Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 

 

2022           08          02                                 2022/ШЦТ/779

                             

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Жд холбогдох эрүүгийн 2209000001225 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын ... өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Ө” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар ...........тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б. Ж, /РД:/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу тус өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Дамбадаржаа салбарын урд талын авто машины зам дээр тээврийн хэрэгслийн замыг хааж зогсож замын хөдөлгөөнд саад учруулах үйлдэл гаргахад тухайн үед үүрэг гүйцэтгэж явсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Т.О, цагдаа жолооч Б.Б нарын “бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, замын хөдөлгөөнд саад учруулсан” үйлдлийг таслан зогсоож, улмаар эрүүлжүүлэх байр луу авч явах...” гэсэн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу 14-38 УАМ улсын дугаартай, Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы салхины шилийг хөлөөрөө өшиглөх байдлаар хагалж бусдад 569,145 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 709 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001225 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 11-15 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч М.Бат-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

-“Моннис” ХХК-ийн Засварын хэлтсээс техникийн хэрэгсэл хүлээлцэхийн өмнө шалгах хуудсыг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

-Нийслэлийн хэв журам хамгаалах тасагт болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 онь 8 дугаар сарын 26-ны өдрийн А/210 дугаартай тушаалын хавсралтаар Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 49 дүгээр тал),

-Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний “...Өмчлөгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар...” гэх хуулбарыг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

-Яллагдагч Б.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

-Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, авто эргүүлийн алба хаагчдын хоногийн хуваарь, томилгоо (хавтаст хэргийн 76 дугаар тал),

-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 81-82 дугаар тал),

-Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Жы хувийн байдлыг тогтоосон баримтуудыг (хавтаст хэргийн 64-68, 95, 97-106 дугаар тал),

-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар (хавтаст хэргийн 74-75 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд “Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, хэргийн материалаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан:

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь 14-38 УАМ улсын дугаартай Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд 4 дугуй нь бүрэн бүтэн, урд, хойд салхины шил бүтэн байх ба тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы салхины шил байхгүй, дан төмөр хаалттай байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгийг эхлүүлэхэд төв зам дээр ногоон өнгийн автобус зогсож байх ба түүний ард хар бараан өнгийн хувцастай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн автобус хааж зогсоод орилж байхад цагдаагийн дэд ахлагч Б.Б очиж түүнийг гавлах гэхэд урдаас нь орилж, улмаар гавлуулахгүй гэж эсэргүүцэж доошоо сууж байхад нь гавлаж албаны тээврийн хэрэгсэлд өргөж суулгаж байна. Түүнийг суулгаад явж байх замд тэрээр уйлж, орилж, хашгирч байх бөгөөд улмаар чангаар инээж байгаад хажуу тийш налж унаад тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонхыг хоёр хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөөр байгаад цонхыг нь хагалав. Цонхны шил бутарч. хагарч байх үед Б.Ж нь нүдээ аньж, хэлээ гаргаж байх үед цагдаагийн дэд ахлагч Б.Б машины хөдөлгөөнийг зогсоож, машинаасаа бууж баруун хойд талын цонхыг харж байна. Түүний дараа Ж орилж, хашгирч цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж байхад урдаас цагдаагийн дэслэгч Т.О бууж Б.Жы хажууд сууж явсаар бичлэг дуусав...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-15 дугаар тал),

 

-Иргэний нэхэмжлэгч А.Бийн “...Би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн няравын ажил эрхэлдэг. Байгууллагын эд хөрөнгө, бараа материалыг хариуцдаг юм. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай хэлтсийн хоёр албан хаагч үүрэг гүйцэтгэж байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар 14-38 УАМ улсын дугаартай, Ренолт дастер /Renalt duster/ маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонхыг хагалсан байсан. Тухайн машиныг 2020 оны 8 дугаар сард албаны хэрэгцээнд зориулан Арабын Нэгдсэн Улсын Эмират улсаас Монгол Улсад оруулж ирсэн юм. Машиныг “Моннис групп” оруулж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиуд Монгол Улсад байдаггүй, зөвхөн захиалгаар “Моннис групп”-ээс авдаг. Өмнө нь нэг удаа дээрх машины хойд хаалганы цонхны шилийг хагалж, захиалгаар худалдан авахад 700,000 төгрөг болж байсан. Захиалгын үнэ нь 650,000 төгрөг, авчирч ирээд машинд суурилуулахад 50,000 төгрөг болсон. Цонхны шил хагалсан иргэн нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийг төлж барагдуулсан. ...Байгууллагын зүгээс гаргах гомдол, санал байхгуй мөн нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

-Гэрч Т.Оын “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Бын хамтаар Бэлх-114 дугаартай чиглэлд эрүүгийн офицерын үүрэг гүйцэтгээд дуудлагад явж байгаад улмаар цагдаагийн хэлтэс рүү очих гээд Дамбадаржаагийн эцэс буюу цагдаагийн хэлтсээс хойшоо 50 метр газарт явж байтал төв зам дээр согтуу эрэгтэй хүн нийтийн тээврийн автобусыг хаагаад орилоод зогсож байсан. Тэгээд Б.Бын хамтаар очоод тухайн согтуурсан иргэнийг гавлаад, 14-38 УАМ улсын дугаартай албаны тээврийн хэрэгслийн ард суулгаж хөдлөөд Дэнжийн мянгад байрлалтай эрүүлжүүлэх рүү явж байх замд Ж гэх иргэн нь бид хоёрыг хэл амаар доромжлоод, орилоод явж байхдаа хөлөөрөө тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шилийг өшиглөөд хагалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

-Гэрч Б.Бын “...Би тухайн өдөр эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Оын хамтаар Бэлх-114 дүгээр чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлагад явж байгаад замын хуудас өгөхөөр хэлтэс рүү явж байтал замд автобусны урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тэлээ барьчихсан, автобусны шил рүү цохиод, замын голд орилж хашгираад зогсож байсан. Мөн замын хөдөлгөөнд саад учруулаад байсан учраас эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Оын хамтаар очиж автобусны урдаас тухайн хүнийг холдуулах гэхэд тэрээр орилж, хашгираад, улмаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд байсан. Тийм болохоор замын хажуу руу гаргаж гавлаад 14-38 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суулгасан. Тэр үед тухайн иргэн орилж хашгираад байсан. Тухайн иргэнийг аваад эрүүлжүүлэх байр луу хөдлөөд явж байтал ...2 хөлөөрөө тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шилийг өшиглөөд хагалчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

-Гэрч Д.Нарантуяагийн “...Би Жы төрсөн эх нь байгаа юм. Б.Ж нь эхээс дөрвүүлээ бөгөөд айлын гурав дахь хүүхэд байгаа юм. Манай хүү 8 дугаар анги төгсөөд Солонгос Монголын хамтарсан коллежид дүнз, модон эдлэлийн дизайнер мэргэжлээр төгссөн. Тэрээр төгсөөд “Ган харш” ХХК-д туслах ажилтнаар ажилласан. Түүнээс хойш 2018-2020 он хүртэл “Ноц” ХХК-д ажиллаж байгаад Турк Улсад байдаг эгч дээрээ очоод 1 жил гаруй хугацааны дараа ирсэн. Одоогийн байдлаар “Өрнөх хийц” ХХК-д гагнуурчнаар ажилладаг. Манай хүү Б Ж нь хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хааяа ажлынхантайгаа архи уудаг бөгөөд архи уухаараа ер нь ааш, авир муутай болчихдог. Бусад үед даруухан, дөлгөөн зан авиртай залуу байгаа юм. Өчигдөр өглөө үүрээр бид нарыг унтаж байхад гараад явсан байсан. Гарахдаа утасгүй гарсан ба гэрийн таавчиктай гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

-Гэрч М.Бат-Ирээдүйгийн “...Би Жыг 15 настайгаас нь мэднэ. Би түүний аав болох Баасандорж гэх хүнтэй хамт ажиллаж байсан болохоор түүнийг багаас нь мэднэ. Одоогийн байдлаар манайд гагнуурчнаар ажилладаг юм. Ж нь архи уухаараа ер нь авиртай, агсамнаж согтуурхаад байдаг. Архи уугаагүй эрүүл үедээ хэвийн байдаг. Б.Ж нь ажилсаг, ямар ч ажлыг сайн хийдэг залуу байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

-Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, авто эргүүлийн алба хаагчдын хоногийн хуваарь, томилгоо (хавтаст хэргийн 76 дугаар тал),

-Хохирогч Б.Бын “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Ж нь албаны машиныг хөлөөрөө жийж салхины шилийг хагалсан, энэ талаар тухайн өдөр тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Тэрээр хаалганы шилийг өшиглөж хагалахаас өмнө чимээгүй явахыг, хойно суугаад явахыг хэлж анхааруулж шаардлага тавьсан боловч тухайн иргэн бид хоёрын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, миний биед халдаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар тал),

 

-Хохирогч Т.Оын “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлгээрээ иргэн Б.Жы талаар мэдүүлсэн. ...Тухайн өдөр тэрээр миний биед халдсан зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал) зэргээр нотлох баримтуудаар Б.Ж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан үйл баримт болсон нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 

Хохирогч Т.О нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицероор, Б.Б нь цагдаа жолоочоор ажилладаг болох нь хохирогч нарын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасан “хууль сахиулагч” гэж үзнэ. 

            Хохирогч нар 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ биелүүлж явсан болох нь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, авто эргүүлийн алба хаагчдын хоногийн хуваарь, томилгоо”-гоор (хавтаст хэргийн 76 дугаар тал) нотлогдсон болно.

Шүүгдэгч Б.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байхаас гадна хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангаж байна.

Өөрөөр хэлбэл, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж гэдэгт цагдаагийн албаны алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эсхүл тоноглосон обьект, тээврийн хэрэгсэл, холбооны хэрэгсэл зэрэг нь багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж”-д халдсан гэх шинж хангагдсан болно.

Иймд шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, элдвээр гутаан доромжлох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн, тоног төхөөрөмжийг нь устгаж, гэмтээсэн гэмт этгээдийн идэвхтэй үйлдэл байх ба өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Гэмт халдлагад өртсөн 14-38 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Моннисмоторс” ХХК Монгол Улсад оруулж ирсэн (хавтаст хэргийн 50 дугаар тал), Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх үед бүрэн бүтэн байсан болох нь автомашин хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дүгээр тал)-ээр тогтоогдож байгаа бөгөөд тус албаны машин болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр давхар нотлогдсон.

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас 14-38 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг 569,145 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 74-75 дугаар тал) тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч олон нийтийн газар орилж хашгирч улмаар хууль сахиулагчийн буюу цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг үл биелүүлж, албаны эд зүйлийг эвдэж устгах нь хууль бус гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалан үлдээх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б. Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН