Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2018/01500

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2018/01500

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2018/01374/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г миний бие нутгийн саахалт охин Б.Мтэй 2013 оноос уулзаж, үерхэж байгаад 2014 оны 06-р сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас том хүү Г.Б 2014 оны 04-р сарын 25-нд төрсөн, одоо 4 настай, нагац хөгшин ээжийнхээ асрамжинд 2017 оны 12-р сараас байгаа. Бага хүү Г.Би 2016 оны 04-р сарын 18-ны өдөр төрсөн, одоо 2 настай, төрсөн цагаасаа одоог хүртэл миний асрамжинд байгаа. Бид хамтдаа 2016 оны 11-р сарыг хүртэл манай аавынд эсвэл Улаанбаатар хотод хамт амьдарсан бөгөөд үүнээс хойш эхнэр Б.М надтай болон хүүхдүүдтэйгээ хамт амьдрахаа больсон. Том хүүг гараад 5 сар болж байхад эхнэр сургуульд яваад бага хүүг 7 сартайгаас одоог хүртэл би болон манай аав, ээж өсгөж өдийг хүргэсэн бөгөөд энэ хугацаанд хүүхдүүдээ хэрхэн яаж амьдарч байгааг тоохгүй, уулздаггүй учраас хүү маань ээж гэж мэдэхгүй өсөж байна. Би гэр бүл  болоод тусдаа амьдрах уу гэхээр эхлээд сургууль төгсөхөөр нь болно гэж байсан ч сүүлдээ ирж очихоо больсон. Одоо бүүр манайд ч ирдэггүй, хүүхэд дээрээ ч очихгүй өдийг хүрсэн. Цаашид бид нэг гэр бүл болж амьдрах боломжгүй болсон. Энэ хүн эх хүн, эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй, өрх тусгаарлаад гаръя гэхээр хүлээж авдаггүй байсан. Бидэнд эвлэрэх хугацаа шаардлагагүй байх гэж бодож байна. Тийм учраас цаашдынхаа амьдралыг бодоод би гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгийн маргаангүй. Том хүү Г.Бийг ээжийнх нь асрамжинд үлдээх, бага хүү Г.Би-ийг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Миний тухайд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой М миний бие Д.Гтай 2013 оноос уулзаж үерхэж байгаад 2014 оны 04-р сарын 25-нд Г.Б, 2016 онд Г.Би төрсөн. Бид 2014 оны 06 сард гэрлэлтээ батлуулсан боловч өрх тусгаарлаж тусдаа гараагүй, аав ээжийндээ болон намайг хотод оюутан байхад ирэн очин амьдардаг байсан. Бага хүү Г.Би төрсний дараа тархины даралттайн улмаас хотод байлгах боломжгүй байсан тул хөдөө аавтай нь буцааж би хотод сурахаар үлдсэн цагаас хойш аавынхаа асрамжинд байсан нь үнэн. Хүү дээрээ очихоор хамт удаан байгаагүй, хүүхэд дасаагүй хүүхэд уйлна гээд уулзуулдаггүй байсан. Миний тухайд огт сураггүй алга болоогүй. 2 хүүхэдтэйгээ уулзаж, том хүүгээ очуулж байсан. Би өөрөө оюутан байсан учраас хүүхдүүдээ эцэг эхээрээ харуулж байсан нь үнэн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй, өрх тусгаарлаж тусдаа амьдарч байгаагүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Д.Г бага хүүгээ авна гээд байгаа тул бага хүү Г.Би-ийг аавынх нь асрамжинд үлдээе, том хүү Г.Б-ийг өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.   

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 онд гэр бүл болж, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Б төрсөн болох нь 18/000426 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Г.Би төрсөн болох нь №67640000.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оноос тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Б, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Би нарыг зохигчийн ярилцаж тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Биийг эцэг Д.Гын, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Бийг эх Б.Мгийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч нь хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Биийг эцэг Д.Гын, хүү Г.Бийг эх Б.Мгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Гын эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Мгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар, Д.Г, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Биийг эцэг Д.Гын, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Бийг эх Б.Мгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Б.М, Д.Г нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН