Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2018/01536

 

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2018/01536

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч А.У, хариуцагч Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.У нь Г.Гтай 2011 онд үерхэж байгаад 2013 оны 11 сарын 11-ний өдөр хүү У.Пг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, манайд хамт амьдарч байсан. Энэ хугацаанд удаа дараа архи дарс ууж, агсам тавьж хэл амаар доромжилж, хүүгээ миний хүүхэд биш гэж хэлдэг болсон. Сүүлдээ надад гар хүрч зоддог болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Бид 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд Г.Г миний хүү У.Пгийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганбаатар овогтой Г.Г нь Мөрөн сумын 5-р багт оршин суудаг. Г.Г би 2011 оноос А.Утай танилцан үерхэж байгаад 2013 оны 11-р сарын 11-нд өөрийн хүүтэй болсон нь үнэн. Энэ хугацаанд ажил хийж бусад цагаар нь гэртээ хийх ёстой зүйлээ хийж байсан. Гэхдээ А.Утай ганц нэг маргаж байсан ч зодож цохиж байсан удаагүй. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Г.Гд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.У, хариуцагч Г.Г нарын дундаас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү У.П төрсөн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №0000955550-9.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Пгийн төрсөн эцгээр Г.Г тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү У.П нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Г.Гас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өдөр төрсөн хүү У.П 4 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Г.Г төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү У.Пд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Пгийн төрсөн эцэг Г.Г мөн болохыг тогтоосугай.     

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өдөр төрсөн хүү У.Пг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БЯМБАСҮРЭН