Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/939

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         07          19                                 2022/ШЦТ/939

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

Шүүгдэгч/ хохирогч Х.О түүний өмгөөлөгч Ц.Амар,

Шүүгдэгч/ хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо ** тоотод оршин суух хаягтай, урьд нь:

2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 530.000 төгрөгөөр торгуулсан, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар,  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж шийдсэн, 2020 оны 01 ээр сарын 14-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар жолоо барих эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Б-гийн Б /регистрийн дугаар:***/.

2. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Амар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Саятны зам ХХК-нд механикч ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо // тоотод оршин суух хаягтай, урьд: 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Х-гийн О /регистрийн дугаар:/**/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо нийтийн байрны ** тоотод хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар нийтийн байрны ** тоотод хохирогч Х.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар нийтийн байрны ** тоотод хохирогч Х.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Х.О-ын...2021 оны 11 сарын 06-ны 22 цагийн үед гэртээ эхнэр Бийн хамт амарч байгаа, өөрийн гэр бүлийн найз Г гэх залуу руу гэрт нь очих санаатай “Хаана байгаа юм” гэж залган асуухад “ажилтай байна” гээд утас нь тасарсан. Тэгээд манай эхнэр Б Г-гийн эхнэр болох Б-гийн 90665151 гэсэн дугаар луу өөрийн 94310303 гэсэн дугаараас залгахад Б “ Би танайд очъё” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Ирэхдээ 0.750 граммын Хараа нэртэй архи, ундаа, архины хундага зэргийг барин орж ирсэн. Авч ирсэн архи нь дээрээсээ 4 хуруу уучихсан байсан бөгөөд Б нь өөрийн эмэгтэй найзаараа манай гэрт хүргүүлсэн ба уг найз нь Б-г манай гэрт оруулж өгчихөөд яваад өгсөн. Тухайн үед би унтах санаатай орон дээр хэвтэж байхад Б авч ирсэн зүйлсээ ширээн дээр тавчихаад миний унтаж байсан орны хөл дээр ирж суусан. Тэр үед манай эхнэр Б-тэй юм ярьж байгаад уйлаад суугаад байсан. Тэгээд авч ирсэн архиа манай эхнэр Бийг ”хундагла” гэж хэлэхэд манай эхнэр уг архийг хундаглаад Б-д өгөхөд Б уг архийг надад шахаад байсан. Би тухайн үед “өглөө эрт ажилтай уухгүй” гэхэд Б “өлөгчин минь уу” гэх зэргээр элдвээр хэлж байснаа намайг бос гээд хөнжлийн цаанаас цохиод байхаар нь би босож гэрийн хөргөгчийн урд байх сандал дээр суусан. Би гарч бие засах гээд 1 гутлаа өмсөж байтал над руу дайраад байхаар нь би “гэртээ харь, гэрээсээ хүн дуудаад харь, чимээгүй бай, энэ чинь нийтийн байр шүү дээ” гэхэд Б ”П...минь энэ байрыг чинь түйвээнэ шүү” гээд над руу дайрч байснаа миний зүүн мөр лүү Б 1 удаа цохиход би хойшоо унасан...Босч ирээд байж байтал Б гартаа байсан аягаар намайг цохих гэж оролдоход би зүүн гараараа хаасан. Тэгэхэд гарт нь байсан аяга хагарч, бариул хэсэг нь Б-гийн баруун гарт үлдсэн. Тэгээд ахин над руу гартаа байсан аяганы хагархайгаа барьж дайрахад би баруун гараараа хаах гэж оролдоход миний баруун гарын дунд хуруу зүсэгдсэн...гараас цус гараад байтал над руу гартаа аяганы хагархай барьчихсан дайраад байхаар нь би түлхэхэд миний эрүү хүзүү хэсэгт маажиж, өмсөж байсан цамцнаас зүүгдэхэд хоолой боогдож газарт давхралдан унасан. Тэгээд салаад гарынхаа цусыг тогтоох санаатай гараа боогоод сууж байтал манай эхнэр Б гэнэт “Б чи яаж сайгаа юм бэ” гээд орилоход Б өөрийнхөө хүзүү хэсэгт цус болгочихсон, цусаа өөртөө түрхээд байсан.Тэгээд дүүг нь манай эхнэр дуудахад манай дүү нь Б-г аваад явсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед Б авч явсан гэх дүүгийн хамт 2 цагдаа дагуулан ирээд манай гэрийг үзүүлчихээд, Б нь уг 2 цагдаад бид нар найзууд байгаа юм гомдол санал байхгүй гээд цагдаа нарыг явуулсан...Анх Б анх ирэхдээ их хэмжээний согтолттой найз эмэгтэй нь сугадсан орж ирсэн. Авч ирсэн архинаас би уухгүй гээд уугаагүй. Тэр шөнө ирсэн 2 цагдаа Бгээс юу болсон талаар асуухад юу ч санахгүй байна, ёстой муухай юм болсон байна. Гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Б намайг архи уухгүй гэхэд л дайраад эхэлсэн. Миний биед хүзүү эрүү, цээж хэсэгт шарх үүссэн мөн баруун гарын дунд хурууны шөрмөс Бгээс өөрийн хамгаалах явцад аяганы хагархайнд зүсэгдэж гэмтсэн гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 29-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- шинжээчийн дүгнэлт : Х.Оын биед баруун гарын дунд хуруунд шарх, дунд хурууны тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасрал, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун завжны дотор салс гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын дунд хурууны шарх, тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасрал гэмтэл иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун гарын дунд хурууны шарх, тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасрал гэмтэл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүү, хүзүүний зулгаралт, баруун завжны дотор салстын язрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гарын дунд хурууны шарх, тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна /1-р хавтаст хэргийн 70-71 дэх тал/,  

- гэрч Б.Б-ийн...Тэр үед би Г-гийн эхнэр болох Б рүү өөрийн 94310303 гэсэн дугаараас залгахад Б “ Г ажилтай байгаа. Би танайд танайд очъё” гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй СХД-н 36 зэр хороо ** тоотод Б найз О гэх эмэгтэйтээ орж ирсэн ба ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.75 граммын Хараа нэртэй ундаа, архины хундага зэргийг барин орж ирсэн. Тухайн үед О гэх эмэгтэй сугадаж оруулж ирчихээд яваад өгсөн. Тэгээд манай нөхөрт авч ирсэн архиа шахахад манай нөхөр О “маргааш ажилтай, гэхэд манай нөхөрт агсам тавьж эхэлсэн. Манай нөхөр гутлаа өмсөж байтал элдвээр хэлж байснаа цохиж унагаасан...Тэгээд манай нөхөр лүү Б ахин дайрч гартаа барьсан аягаараа зүүн гар луу цохиход манай манай нөхөр хаахад аяга хагарч унасан. Гарт нь тэгээд аяганы шинж үлдсэн бөгөөд ахин дайрахад нөхөр О баруун гараараа хаахад манай нөхрийн баруун гараас цус арсан. Тэгээд цусаа боох гэж байтал ахин нүүр лүү нь дайрахад хаалганы орчим руу давхралдаж унасан манай нөхрийн хоолой хүзүү зэргийг фудволкаар нь боосон. Тэгээд салгаад байж байтал гэрийн хаалганы хажууд сууж байхдаа гэнэт гартаа байсан аяганы шинжээр өөрийн хоолойг зүссэн ба би “Б яагаад байгаа юм бэ” гээд орилоход өөрөөс нь гарч байсан цусаа өөртөө наагаад байсан. Тухайн үе агсам тавих үед дүүг нь дуудчихсан байсан учир дүү удалгүй аваад явсан. Дүү нь гадаа ирэхэд Б нөхөр бид 2-оос уучлалт гуйгаад, дүүгээ манай гэр лүү оруулаагүй. Тэгээд шөнийн 02 цагийн үед Б дүүгийн хамт 2 цагдаа дагуулан ирээд манай гэрийг үзүүлчихээд Б уг 2 цагдаад бид нар найзууд байгаа юм гомдол санал байхгүй гээд цагдаа нарыг явуулсан. Би тухайн өдөр архи уугаагүй гэртээ байсан. Бг архи өгөхөөр нь уугаагүй. Б манай нөхрийг архи уухгүй гэхээр нь агсам тавьж дайрсан. Дараа нь ирсэн 2 цагдаагийн алба хаагч энгэрийн камераар гомдол байхгүй гэснийг бичиж авсан байх. Тайвшруулах гээд очиход миний хамар луу 1 удаа цохисон, томографикын зураг авахуулсан баримт байгаа гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-37, 2хх-7-8/,  

- шинжээчийн дүгнэлт : Бийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /1-р хавтаст хэргийн 5 дахь тал/

- гэрч Б.Э-гийн...Тухайн үед манай нөхөр Мөнгөнсүх болон төрсөн эгч Б нар 1 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Ууж дуусчихаад байж байтал Б гэх эгчийн найз ирээд манай эгчийг дагуулаад гарсан. Дагуулж гараад нэлээн удсан...23 цагийн үед дугаарыг нь сайн санахгүй байна нэг үл таних дугаар эгчийн дугаар луу залгасан. Залгаад “Г ирсэн үү, найз нь байна,  Б манайд ирсэн, одоогоор согтчихсон байж байна, чи ирээд авах уу” гэх зэргээр ярьсан бөгөөд би тухайн үед боломжгүй байсан тул очиж амжаагүй. Хэсэг хугацааны дараа би эгчийн утаснаас залгасан байсан дугаар луу ахиж залгахад цаана нь манай эгч хашгирсан байдалтай байсан. Хаяг дээр нь очоод уг дугаар луу залгахад “эгч нь гараад явсан” гэж эмэгтэй хүн ярьсан. Тэгэхэд манай эгч хашааны хаалгаар гарч ирсэн бөгөөд хүзүү нь цусаар будагдсан байсан. Тухайн үед би хүн маажсан байна гэж ойлгосон...Цагдаагийн хамт гэрт нь ороход согтолтын зэрэг бага байсан учир эрэгтэйг нь авч яваагүй харин юу болсон талаар асуухад тэр эрэгтэй “Гэртээ сууж байсан чинь Б гаднаас архитай орж ирсэн. Манайд тасарсан байж байгаад гэнэт манайд агсам тавьсан” гэж хэлсэн...Тухайн үед Б их согтолттой биеэ авч явах чадвар муу байсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бгийн... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манайд дүү Эрдэнэсүрэн нөхрийн хамт ирсэн, би дүүгийн нөхөртэй 2.5 л пиво, 0.75 архи хувааж уусан, мөн найз Б утсаар ярьж 21 цагийн үед гэрийн гадаа ирсэн, тэр үед би архи авсан байсан ба машинд миний бие уусан...Тэгээд найзтайгаа уулзаж байтал Х.О залган манайд хүрээд ирээч, бид 2 гэртээ байна гэж хэлсэн. Тухайн үед би Бд зориулж авсан байсан архинаас ойролцоогоор 150-200 граммыг уучихсан байсан. Б-гаар Х.О-ын гэрт хүргүүлье гэснээ санаж байна, Х.О-ын гэрт ороод юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг ухаан ороод сэрэхэд цагдаа дээр ирснээ санаж байна. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлээд байж байтал цагдаагийн алба хаагчийн хамт Х.О-ын амьдарч байгаа гэрт очсон, гэрт ороход гэрээ цэвэрлэчихсэн байсан, тэр үед цагдаа манай дүүгээр гэрийнх үүд хэсэгт хагарсан байсан аягыг авхуулж машиндаа хийсэн гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 207-208 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- цагаан өнгийн, бариул хэсэг нь хагарч хаягдсан 1 ширхэг аягыг эд мөрийн баримтаар тооцсон баримт /1хх-77-78, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Харин шүүгдэгч Х.О-ыг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо нийтийн байрны ** тоотод хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох  эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоогүй болох нь :  

- шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.О-ын эрүүл эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг нотолж буй дээрх нотлох баримтын эх сурвалжууд, мөн

- Х.О-ын гэмт хэрэг үйлдээгүй тухай яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1 хх-194-195, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

2. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

 

Шүүгдэгч нарт холбогдох тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:      

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Х.О-ын эрүүл мэндэд учирсан тухайн хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Тодруулбал, тус гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөөгүй нь тус хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй.

2.3. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг үед архи, согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байсан тул “яг юу болсон” талаар санахгүй, мөн “гэр бүлийн маргаан бүхий асуудалтай байсан” болохоо зөвшөөрч мэдүүлсэн /1хх-207-208, шүүх хуралдааны тэмдэглэл/, тус мэдүүлэг нь тус хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын бусад эх сурвалжаар тогтоогдсон байх төдийгүй шүүгдэгч Б.Б нь Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба мөн түүний согтуурсан байдал нь тус тус шүүгдэгч Б.Б-гийн гэмт үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэл болохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2.4. Харин шүүгдэгч Х.Оод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2.4.1. Х.О өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн Б.Б-гийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж, өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан болох нь шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ хохирогч Х.О-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжаар бодитой тогтоогдсон байна.   

Тодруулбал, хэргийн үйл баримтаас үзэхэд Х.О нь анхнаасаа Б.Б рүү чиглэсэн гэмт үйлдэл огт хийгээгүй байх ба харин Б.Б шөнийн цагаар бусдын гэрт догшин авирлаж, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг ноцтой алдагдуулан Х.О руу удаа дараа дайрч давшлан цохих, түлхэн унагаах, улмаар аягаар болон хагарсан аяганы бариултай хэсгээр цохиж, дахин цохихоор довтолсон аюултай халдлага эхэлсэн тэр даруйд Х.О нь Б.Б-г “цааш түлхэн унагаасан” нь тогтоогдсон /1хх-29-31, 36-37, 194-195, 248, 2хх-7-8, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул Х.О-ыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл, эх сурвалжтай гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй бөгөөд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Х.О тийнхүү аргагүй хамгаалалт хийж, түлхэж унагаахад  Б.Б “юм мөргөж унасан”, энэ явцад түүний эрүүл мэндэд “тархи доргилт” хөнгөн гэмтэл учирсан /1хх-44-45, 48-49/ гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжээч Б.Ариунзулын мэдүүлгээр :...Б.Бд учирсан тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэг, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-48-49/ байна. 

2.4.2. Х.О тийнхүү аргагүй хамгаалалт хийж Б.Бг түлхэж унагааснаас өөр бусад байдлаар зодож гэмтээсэн гэж үзэх нотлох баримт бүхий үндэслэл тогтоогдоогүй.        

Харин Б.Б хохирогчоор...нэг ухаан ороход толгой хагарсан, үс нойтон болчихсон...О найз нэг зүйлээр цохисон, тухайн үед архи уусан болохоор юугаар гэдгийг санахгүй байна...Миний хоолойг зүсэх явцдаа өөрийнхөө гарыг миний хоолой зүссэн хутгаар өөрийн гэмтээсэн.../1хх-11, 14-15/ гэх мэтээр зөрүүтэй, эх сурвалжгүй мэдүүлсэн байхаас гадна түүний “О найз нэг зүйлээр цохисон...миний хоолойг зүсэх явцдаа өөрийнхөө гарыг миний хоолой зүссэн хутгаар өөрийн гэмтээсэн” гэх мэдүүлэг нь Х.О хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр, Б.Бийн гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлгээр няцаагдсан. 

Хэрэг учрал болсон тухайн цаг үед Б.Б нь гэр бүлийн маргаантай байсан, согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байснаа зөвшөөрсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн хохирогч Х.О...манайд эхнэр Бтэй юм ярьж байгаад уйлаад суугаад байсан...манай эхнэр Б гэнэт “Б чи яаж сайгаа юм бэ” гээд орилоход Б өөрийнхөө хүзүү хэсэгт цус болгочихсон, цусаа өөртөө түрхээд байсан...гэж /1хх-29-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Б.Б...Б хаалганы хажууд сууж байхдаа гэнэт гартаа байсан аяганы шинжээр өөрийн хоолойг зүссэн ба би “Б яагаад байгаа юм бэ” гээд орилоход өөрөөс нь гарч байсан цусаа өөртөө наагаад байсан...гэж /1хх-36-37/ тус тус мэдүүлсэн байх тул хохирогч Х.О, гэрч Б.Бийн нарын тухайн мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шинжээч Б.Ариунзул нь :...Б.Бд учирсан тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэг, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-48-49/ гэж мэдүүлэг өгснөөс хойш тодорхой хугацааны дараа...бусад шарх гэмтэл мөн зэрэгт хамаарна, хөнгөн зэрэгт хамаарна гэж /2хх-11, 1хх-51/ илтэд зөрүүтэй, эх сурвалжгүйгээр мэдүүлсэн байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй ба тус зөрүүтэй байдал Х.О нь Б.Бг “санаатайгаар зодож гэмтээсэн” гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй болно.   

2.4.3. Яллах дүгнэлт : Х.О нь Б.Бг зодож,  тархи доргилт, зүүн чамархай, хүзүүний зүүн хэсэгт, баруун чихний омогт аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоосон нь /2хх-19-22/ хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд Х.О анхнаасаа “аяга” барьсан, аягаар Б.Бг цохисон гэх баримтат мэдээлэл огт байхгүй, илрээгүй болно.    

Иймд шүүгдэгч Б.Бг хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, харин шүүгдэгч Х.Оод холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

Хохирогч Х.О гэмт хэргийн улмаас хохирол, төлбөрт холбогдох баримт гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

                       

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч Б.Б урьд 2007, 2008, 2013, 2017, 2020 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /1хх-132, 138-177, 2хх-18/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч Б.Б ам бүл 6, түүний хөрөнгө, орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-105-106, 111-117, 120, 207, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг, хагархай аягыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Хэрэгт Боржигон, Боржигин, Б, Б гэх мэтээр ургийн овог, нэрийг янз бүр бичсэн байх боловч лавлагааны баримтын дагуу /1хх-105/ Боржигин овогт Баярмаагийн Б гэж бичих нь зөв гэж үзсэн болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Оод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Шүүгдэгч Б.Бг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

6. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Бд бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

            7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг, хагархай аягыг хэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, Х.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР