Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/01518

 

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/01518

Хөвсгөл аймаг

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Ц-т холбогдох

Гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Н нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 хүүхдээ өвөөгийнд нь аваачиж өгөхөөр явж байгаад хээр Д.Цтай тааралдаж хувийн маргааны улмаас толгой руугаа чулуугаар цохиулж ухаан алдсан. Тухайн үед хамт явж байсан охин маань одоо 6 настай, хүү маань 3 настай. Охин маань төрөлхийн зүрхний ховдол хоорондын цооронхойтой уушигны артерын судасны нарийсалттай байнгын эмчийн хяналтанд байдаг, айлгаж, цочоож болдоггүй эмзэг хүүхэд юм. Ийм хоёр нялх хүүхдийн минь дэргэд уйлуулж орилуулаад аавыг нь цус нөжтэй нь хольж мал цохиж байгаа юм шиг хүн харахын үндэсгүй маш түрэмгийгээр зодож танхайрсан. ... Хэдийгээр дахин дахин эмчилгээ хийлгэсэн боловч олигтой ахиц гарахгүй л байна. Үргэлж толгой өвдөнө, толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ, маш хүчтэйгээр нугас руу хатгаж өвдөнө. Бие ямар ч тамиргүй хоёр хөл цоо сул хэвтрийн дэглэм сахиж байна. Малаа харж чадахгүй, хүнээр өдрийн 10.000  төгрөгөөр харуулж байна. Тархи толгойны гэмтэл хожуу хүндэрч илэрдэг гэсэн учир түүнд л их санаа зовж байна. Дээрээс нь охиныг тэр хэргийн дараа зүрхний эход харуулахад уушигны артерын судас маш хурдацтайгаар нарийсч байна. Яаралтай хот явж хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн боловч өдий хүртэл явж чадаагүй л байна ... Энэ хэргээс болж зөвхөн би эрүүл мэндээрээ хохироод зогсоогүй миний хүүхэд ноцтойгоор эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна ... миний гэм хорын хохирол болох 5.000.000 төгрөгийг Д.Цаас гаргаж даруйхан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх энэ хүнд цохиулснаас хойш гарсан эмнэлгийн зардлаа нэхэмжилж байгаа. Эдгээр зардал нь нийлээд 5.000.000 төгрөг болж байгаа. Би тухайн үед хувийн болон нэгдсэн эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байсан ба түүнтэй холбоотой баримтуудаа нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. Харин малаа хөлс төлж харуулсан болон эмнэлэг хооронд ийш тийшээ явсан таксины мөнгө зэргээ нэмж нэхэмжлээгүй, тус зардалдаа оруулж тооцоогүй. Энэ хүний буруутай үйлдлийн улмаас миний биеэс цус их хэмжээгээр алдсан бөгөөд үүнтэй холбоотой хүч тамир алдаж, хөл гар дулаацахгүй болсон зэрэг сөрөг үр дагаврууд зөндөө бий болсон. Бага насны хүүхэд минь хүртэл энэ явдлаас айж цочиж биеийн байдал нь дордсон. Надад эмчилгээний хохирол төлбөр гэж мөнгө өгөөгүй, би л эцэст нь хохироод үлдэж байна. ...Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудынхаа хүрээнд би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авмаар байна гэв.      

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төмөрбулаг сумын 2 дугаар багийн оршин суугч Э.Нд агт авч өгнө гэхээр нь мөнгө үлдээсэн болно. Түүнээс хойш мөнгөө цувуулж авсаар 800.000 төгрөг үлдсэн. Мөнгөө авъя гэхээр үнэн худлаа хэлсээр өдий хүрсэн. Утсаа авахгүй байсан болохоор нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөнгөө авахаар ажил болгож очсон боловч согтуу урдаас хэл амаар доромжилж, чаддаг юм бол цагдаа, шүүхээрээ яваад ав гэх зэргээр хэлж мотоциклио асаагаад зугтах гэхээр нь хальт цохисон. Гэтэл урдаас миний толгой руу цохисон ... би амиа хамгаалахын тулд барьцалдаж, ноцолдох үед чулуу мөргөж толгойноос нь цус гарсан. Энэ үед би өөрөө сум руу цагдаа эмнэлэг дуудаж өгсөн. Мөн эмнэлгийн зардал өг гэхээр нь 170.000 төгрөг өгсөн. Түүний улмаас Э.Н бид 2 шүүхээр орж Д.Ц миний бие 500.000 нэгжээр торгуулсан. Э.Н 450.000 нэгжээр торгуулсан. Би тухайн үед Э.Нгийн хүүхдийн ямар өвчтэйг мэдэхгүй, сүүлд нь найз нөхдөөс нь төрөлхийн зүрхний цоорхойн гажигтай гэж сонссон. Тухайн үед тийм айхтар зодоон болоогүй. Э.Н өөрөө орилж хашгирч хүүхдээ айлгасан гэж үзэж байна. Надад ч бас шүүх эмнэлгээс хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Толгой байнга өвдөж, эргэх, нүд бүрэлзэх гэх мэт өвчин илэрч байгаа. Иргэний хэргийн шүүхэд Э.Н 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн маргаж байгаа асуудлын тухайд надтай нэг удаа 500.000 төгрөгийн хохирол гарсан гэж утсаар ярьж байсан. Би тэр үед нь “чамаас авах 800.000 төгрөгтөө зохицно” гэдэг санаагаа хэлж түүнд ойлгуулж байсан. Тэр өмнө нь бас 200.000 төгрөг надаас авсан байсан. Тухайн үед миний зүгээс өөрийн машинаар аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж өгье гэхэд “үгүй, чиний машинаар явахгүй, эмнэлгийн машинаар заавал орно” гээд байсан. Дараа нь надаас 4.000.000 төгрөг нэхсэн ба сүүлдээ бид ярьж зохицохгүй болоод энэ асуудлаа шүүхээр шийдүүлэх гэж байна. Өөрөө л эхэлж над руу чулуу бариад хашгираад байсан байж дараа нь хүүхдийн бие муутгаж, зүрхийг нь өвтгөсөн гэх зүйл яриад байх юм. Тухайн үед хадам болох хүмүүс нь хүртэл хажууд нь байж л байсан шүү дээ. Би тэр үед нь уурлаад ганц л цохисон. Дараа нь ийм асуудал болох байсан юм бол өөрөө хүүхдийнхээ дэргэж орилж хашгирахгүй, өөрөө өөрийгөө мэдэхгүй яасан юм. “Цусаа юүлүүлээд үхчихье, би өр ширэнд орсон хүн” гээд л орилоод байсан. Ер нь бол учир байдлаа хэлэхгүй, “хэдэн цаасанд үхэх нь үү” гээд “өгчихнө” гээд уурлаад байдаг. Утас руу нь залгахаар учир зүггүй салгаад байдаг. Эр хүн шиг хүнтэй нүүр тулаад  асуудлаа шийдүүлж мэддэггүй, тоглоом наадам, архинд толгойгоо мэдүүлсэн хүн гэж хадмууд нь ч ярьж байсан удаатай. Энэ хүнд би итгээд мөнгө өгснийхөө төлөө дараа нь ийм асуудалд орж байна. Хэрвээ хүүхдийнх нь бие үнэхээр муу байсан юм бол тэнд хашгирч, чулуу мод шидэж барих асуудал гаргах шаардлагагүй байсан. ...Би нотлох баримттай, шүүхээс тогтоогдсон бодитой зардлыг төлж барагдуулна. Өмнөх эрүүгийн шүүх хурал дээр ч гэсэн ингэж ярьж байсан гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Д.Цт холбогдуулж гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.800.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээ, эм тариа авсан зардлаас баримтаар нотлогдож байгаа хохирлыг төлнө гэж маргаж байна.

Хариуцагч Д.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар иргэн Э.Нгийн эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд артерийн судас дайрсан шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ. /хх-ийн 10-11-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Э.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч Д.Цаас шаардах эрхтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

 Нэхэмжлэгч Э.Нгээс Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эмчилгээний зардалд төлсөн 281.178 төгрөг , /хх-ийн 4-р тал/

Хөвсгөл аймгийн “Оюу Ундраа” мэдрэлийн эмнэлэгт эмчилгээний төлбөрт 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 525.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 350.000 төгрөг, /хх-ийн 8-р тал/ зэрэг баримтыг үндэслэн хариуцагч Д.Цаас  нийт 1.156.178  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Э.Нгийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 31.242 төгрөгийн баримт /хх-ийн 4-р тал/, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 100.000 төгрөгийн баримт /хх-ийн 6-р тал/-уудаар хохирол нэхэмжилж байх ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх хугацааны баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй, нэхэмжлэлийг иргэний шүүхэд дахин шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг, түүнчлэн нэхэмжлэгчийн Хөвсгөл Ренчинжугнай эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 310.000 төгрөг төлсөн тухай баримт, /хх-ийн 6-р тал/, Хөвсгөл Оюу Ундраа эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээнд 20.000 төгрөг төлсөн тухай баримт, /хх-ийн 7-р тал/, “Ти Эм Ойл” шатахуун түгээх станцаас 192.300 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан тухай баримт /хх-ийн 9-р тал/, Сод Монгол Групп” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 116.363 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан тухай баримт /хх-ийн 9-р тал/,  Хөвсгөл Оюу Ундраа эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээнд 245.000 төгрөг, өвчтөнд үзлэг хийх үйлчилгээнд 20.000 төгрөг төлсөн тухай баримтуудад мөнгө төлсөн болон авсан хүний нэр байхгүй, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн дээрх төлбөрийн Е баримтанд агуулагдаж буй мэдээллүүд нь нэхэмжлэгч Э.Нгийн эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардал болох нь эргэлзээтэй байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж хохирол нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагч Д.Ц гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирлын хэмжээ нотлогдсон байх шаардлагатай тул баримтаар нотлогдож буй нийт 1.156.178 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 643.822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч Д.Цаас 1.156.178 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 32.298 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Нансалмаа нь өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Цаас 1.156.178 /нэг сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 643.822 /зургаан зуун дөчин гурван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Цаас 32.298 /гучин хоёр мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

  

 

 

   ДАРГАЛАГЧ                                   Н.БЯМБАСҮРЭН

    ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                   Г.ДАВААХҮҮ