| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0715/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/753 |
| Огноо | 2022-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/753
2022 07 20 2022/ШЦТ/753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, эрүүгийн 2209009190906 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зэвсэг химийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. тоотод оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б,.............../.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 224 дүгээр байрны орчим гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Б.Бийн эзэмшлийн 65-07 УНГ улсын дугаартай Бонго-3 загварын ачааны машины тэвш дээр ил байсан машины ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 385,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 568 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209009190906 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 224 дүгээр байрны орчим гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Б.Бийн эзэмшлийн 65- 07 УНГ улсын дугаартай Бонго-3 загварын ачааны машины тэвш дээр ил байсан машины ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 385,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Б.Бын “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 225 дугаар байрны гадна манай ахын машин болох “Бонго-3” дээр миний машины ачаа болох төмөр ачаа байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүхэд машин дээрээс алдсан ачааг үл таних хүн тэргэн дээр түрээд явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Гэрч Б.Бийн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 20 цагийн үед 65-07 УНГ улсын дугаартай Бонго-3 ачааны автомашинаа гэрийнхээ урд талд байрлуулан тавиад өглөө гараад хартал тэвшин дээр тавьсан байсан “Жийп”-ний ачаа алга болсон байсан. Тэгээд би хажуу байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд 224 дүгээр байрны хяналтын камерт 11 цаг 34 минутын үед үл таних эрэгтэй хүн миний ачааг усны тэрэг дээр тавиад түрээд явж байсан. ...Мөн 212 дугаар байрны хяналтын камерт 12 цаг 26 минутад аваад явж байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч С.Дгийн “...Б гэдэг хүн байнгын түүхий эд төмөр авч тушааж явж байдаг, яг энэ бичлэг дээрх хувцастайгаа энэ хавар өнжсөн ...саарал алаг кепкэн малгайтай, ноорхой хар куртика, хар өнгийн өмдтэй явдаг, төмөр тушааж олсон мөгөө малгайныхаа дотор талд хийдэг бололтой байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Сидид үзлэг хийсэн “2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 15 минутад хар өнгийн малгайтай, хар өнгийн кжртик, хар өнгийн өмдтэй, хар өнгийн үүргэвчтэй, хар өнгийн пүүзтэй, этгээд алдагдсан гэх тээврийн хэрэгслийн ачааг авч явж буй дүрс бичлэг харагдаж байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.Бийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр халдлагын зүйл болсон эд хөрөнгийг 385.000 төгрөгөөр (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) үнэлжээ.
Шүүгдэгч дээрх үнэлгээгээр тогтоогдсон 385,000 төгрөгийг хохирогч Б.Бын Хаан банкны тоот дансанд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн, гомдолгүй болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж мэдэгдэхгүйгээр нууцаар авч болохгүй гэдгийг ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусан хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд ялтан Б.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртгэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН