Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 121А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Б.Цэгмид,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэг,

гэрч Т.Саруул-Эрдэнэ,

шинжээч эмч Ө.Сарангэрэл,

шүүгдэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1001)  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол овогт Дархижавын Наранбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011071 дугаартай 2 хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Дархижавын Наранбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2-13 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 66 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХЗ76013076.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66-03 тоот хашаанд байх гэртээ хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй, ажил хийж авчирсан мөнгөөр өдөржин архи ууж агсам тавилаа гэсэн шалтгааны улмаас эхнэр Ш.Одонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ш.Одонцэцэгийн шанаан тус газар гараараа цохиж унаган толгойг төмөр саваар цохих зэргээр зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 27-28-ны шилжин шөнө би Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос шөнийн 01 цагт гэртээ ирэхэд эхнэр согтуу байсан. Би хоолоо хийж идчихээд унтсан. ...өглөө босоход эхнэр согтуу, тал шил архитай сууж байсан, түүнийг нь эхнэртэйгээ хувааж уусан. Тэгээд эхнэр 11 цагийн үед гадагшаа гараад 0.5 литрийн архи авч ирэхээр нь  хувааж уучихаад эхнэр маань согтохоор нь толгойг нь угаачихаад би ажилдаа явсан. Тэгээд 18 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр бас согтуу...тал шил архиа надаас нэхсэн. Би гадна хураалттай байсан эсгийн дотроос өдөр ууж байсан архийг авч ирж ширээн дээрээ тавьсан. Хүүхдүүд надаас хоол унд нэхээд байсан. ...Би эхнэртээ хоол хийгээд өг гэхэд надаас архи л нэхээд ...намайг доромжлоод байхаар нь би эхнэрээ нэг алгадсан. Алгадсаны дараа эргэж над руу дайрахаар нь би цэвэрлэж байсан кострулаараа толгойд нь нэг л удаа цохиход эхнэр толгойгоо бариад суусан Тэр үед гаднаас Номин, Баасандамба 2 орж ирсэн. ...би эгч чинь согтуу байна, толгойг нь угааж цэвэрлэхгүй яасан юм бэ, 2, 3 хоног архи уусан байна шүү дээр гэхэд тэр хоёр гараад явсан. Би ширээн дээр байсан тал шил архийг өвөртлөөд...дэлгүүр орж 2 лааз пиво авчихаад булаатай дугуйн дээр сууж байхад доороос манай 2 хүүхэд ирж байсан. ...тамхи татчихаад араас нь 2 минутын дараа гэртээ ороход эхнэр орны хажуу талд дээш хараад хэвтэж байсан. Тэгээд би орон дээр өргөөд тавих гэхэд толгойноос нь цус гарсан байсан. Толгойг нь угааж цэвэрлэхэд сэрэхгүй хурхираад байх шиг байсан. Би унтаж байна л гэж бодсон...Уянгаагаар түргэн дуудуулсан. Эмч ирээд эхнэр чинь шоконд орсон байна, чи цохисон юм уу гэж асууж байсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Оршуулгын зардал баримтаар 4.554.390 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хүүхдүүдийнхээ дэргэд ээжийг нь зодож алчихаад яагаад сайн аав болно, хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна гэж байгааг эсэргүүцэж байна. Наранбаатарыг эцэг байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг.

            Гэрч Т.Саруул-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:            Шүүгдэгч миний нагац ах, талийгаач миний авга эгч. Хамгийн анхны шүүх хуралдаан дууссаны дараа намайг эмнэлэгт хэвтэж байхад над дээр Наранбаатар ахын хамгийн том ахынх нь бэр болох Аюуш гэдэг эгч ирсэн. Манай хадам ээжтэй ажлынх нь газрын хүн нь талийгаач дүүдээ зодуулаад толгойн ар дагз хэсэгтээ бэртэл авсан гээд ярилцаж байсан талаар Аюуш эгчид хэлсэн. Дараа нь Аюуш эгч өмгөөлөгчтэйгөө ирээд гэрийг нь заагаад өгөөч гэхээр нь зааж өгсөн. ...Тархиных нь хойно хайчаар цохьсон гэж ярьсан гэсэн. Хэн цохисон талаар яриагүй, Одмаа гэх хүн цохисон байж магадгүй гэж хэлсэн гэсэн. ...Наранбаатар ахыг хөдөө явсан хойгуур гэж ярьж байсан. Хадам ээжтэй ярьсан хүн 3 дугаар эмнэлэгт үйлчлэгч хийдэг, нэрийг нь мэдэхгүй, гэрийг нь мэднэ.  Наранбаатарын гэрээс 200 метрийн зайтай байдаг... гэх мэдүүлэг.

            Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...8 цаг болсон цусан хураа байгаа юм. ...Тархины гэмтэл нь нэг удаагийн том талбайтай зүйлээр цохиход үүсэх боломжтой гэмтэл байсан. Гэмтэл аваад 3 хоног болох           боломжгүй. Хуйханд мэс заслын оёдол, баруун чамархайд няцарсан шарх нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байсан. Зулгаралт, мэс заслын шарх байсан. Зүсэгдсэн шарх байгаагүй. Тархи хүчилтөрөгчгүй болохоор хавагнана. Гэмтэл авсан хүн хурхираад унтаж байгаа мэт комын байдалд ордог. Энэ гэмтэл тархмал, их хэмжээний гэмтэл байгаа. Энгийн хүн хараад унтаж байна гэж харж болдог. ...Гэмтэл дээр ирээд шинэ шарханд шинэ оёдол тавьсан байсан. Энэ гэмтлийг авсан хүн бол удаан явахгүй гэх мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Саруул-Эрдэнэ Огтбиш рүү залгаж  Одонцэцэг эгчийн бие муудаад эмнэлэг авч явах гэж байна гэж хэлсэн гэхээр нь би гэмтлийн эмнэлэгт очиход найдваргүй гээд хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд хагалгаанд оруулахад хагалгаагаа даагаагүй нас барсан. Наранбаатар нь үнэхээр хэцүү хүн ба байнга архи ууж дүүг минь зоддог байсан. 2015 оны өвөл миний нүдэн дээр зодоход би салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

2. Гэрч С.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч яваад Одонцэцэгтэй таарахад 4-5 орчим насны болон 2 ой хүрч байгаа хоёр хүүхдийг хөтөлчихсөн явсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

3. Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 10-11 цагийн үед талийгаач надад хадгалуулсан байсан 10.000 төгрөгөө гурван хүүхэдтэйгээ ирж аваад гарсан. ...орой 10 цагийн үед гурван хүүхэд нь орж ирээд манай дүүд эгчээ манай ээж унтаад байгаа нь мэдэгдэхгүй байна, түргэн дуудаад өгөөч гэж байсан. ...Талийгаач ихэвчлэн ах, дүү нартайгаа нийлж архи уудаг байсан. ...Нөхөр нь талийгаачийг архи уухаараа зоддог юм шиг байна лээ. Байсхийгээд л хүүхдүүд нь аав ээжийг зодоод байна гэж орж ирдэг. Талийгаач өөрөө Наагий намайг зодоод байна гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

4. Гэрч Т.Саруул-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Наранбаатарын гэрт 13-14 цагийн хооронд очиход Наранбаатар, Одонцэцэг нар 2 бага хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. Наранбаатар ах 2 хүүхдээ усанд оруулаад, талийгаач орон дээр согтуу хэвтэж байсан.  Гэрт нь 1 шил 0,75 граммын архи байсан. Тэр архийг Одонцэцэг эгч надад хандаад эгчдээ архи хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд Наранбаатар ах яах гээд байгаа юм, одоо уухгүй, толгой тархиа угаа гэж хэлж байсан. Тэгтэл талийгаач тэр архийг нэхсээр байгаад 1 аяганд хийж уусан. Тэгээд би удаагүй 14 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. ...Орой 22 цагийн үед дүү Номин над дээр ирээд Одонцэцэг эгч цус болчихсон гэртээ хэвтэж байна гэхээр нь би Огтбиш ах руу утсаар залгаад Одонцэцэг эгч нөхөртөө зодуулчихсан юм шиг байна гээд би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгөхөд цагдаа эгчийг чинь гэмтлийн эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Намайг өдөр Наранбаатарын гэрт ороход Одонцэцэг эгчийн толгой, нүүр, биеийн бусад хэсэгт нь ямар нэг гэмтэл шарх ажиглагдаагүй. Архи уучихсан байсан. Наранбаатар, Одонцэцэг нар архи уухгүй үедээ гайгүй байдаг. Одонцэцэг Наранбаатарын үлдээсэн мөнгөөр нь архи уугаад нөхөр нь ирэх үед согтуу байдаг байсан. Ийм шалтгаанаар маргалдсан байх гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

5. Гэрч М.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Наранбаатар ахынд ороход Одонцэцэг эгч орон дээрээ хүү Зоригтбаатар, охин Мөнхжин нарын хамт унтаж байсан. Намайг ороход Зоригтбаатар сэрэхээр нь Наранбаатар ахыг асуухад найзуудтайгаа гараад явсан гэсэн. Намайг орсноос хойш 20 орчим минут болоход гаднаас Наранбаатар ах орж ирээд ажлынхаа хэдэн хүмүүстэй яваад ирлээ, ажлын хүн хөнжил өгсөн гээд хөнжил барьсан байсан. Тэгэхэд Одонцэцэг эгч сэрсэн ба Наранбаатар ах хөгшин нь хоол хийгээд өгье, хөнжил угаачих  гэж хэлсэн. Наранбаатар ах гаднаас орж ирэхдээ халамцуу байсан. Одонцэцэг эгч ч унтаад сэрэхдээ архи уучихсан бололтой байсан. Тэгээд би гарах гэхэд Одонцэцэг эгч намайг хөлөөрөө өшиглөөд миний дүү байж бай, энэ намайг зодно ш дээ гэхээр нь миний хажууд хэрэлдээгүй учир зодно гэж бодолгүй явчихаад эргээд ирье гээд явсан... Орой 22 цаг өнгөрч байхад Саруул-Эрдэнэ эгчийнх рүү явах замдаа Наранбаатар ахынхаар ороход Одонцэцэг эгч өмнө нь унтаж байсан орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Одбаатар ээжийнхээ хажууд зогсож байхаар нь...ээж чинь яасан юм гэхэд аав ээжийг зодоод ээж үхчихсэн юм шиг байна, амьсгалахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Одонцэцэг эгчээ гээд араас нь сэрээх маягаар хүрэхэд эгч хурхираад байсан. Би унтаж байна гэж бодоод гарах гээд эргэхэд Одонцэцэг эгчийн толгойн доод хэсэгт түмпэнд цустай ус байхаар нь яасан юм бэ гэж Одбаатараас асуухад аав ээжийн толгойг хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Наранбаатар ах руу та толгойг нь хагалаад зодсон юм уу гэхэд чамд хамаагүй, гар гэж хөөхөөр нь гараад явсан. Саруул-Эрдэнэ эгчийнд очоод Одонцэцэг эгчийг Наагий ах зодсон байна, толгой нь хагараад цус гарсан байна гэхэд Саруул-Эрдэнэ эгч 102-т залгаж дуудлага өгөхөд тэр хүнийг чинь гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байгаа, яаралтай оч гэсэн.

Намайг өдөр тэднийд ороход Одонцэцэг эгч...архи уусан байдалтай унтаж байсан. Тэгээд удалгүй гаднаас Наранбаатар ах орж ирэхдээ архи уучихсан бололтой орж ирсэн. Наранбаатар жаахан сууж байгаад гэрээс гараад орж ирэхдээ тал шил архи аваад орж ирсэн. Тэрээр Одонцэцэг эгчтэй чинь ууж байсан архиныхаа талыг нуучихсан байсан юм аа гэж байсан.

Тэр хоёр тийм ч сайхан амьдарч байгаагүй. Наранбаатар ахыг ажил хийгээд ирэхэд Одонцэцэг эгч хааяа архи уучихна, эсхүл хоёулаа нийлээд ууна. Уучихсан үедээ хоорондоо муудалцаад Наранбаатар зодож нүдээд байдаг байсан. Наранбаатар ах эрүүлдээ гайгүй, зан харьцаа сайтай, уучихсан үедээ агсан зантай болчихдог. Юунаас болдогийг нь мэдэхгүй хааяа Одонцэцэг эгчийн...нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

6. Насанд хүрээгүй гэрч Н.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутад дүү Одбаатартай хамт хичээлдээ явахад гэрт аав, ээж, дүү нар үлдсэн ба ээж гараашийн дэлгүүрээс 1 шил том архи авчираад аав, ээж хоёр уугаад үлдсэн. Намайг хичээлдээ явахад ээжийн нүүр, ам зүгээр, толгойноос нь цус гараагүй байсан. Орой 18 цагт хичээлээ тараад дүү Одбаатарын...эцэг, эхийн хуралд суугаад 19 цаг 30 минутад тарсан. Тэгээд гэр рүүгээ явах замд аав дэлгүүрийн наашаа явах замд өөдөөс согтуу алхаж ирж байсан. Аав надтай зөрөхдөө ээжийгээ битгий сэрээгээрэй, сэрвэл чамайг зодож магадгүй шүү гэж хэлсэн. Аав надтай зөрөхдөө дээгүүрээ ногоон өнгийн хослол, саарал дуу өнгийн гутал, хар өнгийн саравчтай малгайтай явж байсан. Аав цамцныхаа нийлдэг халаасанд шилтэй архи хийсэн явж байсан. Тэгээд дүү бид хоёр гэртээ 19 цаг 50 минутын үед ирэхэд ээж газар ухаангүй хурхираад байсан...Нүүр ам нь хавдсан юм шиг, үс нь задгай, толгойноос нь цус дуслаад байсан. Удалгүй 5 минутын дараа аав орж ирээд халаасанд байсан архиа уугаад бие засах гээд гарсан хойгуур нь ах Баасандамба, эгч Халиун нар орж ирээд ээж чинь яасан юм гэж асуухаар нь аав унтаж байгаа гэсэн, сэрээвэл чамайг зодож магадгүй гэж хэлсэн гэхэд аав гаднаас орж ирсэн. Би 21 цаг болж байхад ааваас эмнэлэг дуудах уу гэж асуухад аав шалгаадахъя гээд нүүр, ам, толгойг нь барьж үзээд за за дууд гэхээр нь Энхриймаа эгчээр түргэн дуудуулсан. Манай гэрийн том төмөр түмпэн цус болсон байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

7. Насанд хүрээгүй гэрч М.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Наранбаатар ахын гэрээр 20 цаг арай болоогүй байхад ороход том охин Уянга 3 дүүтэйгээ байсан. Талийгаач орныхоо хажууд газар хажуу тийшээ харсан унтаж байгаа юм шиг хэвтэж байхаар нь согтуу юм байна гэж бодсон. Тэгээд Уянгааг ээжийг босгооч гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Наранбаатар ах орж ирээд ахын дүү хичээлээ тараад явж байгаа юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлээд гарч гэртээ орсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

8. Насанд хүрээгүй гэрч М.Баасандамбын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг болох гэж байхад Наранбаатар ахынд дүү Халиунаагийн хамт очиход Одонцэцэг баруун талынхаа орны урд газар дээшээ харсан хэвтэж байсан. ...Наранбаатар ах бид хоёрыг орж ирсэнээс хойш 2-3 минутын дараа...гаднаас...орж ирээд орон дээр суусан. Халиунаа бид хоёр Наранбаатар ахыг орж ирсэнээс хойш 1 орчим минут болоод зөрөөд гарч харьсан. Одонцэцэг эгчийн уруул сэтэрсэн, толгойтой үс нь норсон нойтон байсан. Орой 22 цагийн үед Номин эгчтэйгээ Саруул-Эрдэнэ эгчийнд очих замдаа дахиад Наранбаатар ахын гэрт орсон чинь Одонцэцэг эгч орон дээр дээшээ харсан хурхираад хэвтэж байсан. Тэгтэл Наранбаатар ахын хүү 6 настай Одбаатар ээжийгээ дуудаад зулгаагаад байж байсан. Одонцэцэг эгч сэрэхгүй байсан.

2016 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд би тэдний гэрт ороход Одонцэцэгийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...Тэр 2 хоёулаа архи уугаад хоорондоо маргалдаж зодолддог байсан. ...Гэрт нь очихоор Наранбаатар зодсон гээд Одонцэцэг эгчийн нүд, ам хөхөрсөн байдаг байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 54 дахь тал),

9. Гэрч Г.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гарааш дээр ирэхэд Наранбаатар ирсэн байсан ба машины муфт сольж өгсөн. Эзэн нь 2 том пиво авч өгөхөөр нь хувааж уугаад 18 цагийн үед Уламбаяр машин бариад Наранбаатарыг гэрийнх нь гадаа буулгасан. Тухайн үед айхтар согтоогүй байсан. ...Манай ажлын хүмүүс миний бүтэн нэрийг сайн мэдэхгүй андуурч Эрдэнэтөгс гэдгийг Төгсбаяр гэж хэлсэн байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

10. Гэрч Б.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед машины муфт солиулсан эзэн нь 2 том пиво авч өгсөнөөс Төгсбаяр (Эрдэнэтөгс), Наранбаатар нар хувааж уугаад, би машин бариад Наранбаатарыг 18 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэн өгсөн. ...Наранбаатар нь гэр бүлээ ганцаараа тэжээдэг, орой харихад нь нүүрс, түлээг нь дөхүүлж өгдөг байсан. Эхнэр нь ажил хийхгүй, байнга л архидаж байдаг. Би 2-3 удаа гэрт нь очиж мөнгө өгч байхад эхнэр нь шууд архи аваад уучихаж байсан. Наранбаатар өмнө нь ганц хоёр удаа эхнэрээсээ салчихлаа гэж байсан ба эхнэр нь мөнгөтэй болохоор нь мөнгийг нь авч яваад дуусахаар нь хүрч ирдэг гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

11. Гэрч Н.Баттуулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 23:55 цагт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 66-03 тоотод дуудлаганд очоод задгай гэр рүү дуудлага өгсөн үү гэхэд гэр дотроос хаалгаа тайлаагүй. Наранбаатар дуудлага өгөөгүй гэхээр нь танайх дуудлага өгсөн байна ш дээ гэхэд Наранбаатар одоо зүгээр болсон, унтаж байгаа гэхээр нь буцаад дараагийн дуудлагадаа явахаар машиндаа суутал араас нь охин нь /Уянга/ гүйж ирээд ээжийг үзээд өгөөч гэж гуйхаар нь орж үзтэл хохирогч баруун талын орон дээр хэвтэж байсан ба ухаангүй, 2 хүүхэн хараа нь жигд нарийссан, эвэрлэгийн рефлекс сул, биеийг нь цэвэрлэж, нойтон алчуураар арчсан, өмссөн хувцас, гар, нүүр нь чийглэг байсан. Тэгээд...ГССҮТ-д хүргэж ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

12. Түргэн тусламжийн дуудлагын № MCHD19052142 ...Бодит үзлэг:...Толгойн баруун чамархай хэсэгт 2 см язарсан шархтай, толгойн духны хэсэг хавдсан, амнаас цус гоожсон байдалтай байсан... (хавтаст хэргийн 60 дахь тал),

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3864 дүгээр шинжээчийн дүгнэлт:

...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106, 107),

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3866 дугаар шинжээчийн дүгнэлт:

...1. Хэргийн газраас хураан авсан гэх саарал өнгийн металл сав /түмпэн/, хар өнгийн бариултай саарал өнгийн металл сав /кастрюли/, ягаан өнгийн цэцэгтэй гудасны углаа даавуу зэрэгт цус илэрч байна. ...илэрсэн цус нь хүний цус мөн байна.

2. Хэргийн газраас хураан авсан гэх саарал өнгийн металл сав /түмпэн/, хар өнгийн бариултай саарал өнгийн металл сав /кастрюли/, ягаан өнгийн цэцэгтэй гудасны углаа даавуу зэрэгт цус нь...эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой байна. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101, 102),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийнх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3863 дугаар шинжээчийн дүгнэлт:

...Үзлэг болон шинжилгээний явц:...илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн...локусын аллелиар тогтоон шинжлэхэд...эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов...ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бэлтгэлийн өмд, цагаан саарал өнгийн футболканд цус илэрч байна...

2. ...Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн...локусын аллелиар тогтоов. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115, 116),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3007 дугаар шинжээчийн дүгнэлт:

...1.Шинжилгээнд ирүүлсэн бараан ногоон өнгийн өмдөнд 210 мм, 230 мм-ийн хэмжээтэй ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Ханзарсан уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсаныг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 112-114),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 826 дугаар актад:

Гадна үзлэг: ...Хамрын нуруу баруун тийш хуучин мурийлттай,  ...духны урд хэсгээр жижиг жижиг хүрэн зулгаралттай, ...хамрын нуруунд 2х3 см хүрэн цус хуралттай, доод уруулын дотор салстад мэс заслын оёдолтой хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт бүхий шархтай. Зүүн хацарт 4х4 см хүрэн, зүүн мөрөнд 2х2 см хөх, зүүн шилбэний өмнөд дээд дунд хэсэгт 4х4 см, 4х2 см, 4х3 см, 3х2 см, 3х1 см хүрэн цус хуралттай.

...Дотор эрхтэний шинжилгээ: Толгойн хуйхны дотор талд дух зулайн хуйханд 9х4 см хүрэн улаан цус хуралттай. Баруун чамархайн хуйханд 8х7 см хүрэн улаан цус хуралттай. Гавлын орой зулай хэсгийн шар хальсанд 3х3 см нимгэн хүрэн улаан цус хуралттай.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: Гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа. /2016.04.29-ний хатуу бүрхүүл доорх 180-200 мл цусан хурааг авсан хагалгааны  дараах байдал/, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх.

2. Тархины хаван, дарагдал, зөөлрөл үхжил.

3. Нүүр мөчдөд цус хуралт зулгаралт, уруулд няцарсан шарх ДҮГНЭЛТ:

1. 2. 3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх, нүүр, мөчдөд цус хуралт, уруулд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. 6. Гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралт, уруулын няцралсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж дарагдаж үхжиж нас баржээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-92 дахь тал),

18. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн биед учирсан гавал тархины баруун зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цусан харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шарх, нүүр, мөчдөд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл нь 1-с дээш удаагийн хатуу мохоо зүйлийн цохих үед үүснэ. Хоолны саваар цохих үед үүсэх боломжтой. Талийгаач 03:50 цагт хагалгаанд ороход маш их хэмжээний цусан хураа толгойд үүссэн байсныг авсан байсан. Тэгэхээр маш хурдан хугацаанд их хэмжээтэй цус хурсан нь амь насыг аврах боломж багатай байсан. Тархийг 50 мл цус дарсан тохиолдолд тархи хавагнан, тархийг дарах боломжтой ба 180-200 мл цусан хураа нь тархинд шууд үхжиж зөөлрүүлсэн үхэлд хүргэсэн байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

 

19. Шүүгдэгч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагт босоход эхнэр маань архи уучихсан согтуу байхаар нь би үлдсэн архиа гаргаад ир гэж нэхэж байгаад тал шил архийг нь гаргуулаад хамт уусан. Манай эхнэр 11 цагийн үед дэлгүүр явж 0.75 граммын 1 шил архи авч ирээд бид хоёр ахиж хувааж уугаад манай эхнэр согтсон. Би согтохоор нь толгойг нь угаагаад 14 цагийн үед ажилдаа яваад 18 цаг өнгөрч байхад ирсэн. Би өдөр гэрээс гарахдаа тал шил архийг нь нуучихсан байсан чинь тэр архиа нэхээд элдвээр хэлсэн. Мөн хүүхэддээ хоол хийж өгөөгүй согтуу байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад эхнэр...Одонцэцэгийг 19 цагийн үед...гараараа баруун шанаа руу нь нэг удаа шанаадаж унагаагаад, газар унасан байхад нь гуя...цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд хоолны төмөр кострул аваад толгой руу нь цохьсон байх, толгойноос нь цус гарсан. Тэгээд би гэрээсээ...тал шил архийг нь 1-2 балгаад кармандаа хийж авч гудамж руу гараад доошоо алхаад явж байхад охин Уянга, хүү Одбаатар хоёртой тааралдсан. Миний охин дүүгээ аваад харьж бай, аав нь одоо ингээд араас нь очноо гэж хэлээд гудамжинд жаахан сууж байгаад тамхи татаад араас нь гэртээ ортол авгай шалан дээр үүд рүү харсан хэвтэж байсан. Нэг мэдсэн Баасандамба, Халиунаа...хоёр орж ирээд надтай юм яриагүй, удаагүй буцаад гараад явсан. Тэгээд би Одонцэцэгийн толгойноос цус гарчихсан байхаар нь юм угаадаг түмпэн тосч байгаад толгойг нь угаагаад, орон дээр гаргаж тавиад, цээжийг нь арчсан сэрэхгүй байхаар нь тасраад унтсан юм байлгүй гэж бодсон. Толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. ...Тухайн үед эхнэр маань хурхирч байхаар нь унтаж байна гэж бодсон. Би хоёр бага хүүхдтэйгээ...тоглож байтал түргэний эмч орж ирэхэд нь түргэний эмчид үзүүлсэн чинь хүнд байна ш дээ гэж хэлэхээр нь хамт түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэг ороод хэвтүүлсэн. Намайг цагдаа нар...үлээдэг юмаар үлээлгэхэд 0.95 хувь гэсэн тоо гарч байсан. Эхнэрийг зодох болсон шалтгаан нь намайг хөдөө явсан хойгуур хүүхдийн мөнгө аваад архи уучихсан байсан. Өмнөх өдөр нь 01 цагт ирэхэд согтуу байсан. ...Тухайн үед эхнэр маань гэмтэл бэртэлгүй эрүүл байсан. Би эхнэрээ зодож байхад манай хоёр бага хүүхэд байсан. ...Би ажлаасаа бууж орж ирэхэд эхнэр архи нэхээд, тэгээд бид хоёр маргалдаад тал шил архи нэхэхээр нь би өгөөгүй. (хавтаст хэргийн 151-153 дахь тал)

...Тэр үед хоол ундаа хийгээгүй, над руу агсараад мөнгө төгрөг авчраагүй, чи Сэлэнгэ яваагүй худлаа ярьсан байна, хаагуур янхандаад ирдэг юм гээд дайрсан. Тэгэхээр нь толгой руу нь хоолны бариултай төмөр саваар нэг удаа цохьсон. Тэгээд толгойгоо бариад суухаар нь гараад явчихсан. Гарч яваад...Уянгаа, Одбаатар хоёртой тааралдсан, хичээл тараад ирж явсан. Би Уянга, Одбаатар хоёрыг хариад байж бай, ээж чинь унтаж байгаа байх, битгий сэрээгээрэй гэж хэлээд явуулсан. Араас нь 10-20 минутын дараа 19 цаг өнгөрч байхад гэртээ ортол орныхоо хажууд эхнэр маань газар хэвтчихсэн байсан. Би өргөөд орон дээр тавихад толгойноос нь цус гарчихсан байсан. Би нүүр гарын алчуур норгоод толгойг нь арчаад, цээжийг нь арчаад орон дээр хэвтүүлсэн. Тэр үед гаднаас Баасандамба, Номиука хоёр орж ирээд Одонцэцэг эгч яасан юм бэ гэж асуусан. Би эгч нь согтуу байнаа гэж хэлсэн чинь тэр хоёр гараад явсан. ...Хоёр хүүхдэд хоол унд хийгээгүй, архи уучихсан, орж ирэхэд архи нэхээд, хөдөө явсан гэж худлаа ярьлаа гээд агсарч дайрахаар нь хоолны төмөр төмпөнгөөр толгой руу нь нэг удаа цохисон. ...Хөдөө явахын өмнө 3 хоногийн өмнө зодолдсон. Бас л архины гэр бүлийн маргаанаас болсон. Сүүлийн үед эхнэр байнга архи ууж байгаа. Архи их уудаг, мөнгө л олдвол уучихдаг  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал),

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3073 дугаар дүгнэлт:

...1.Шинжилгээнд сэжигтэн Д.Наранбаатарын өмсөж явсан гэх хар, цагаан, цэнхэр судалтай цамцанд ханзарсан уранхай шинээр, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд товчны тасралт шинээр...гарсан байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 95-98)

21. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: 2016 оны 4 дүгээр сарын 29-нд өглөө 9 цагт сэрэхэд эхнэр согтуу байсан. Тэгээд би 11 цаг хүртэл хүүхдүүдээ усанд оруулчихаад ажил руугаа явсан. 18 цагийн үед гэртээ ирэхэд бас согтуу байсан. Надаас архи нэхээд бид маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад төмөр аваад эхнэрийнхээ толгой руу цохьсон. Тэгтэл эхнэр муужраад унасан. Тэгээд би гараад явсан. Тэгээд дэлгүүр орж 2 пиво авч уугаад эргээд гэртээ орж ирэхэд эхнэр орны урд унтаж байсан. Тэгээд өргөөд тавихад толгойноос нь цус гарч байсан.  Тэгээд толгойны цусыг нь угаасан...ДҮГНЭЛТ:

1. Д.Наранбаатар нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

4. Д.Наранбаатар нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Наранбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118, 119),

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-10),  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-19), цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-22), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 24, 25), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 6), илтгэх хуудас (хавтаст хэргийн 31), албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 171-173),

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 179), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 182), нас барсаны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 183), Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх (хавтаст хэргийн 122-133), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа (хавтаст хэргийн 163, 166, 168, 169), Хүүхэд асруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж (хавтаст хэргийн 158), хүүхдүүдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 160, 162),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 177), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 199), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 170), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 85, 86, 174-176, 186, 189, 192, 194) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66 дугаар гудамжны 03 тоотод гэртээ эхнэр Ш.Одонцэцэгтэй архи нэхэж элдвээр доромжиллоо, хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй гэх хувийн таарамжгүй шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар Ш.Одонцэцэгийн шанаад цохих, гуя, цээжинд өшиглөх зэргээр зодох явцдаа хоол хийх зориулалт бүхий төмөр саваар түүний толгойн тус газар нь цохин бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулан иргэн Ш.Одонцэцэгийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Д.Наранбаатарын ...архиа нэхээд элдвээр хэлсэн. Мөн хүүхэддээ хоол хийж өгөөгүй согтуу байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад эхнэр...Одонцэцэгийг 19 цагийн үед...гараараа баруун шанаа руу нь нэг удаа шанаадаж унагаагаад, газар унасан байхад нь гуя...цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд хоолны төмөр кострул аваад толгой руу нь цохьсон байх, толгойноос нь цус гарсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153 дахь тал),

...толгой руу нь хоолны бариултай төмөр саваар нэг удаа цохьсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 520 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: ...18 цагийн үед гэртээ ирэхэд бас согтуу байсан. Надаас архи нэхээд бид маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад төмөр аваад эхнэрийнхээ толгой руу цохьсон...ДҮГНЭЛТ:

...4. Д.Наранбаатар нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118, 119),

- Гэрч М.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Орой 22 цаг өнгөрч байхад Саруул-Эрдэнэ эгчийнх рүү явах замдаа Наранбаатар ахынхаар ороход Одонцэцэг эгч өмнө нь унтаж байсан орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Одбаатар ээжийнхээ хажууд зогсож байхаар нь...ээж чинь яасан юм гэхэд аав ээжийг зодоод ээж үхчихсэн юм шиг байна, амьсгалахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Одонцэцэг эгчээ гээд араас нь сэрээх маягаар хүрэхэд эгч хурхираад байсан. Би унтаж байна гэж бодоод гарах гээд эргэхэд Одонцэцэг эгчийн толгойн доод хэсэгт түмпэнд цустай ус байхаар нь яасан юм бэ гэж хүү Одбаатараас асуухад аав ээжийн толгойг хагалчихсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 826 дугаар акт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 3864, 3866 3863 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Наранбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Д.Наранбаатарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 170 дахь тал)

Шүүхээс шүүгдэгч Д.Наранбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж мэтгэлцсэн хэдий ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь цочрон давчдаагүй буюу сэтгэцийн хэвийн байдлаа алдаагүй, харин хохирогчтой маргалдан түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож бие махбодид нь гэмтэл учруулж, өөрийн үйлдлээ хянаж хүссэн үр дүндээ хүрсэн байх тул шүүгдэгч Д.Наранбаатарыг цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь энэ хэргийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс (хавтаст хэргийн 134, 136 дахь тал) 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 198 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 4.554.390 төгрөг зарцуулсан (2 дугаар хавтаст хэргийн 68-78) гэж, үүнээс баримттай зардал болох 3.764.490 төгрөгийг (2 дугаар хавтаст хэргийн 68-78) шүүгдэгчээс нэхэмжилсэн. Мөн шүүгдэгч Д.Наранбаатарын ар гэрээс амь хохирогчийн оршуулгын зардалд 600.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 3.764.490 төгрөгөөс шүүгдэгчийн ар гэрээс өгсөн гэх 600.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Д.Наранбаатараас нийт 3.164.490 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Наранбаатарын хүүхдүүд болох 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 13 настай Н.Уянга, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 7 настай Н.Одбаатар, 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 5 настай Н.Зоригтбаатар нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгчийн бага охин болох 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 2 настай (1 дүгээр хавтаст хэргийн 163, 167)  Н.Мөнхжингийн асран хамгаалагчаар амь хохирогчийн төрсөн эгч Ш.Мөнхзул тогтоогдсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлж байх тул Н.Мөнхжингийн асран хамгаалагч томилох асуудлыг шүүх дахин шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнийг  дурдах  нь зүйтэй байна.

                               

Энэ хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан материалтай хоолны сав 1 ширхэг, хар өнгийн хуванцар бариултай төмөр материалтай никель хоолны сав 1 ширхэг, угаах зориулалттай төмөр сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Дархижавын Наранбаатарыг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Наранбаатарын цагдан хоригдсон 198 (нэг зуун ерэн найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Наранбаатараас 3.164.490 (гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэгт олгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан материалтай хоолны сав 1 ширхэг, хар өнгийн бариултай төмөр материалтай хоолны сав 1 ширхэг, угаах зориулалттай төмөр сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Наранбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Наранбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Л.БААТАР

 

                                                                                                Г.ГАНБААТАР