Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00151

 

Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00471 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,хариуцагч Л.Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 285 703 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ц.Э нь Төрийн банкнаас тэтгэврийн зээл авдаг байсан. Нас барахаасаа өмнө Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 3 091 021 төгрөгийг зээлж аваад миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Энэ зээлсэн мөнгийг миний дүү Л.Т авч өөрийн өр төлбөрт хэрэглэсэн бөгөөд зээлийн зарим хэсгийг төлсөн болно. Төрийн банк ээжийг нас барсан учир надаас үндсэн зээл, түүний хүүнд 1 406 420,34 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр 1 285 703,75 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Би тэтгэврийн зээлээс авч хэрэглээгүй. Иймд тэтгэврийн мөнгийг авч хэрэглэсэн Л.Т-аас 1 285 703 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний  бие  Л.Ц-ийн  нэхэмжилсэн 1 285 703 төгрөгийг төлж барагдуулахгүй, зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Ш овогт Л.Т-д холбогдох 1 285 703 төгрөг гаргуулах тухай Ш овогт Л.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Гэрч Л.О хариуцагч нь ээжийн тэтгэврийн зээлийг авч хэрэглэсэн болохыг мэдүүлж байхад шүүх үнэлээгүй. Мөн Л.Т-ыг авто осолд холбогдсоны улмаас төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Би 2 хүүхэдтэй, өрх толгойлсон, орон сууцны түрээсэлж, хуучин хувцас зарж, олсон орлого хүнсэндээ хүрэлцдэггүй. Ийм тэтгэврийн зээл авч хэрэглэсэн Л.Т-аас төлүүлэх нь зөв. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Л.Т-д холбогдуулан Ц.Э-ийн тэтгэврийн зээлийг хохиролд хэрэглэсэн гэж 1 285 703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Л.Ц, иргэн Ц.Э нар 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврийн зээл авсан боловч үндсэн зээлдэгч Ц.Э нас барсан. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр хамтран зээлдэгч Л.Ц-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 251 126,75 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 2-4/

Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар хариуцагч Л.Т нь  нэхэмжлэгч Л.Ц-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шаардаж буй 1 285 703 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                        Д.БАЙГАЛМАА