| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00312/И/ |
| Дугаар | 454 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 454
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.Д-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Э.Э-д холбогдох,
эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.353.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, иргэдийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг үүдэн шүд өвдөөд байхаар нь очиж авахуулсан. Тэгэхэд хажуу талын эрүүл шүдийг цуг авсан. Ингэхэд тас гэж дуугарах чимээ гарч зулгаагдаж байгаа юм шиг өвдөлт мэдрэгдэж, авсан шүдээ үзье гэхэд зүгээр гээд үзүүлээгүй. 3, 4 хоног өвдөөд очиж үзүүлэхэд бохирдсон байна гэсэн. Маш их өвдөж байсан учраас дахиж үзүүлье, энэ нэг л биш боллоо гээд томографын зураг авахуулахад ямар ч хугарал байхгүй гэсэн. Гэвч маш их өвдөөд байсан болохоор хот явж үзүүлэхэд дээд эрүүний түүшин яс 21, 22, 23 шүдний түүшин яс хугарсан, яс нөхөх хагалгаанд ор гэсэн. Нэгдүгээр эмнэлгийн эрүү шүдний мэс заслын 0.5 см газар нөхөөс хийх гэж картан дээр бичигдсэн. Яс нөхүүлэх гэтэл эмчилгээний өртөг нь өндөр учир одоог хүртэл яс нөхүүлэх хагалгаанд орж чадаагүй. Хиймэл шүд хийлгэх гэхээр яс нөхүүлэх хагалгаанд ор гэж хэлдэг. Анх эрүүгийн хэрэг үүсгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь сэртэн яс хугарч болно гэдэг шинжээчийн дүгнэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүшин яс хугарна, сэртэн яс хугарна гэдэг нь хоёр өөр стандарт байдаг. Би 2 жилийн хугацаанд гуравласан мэдрэлийн өвдөлт гэдэг өвдөлтийг мэдрээд маш хэцүү байсан. Шүдээ хийлгүүлж чадахгүй байгаагаас ходоод байнга өвдөх болсон. Иймээс яс нөхөх хагалгаанд заавал орох шаардлагатай. Би эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээ хийлгэж мөнгө төгрөгөөр хохироод байна. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргасан бол хуулийн хариуцлага хүлээх байх. Хүнийг эрүүл мэндээр нь хохироосон хэдий ч хүн сэтгэлтэй байх хэрэгтэй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжилсэн мөнгөө авч эмчилгээ хийлгэмээр байна. Иймээс нөхцөл байдлыг харгалзан үзэж гарсан зардлыг нөхөн төлүүлж өгнө үү. 1.353.512 төгрөг нэхэмжилж байна гэв.
Харицагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Э миний бие АШУҮИСургуулийн НАСС-ийг 2013 онд төгсөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүүр амны их эмчээр ажилд ороод өнөөг хүртэл ажиллаж байна. 2016 оны 10 сарын 12-нд иргэн С.Д нь 21, 23-р шүдний ёзоор авахуулахаар өвдөлт зовуурьтай ирсэн. Тухайн үед энэ өвчтөнд дээд хоншоорын 21, 23-р шүдний ёзоорыг авч зохих стандарт, заалтын дагуу эмчилсэн болно. Үүний дараагаар С.Д нь удаа дараалан ажлын байран дээр ирж, хэл амаар доромжлон хариу тайлбар сонсохгүй мөнгө нэхэн дарамталсан. Иргэн С.Д эмнэлгийн захиргаа, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, мэргэжлийн хяналтын газар, иргэний шүүх зэрэг байгууллагуудад гомдол гарган гүтгэж явна. Мөн эмч Г.Б-н нэрийг барьж худлаа ярьж эмнэлгээс 13А авсан зэрэг зохисгүй үйлдэл хийж байсан. Иргэн С.Д-н гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, мөн аймгийн МХГ болон МХЕГ ба ЭМЯамны эрүү нүүрний үндэсний зөвлөл гэх мэт байгууллагууд шалгаж нягтлан энэ хэргийг үндэслэлгүй болохыг нотолсон. Би буруугүй, иргэн С.Д-д зохих заавар журам, хууль стандартын заалтын дагуу тусламж үйлчилгээг үзүүлэн үүргээ биелүүлсэн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу энэ хүн хэдэн төгрөгийн ямар гэм хор учраад тэр нь яаж нотлогдоод байгаа нь тодорхойгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр 2 удаа энэ хүнийг биед эрүүл мэндийн үзлэг хийсэн. Гэтэл шинжээч нарын дүгнэлтээр хохиролтой болох нь тогтоогдоогүй. Энэ хүнд учирсан гэмтэл, хохирсон хохирол байхгүй гэж үзэж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод түүний дагуу эмчилгээ хийлгэсэн бол тухайн гарсан зардлыг төлөх сэтгэл байна. Буруугүй үйлдлийн төлөө хэн нэгнээс мөнгө салгах гэсэн үйлдлийн төлөө мөнгө төлөөд явах санхүүгийн боломж байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Д-н шүдийг авахдаа түүшин яс хугалсны улмаас эмчилгээнд явахад зориулан тэтгэврийн зээл авч иргэн эрүүл мэнд болон санхүүгийн хувьд хохирсон байна. Нэгдсэн эмнэлгийн эмч Э.Э нь иргэн Д-н шүдийг авахдаа эрүүл шүдийг авч түүшин яс хугалсан нь буруутай гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь иргэн С.Д нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч ажилтай Э.Э-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.353.512 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ /хх-1/.
Нэхэмжлэгч С.Д нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлэгт өвчтэй шүдээ авахуулахаар очиход тус эмнэлгийн шүдний эмч Э.Э нь нэхэмжлэгчийн 21, 23 дугаар шүдний ёзоорыг авахдаа шүдний түүшин ясыг хугалж, яс нөхүүлэх хэмжээний гэмтэл учруулсан тул гарсан зардлаа төлүүлнэ хэмээн шаардаж байна /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зохих заавар журам, хууль стандарт, заалтын дагуу тусламж үйлчилгээг үзүүлэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцжээ /хх-55-56, 121, 146, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч С.Д нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Э.Э-р 21, 23 дугаар шүдний ёзоор авахуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч С.Д-н шүдний ёзоорыг авахдаа түүшин ясыг хугалсанд хариуцагч Э.Э гэм буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.С.Д-н биед 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдээ авахуулсны улмаас зүүн дээд 3-р шүдний хоншоор ясны түүшин сэртэн хугарсан байна. 2.Дээрх хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх хугарал нь шүд авах үед гарч болох хүндрэл ба Монгол улсын стандарт-Хоншоорын үүдэн ба соёо шүдийг авах мэс ажилбар - MNS 5372-7:2004 – 15.2.3-р зүйлд заасан байна. 5.6. тухайн үед Э.Э эмчийн тусламж үзүүлсэн үеийн С.Д-н шүд ямар өөрчлөлтэй байсан, шүдийг хэрхэн авсан ажилбарын тэмдэглэл байхгүй тул эмчийн буруутай үйлдэл, ямар стандарт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна. 7. Шинжээчийн 375, 1547 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэжээ /хх-81-84/.
Дээрх дүгнэлтэнд шинжээчийн 375, 1547 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж дурдсан байх боловч хэрэгт дээрх дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримтаар авагдаагүй, С.Д эмнэлэгт шүдээ авахуулсны улмаас зүүн дээд 3-р шүдний хоншоор ясны түүшин сэртэн хугарсан, дээрх хугарал нь шүд авах үед гарч болох хүндрэл ба үүнийг Монгол улсын стандарт-Хоншоорын үүдэн ба соёо шүдийг авах мэс ажилбар MNS 5372-7:2004 стандартын 15.2.3-д заасан, эмчийн буруутай үйлдэл, ямар стандарт зөрчсөнийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Д-г Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт шүдээ авахуулсны улмаас зүүн дээд 3-р шүдний хоншоор ясны түүшин сэртэн хугарсан болох нь, нэхэмжлэгчийн шүдийг нэгдсэн эмнэлэгийн шүдний эмч ажилтай хариуцагч Э.Э авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нь шүүх хуралдаанд Э.Э нь тухайн үед Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байсан гэж, нэхэмжлэгч С.Д нь нэгдсэн эмнэлэгт очиж шүдээ авахуулсан гэж тус тус тайлбарлаж талууд маргаагүй буюу хариуцагч нь тухайн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байх үед тухайн маргаан бүхий үйл баримт болсон болох нь зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл мөн байхаар заажээ.
Ажилтны буруугаас учруулсан хохирлыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хариуцах тухай зохицуулалт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан байна.
Ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтанг, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнийг ажиллуулж байгаа байгууллага, этгээдийг, хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц нь ажил олгогчийн заавар журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь ажилтан, албан хаагчийг хөдөлмөрийн гэрээний болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад хамаарах учиртай юм.
Мөн Иргэний хуулийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж тодорхойлсон.
Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч гэж төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэнийг ойлгох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан учир төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг шаардах эрхийн үндэслэл нь тухайн этгээд зөвхөн төрийн нэрийн өмнөөс төрийн ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан нөхцөлд л хамаарах тул хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч С.Д-т учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.
Иймд иргэн Э.Э-д холбогдуулан гаргасан С.Д-н эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.353.512 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх С.Д-н нэхэмжлэлтэй, Э.Э-д холбогдох энэ хэрэгт хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-н нэхэмжлэлтэй, Э.Э-д холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.353.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ