Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 159/ШШ2021/0008

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.*******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.*******

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0176656 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдолтой зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Д.*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Давааравдан, хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: ... Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 дугаар тойрогт Ардчилсан нам-аас нэр дэвшигч Д.******* нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх асуудалд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0176656 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт ... Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... гэсэн хуулийн заалтын дагуу иргэн намайг торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6 ... эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах ... хуулийн зохицуулалттай байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн татварын улсын байцаагч нь миний гомдол гаргах эрхийг хангаагүй. Зөрчлийн хэрэг нээсэн болон ямар хуулиар арга хэмжээ авах гэж байгаа талаар надад мэдэгдэж байгаагүй. Хуульд зааснаар надад ямар нэгэн албан тушаалтнаас дуудсан талаар мэдэгдэх хуудас ирээгүй. Би өнөөдөр ямар зөрчил гаргасан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд хэн гэдэг албан тушаалтны шийдвэрээр хууль зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгааг мэдээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... Холбогдогч дараахь эрхтэй ... 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, 2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, 2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, 2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, 2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах, 2.10.хуульд заасан бусад эрх эдлэхээр хууль тогтоогч тогтоож өгсөн байна. Зүй нь эрх бүхий албан тушаалтан буюу прокурор нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Зөрчилд арга хэмжээ авсан гэх Сэлэнгэ аймгийн татварын газраас арга хэмжээ авсан зөрчлийн хуудас ирээгүй. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* нь Д.******* миний гаргасан гэх зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдээгүй, мэдүүлэг авахаар дуудаагүй атлаа 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0176656 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, надад 10.000.000 төгрөгийн торгуулийг оногдуулсан дээр дурдсан холбогдогч миний Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хөндсөн төдийгүй зөрчил шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, шийтгэл хүлээлгэхээр урьдчилан төлөвлөсөн, хэт нэг талыг барьж шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхэд хүргэж байна.

2.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Захиргааны шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан сонсон ажиллагааг хийх шаардлагатай байна. Сэлэнгэ аймгийн татварын улсын байцаагч нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлогод шилжүүлээгүй гэж зөрчлийн үндэслэлээ тодорхойлсон байна. Эрх бүхий албан тушаалтан нь иргэн намайг хэдэн төгрөгийн сонгуулийн хандивын орлогыг улсад төлөөгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, тухайн мөнгө шилжүүлсэн гэсэн этгээдүүдээс тайлбар авсан эсэх нь энэ зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцуулж холбогдогчоос санал хүсэлтийг нь авах шаардлага хуулиар тавигдсан байна. Надад холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэгт миний бие нь тайлбар мэдүүлэг өгөөгүй болно.

Миний бие шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй гэх зөрчлийг гаргаагүй бөгөөд энэ талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангагдаж чадаагүйн дээр миний нэр дээр нээгдсэн хэрэг болох Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан хэрэг нь үндэслэлгүй болно. Мөн Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* нь шийтгэлийн хуудасны хувийг шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэх тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байх ба 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдсон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн миний бие болох Д.*******д холбогдох 2031000296 дугаартай хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа ахин хэрэг нээж шалган шийдвэр ногдуулсан байдлыг зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хууль бус бөгөөд иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0176656 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагчийн 0176656 дугаар шийтгэлийн хуудсыг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр /фэйсбүүк дэх цахим хаягаар ирүүлсэн боловч одоог хүртэл шуудан болон хаягаар гардан аваагүй байгаа болно/ бөгөөд шийтгэлийн хуудас, албан бичгүүдэд дурдсанаар гардан авснаас хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* би, Монгол Улсын Ерөнхий Аудиторын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуульд 13 дугаар тойрогт Ардчилсан Нам-аас нэр дэвшигч Домбон овогтой ******* нь Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасан хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэх зөрчлийн талаар албан бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутад хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж холбогдох материалыг цуглуулж 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн Аймгийн прокурорын газраас 2031000296 тоот дугаар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэн прокурорын хяналтад шилжүүлсэн ба прокуророос 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 тоот Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай тогтоолоор хэргийг сэргээн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх хугацаанд Д.*******гийн 99093922 дугаарын утсаар холбогдоход холбогдох боломжгүй мөн холбогдох боломжтой боловч дуудлага хүлээ аваагүй гэх зэргээр холбогдож чадаагүй ба Д.******* цахим хаяг мөн Uuriintuya Dombon facebook хаягаар холбогдон зөрчлийн хэргийн талаар мэдэгдэж холбогдогчийн эрх үүрэг болон бусад холбогдох материалыг цахим хэлбэрээр хүргүүлж танилцуулсан болно. Д.*******гаас хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд мессеж бичиж холбогдох талаар удаа дараа чат бичиж хариу хүлээсэн боловч хариу ирүүлээгүй үл тоож хариуцлагагүй хандсан юм. Ингээд Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1 зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0176656 тоот шийтгэлийн хуудсаар арван мянган нэгж буюу арван сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэж шийтгэлийн хуудсыг цахимаар болон 1 хувийг иргэний үнэмлэхийн лавлагаанд бүртгэгдсэн хаягаар Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн.

Д.*******д холбогдох зөрчлийн хэргийг шалгах явцад ковид-19 тахлын улмаас хөл хорио, хязгаарлалтад хамрагдсан тул шалгах хугацаа удаашралтай явагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо 37б-10 тоотод оршин суух иргэн Д.******* нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0176656 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0176656 дугаартай шийтгэлийн хуудсаар Улсын Их Хурлын 13 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.*******г Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасан шаардлагыг хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон хаяг нь тодорхойгүй орлогыг улсын орлогод шилжүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Мөн дээрх зөрчлийн хэргийг татварын улсын байцаагчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 4-д заасан илтэд зөрчлийн шинжтэй үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай тогтоол гарсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан бөгөөд гомдол гаргагч Д.******* нь Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвших явцдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн /цаашид УИХ/ тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ. гэж заасныг зөрчжээ.

Тухайлбал банкны 5005658899 дансны дугаар бүхий ХК58060103 регистрийн дугаартай иргэнээс 100.000 төгрөг, 5005472495 дансны дугаар бүхий ХР73011903 регистрийн дугаартай иргэнээс 100.000 төгрөг, 5024820340 дансны дугаар бүхий МС59061900 регистрийн дугаартай иргэнээс 100.000 төгрөг, 5014232179 дансны дугаар бүхий ХЕ75041517 регистрийн дугаартай иргэнээс 30.000 төгрөг, 5058269617 дансны дугаар бүхий ЙГ82030216 регистрийн дугаартай иргэнээс 20.000 төгрөгийг банкны гүйлгээний баримт дээр нэрээ тусгаагүй буюу дээрх хуулийн заалтын шаардлагыг хангаагүй хандивыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болох гомдол гаргагч Д.*******гийн Үндэсний Аудитын газарт гаргаж өгсөн мөнгөн хандивын тайлан, Үндэсний Аудитын газар болон ХААН банкнаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэргийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд гомдол гаргагч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Гомдол гаргагч нь гомдолдоо хариуцагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан холбогдогчийн эрхийг хангаагүй, зөрчлийн хэрэг нээсэн болон ямар хуулиар ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдэгдээгүй, зөрчлийн шийтгэлийн хуудас ирээгүй, мэдүүлэг авахаар дуудаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, зөрчлийн хэргийг танилцуулаагүй талаар дурьдсан бөгөөд дээрх гомдол нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх маргаж буй үйл баримтын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичгийг харьяаллын дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд Татварын ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичгийг буюу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч С.******* 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч зөрчлийн хэрэг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд тухайн цаг хугацаанд Сэлэнгэ аймагт Корона вирусийн халдварын улмаас хатуу хөл хорио тогтоосон, мөн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс цахимаар болон холбоо мэдээллийн хэрэгсэл, шуудангаар нэхэмжлэгчтэй холбоо барих болон зөрчлийн хэрэгт холбогдогчийн эрхийг хангах талаар хатуу хөл хорионы үед шаардлагатай арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Тухайлбал нэхэмжлэгч Д.*******гийн гар утасны дугаараар удаа дараа дуудлага хийсэн, мөн facebook хаягаар нь харилцан мэдээлэл солилцсон, иргэний үнэмлэхийн лавлагааг авч оршин суух хаягаар нь баталгаат шуудангаар шийтгэлийн хуудсыг хүргүүлэх арга хэмжээ авсан болох нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар[1] тогтоогдож байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад гаргасан гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар зэргийг үндэслэн гомдол гаргагч Д.*******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг баримтлан гомдол гаргагч Д.*******гийн Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч С.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0176656 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР