийн тендерээс бүхэлд нь татгалзаж шийдвэрлэсэн үндэслэл нь худалдан авах ажиллагааны системтэй холбоотойгоор хасагдсан байх бөгөөд хэрэв зөрчлийг арилгуулж дахин үнэлгээ хийсэн тохиолдолд оролцсон багцын тендерийн үндсэн шаардлагыг хангаж тендерт шалгарах бүрэн боломжтой юм.

“Т*******” ХХК-ийн нотлох баримтаар гаргасан асуудалд хууль зүйн үр дагавар үүсгэж захиалагчийн зүгээс хариуцлагатай хандах байтал тендерт оролцогчийн хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т зааснаар “хуульд үндэслэх”, 4.2.4-т зааснаар “үр нөлөөтэй байх” зарчмыг алдагдуулсан шийдвэр гарсанд гомдолтой байна.

Тодруулбал шийдвэрийн гуравдугаарт хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл, 3.2.2-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А******* "...түүнчлэн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэсэн байх ёстой байдаг. Хэрэв сэргэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөл хангагдахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхгүй байх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байдаг. Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 11/7280 дугаар албан бичгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн албан бичгийг хүчингүй болгоход нэхэмжлэгч этгээд тендерт шалгарсан гэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч этгээдтэй гэрээ байгуулах үндэслэл болохгүй..." гэсэн байх бөгөөд энэ маргаан бүхий захиргааны акт буюу захиалагч болон тендерт оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэрийн үндэслэлийг хууль зүйн талаас нь тайлбарлаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.

 “Т*******” ХХК нь тухайн тендерийн бүх оролцогчоос татгалзаж шийдвэрлэж ямар нэг гэрээ байгуулсан баримтыг шаардахад нотлох баримт ирүүлээгүй. Гэтэл "И *******" ХХК-ийн түншлэлийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг шаардах” гэх хуулийн заалт байсаар байхад хэрэгжүүлэхгүй “И *******” ХХК-ийн тендер оролцогчийг шаардлага хангасан зөрчлийг арилгаагүйд нэхэмжлэл гаргасан.

Үр дагавар үүсэх боломжтой, өөрөөр хэлбэл үнэлгээ буруу хийгдсэн дахин үнэлгээг хийж уг хуулийн 26.9-т заасны дагуу тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно. Тендерт оролцогч шүүхийн төрөлжсөн архив болон шийдвэр гүйцэтгэлийн бичгийг хуурамчаар хийхгүй нь ойлгомжтой.

"И *******” ХХК нь цахим тодорхойлолт авсан гэдэг нотлох баримтаа өгсөөр байхад захиалагчийн хууль зөрчсөн, хуулийг биелүүлээгүй үйлдэлд хариуцлагатай хандаагүйг уг Сангийн яамны шийдвэр нотлох юм. Сангийн яамны шийдвэр хүчингүй болсноор "И *******” ХХК-ийн гомдлыг бүрэн шийдвэрлэж захиалагчаас зөрчлийг арилгахыг шаардахад "И *******” ХХК нь гэрээ байгуулагдаагүй тендерт шалгарч, гэрээ байгуулж захиргааны байгууллагын шийдвэр үр нөлөөтэй байх зарчим хэрэгжих бүрэн боломжтой юм.

"Т*******” ХХК-иас тендер нээсэн өдөр эхний үнэлгээ хийгээгүй болохыг анхаарч үзээгүй байна. Тендерийн нээлт 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр болсон бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан, үүнийг өмгөөлөгчийн зүгээс тайлбар болон нотлох баримтаар шинжлэн судлуулсан бөгөөд уг асуудалд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар болон татгалзал гаргаагүй.

Эцэст нь өмгөөлөгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“Т*******” ХХК-иас зарласан ТТТХХК/202301095 дугаар “Барьцалдуулагч худалдан авах” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулах 3 багц бүхий цахим тендерт нийт 28 компани оролцсоноос Үнэлгээний хорооны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 414/3 дугаар зөвлөмжөөр шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзахдаа нэхэмжлэгчийн түншлэгч “С*******” ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлээгүй, мөн түншлэлийн санал болгосон итгэмжлэгдсэн лабораторийн элементийн болон эрдэсийн шинжилгээнд кальцийн исэлийн хэмжээ байхгүй гэж дүгнэсэн, улмаар захиалагч “Т*******” ХХК-иас энэ болон уг тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй талаарх 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1668 дугаар мэдэгдлийг “И *******” ХХК-д хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан тухай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 дугаар албан бичигт “...“И *******” ХХК, “С*******” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн Ханлаб итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/1430 дугаар шинжилгээний дээжийн дүнд СаО элэментийн хэмжээг 5.11 хувь гэж байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 7-д заасан “Дээжийг итгэмжлэгдсэн лабораторид элементийн болон эрдсийн шинжилгээ хийлгэсэн байх. Хүхэр бууруулагч болох Кальцийн исэл (CaO) 5 хувиас доошгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй, харин худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн түншлэгч “С*******” ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ирүүлээгүй байх тул захиалагчаас тухайн тендерийг тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн нь үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага …гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ…” гэж заасны дагуу Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянахдаа ийнхүү эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл тендерээс татгалзсан үнэлгээний зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн байх тул нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн дээрх хариуг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд нэгэнт Сангийн яамнаас гомдлыг нь хангаагүй тохиолдолд Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэртэй маргах эрх нь уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар нээлттэй байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй, иймд Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан зөвлөмж хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд Сангийн яамтай маргасан эсэхээс үл хамаарч, магадгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч давж заалдах гомдолд дурдсанчилан “И *******” ХХК-д тендерт шалгарч гэрээ байгуулагдах үр дагавар огт үүсэхгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулахгүй Сангийн яамны албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах тул түүний хууль зүйн үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт дүгнэх ч шаардлагагүй болно.

Харин “шаардлага хангаагүй” гэсэн Үнэлгээний хорооны зөвлөмжөөс Сангийн яамны үндэслэлтэй гэж үзсэн хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч маргасан тохиолдолд сая түншлэгч “С*******” ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг тухайн үед цахимаар  хүргүүлээгүй нь давж заалдах гомдолд дурдсанчлан худалдан авах ажиллагааны системээс шалтгаалсан эсэх, энэ нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад тендерт шалгаруулахгүй байх үндэслэл болох эсэхэд тус тус дүгнэлт өгөх учиртай.

Иймд нэгэнт харьяаллын биш, захиргааны актад хамаарахгүй “Гомдол хянасан тухай” албан бичгийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасантай нийцээгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.“И *******” ХХК-иас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/7280 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “...захиалагч болон үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн багц 3-ын үнэлгээг дахин хийж, “И *******” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай маргахгүй” гэдгээ илэрхийлж, харин дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа “Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгон, дахин үнэлгээ хийлгэх шийдвэр гаргуулах” гэж, 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиалагчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” гэж тус тус тодруулсан боловч “…урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгснийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй…” гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж шийдвэрлэсэн талаар шүүгч тайлбарласан нь, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохоо илэрхийлж, эцсийн байдлаар анхны гаргасан буюу “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаа дэмжсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тус тус тусгагдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И *******” ХХК-иас гаргасан “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 113.2-т заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш  таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                  

 

 

                        ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН