Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/861

 

 

 

 

 

 

 

2022           09          06                                   2022/ШЦТ/861

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гт холбогдох эрүүгийн 2109012740946 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, 3 дүүгийн хамт ............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас 187,500 төгрөгийн торгох ялыг төлөөгүй буюу эдлээгүй үлдсэн;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, торгох ялаас эдлээгүй үлдсэн 187,500 төгрөгийн 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож 12 хоногийн хорих ялыг тус тус нэмж нийт эдлэх ялыг 1 жил 6 cap 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 жил 00 сар 19 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэх /ялын тооцоо хавтаст хэргийн 135 дугаар тал/, хэрэг хариуцах чадвартай, Л. Г/РД: /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Л.Г нь үргэлжилсэн үйлдлээр:

-2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,11 дүгээр байрны орчим хохирогч Д.Дыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Америкийн Нэгдсэн Улсаас пүүз захиалан оруулж ирж зарах гэж байгаа, мөнгө байвал тус болооч хэмээн 740,000 төгрөгийг залилсан, мөн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны орчим “Америкийн Нэгдсэн Улсаас захисан пүүз ирсэн очиж авах хэрэгтэй байна, гар утсаа өгөөч” хэмээн хохирогч Д.Дын Самсунг А71 загварын 839,400 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч залилсан;

-2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 70 тоотод урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “түр хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч Б.Хын Айфоне 12 промакс загварын гар утсыг авч, бусдад 3,290,000 төгрөгийн хохирол, нийт 4,869,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэгээс 2022 оны 6 дугаар сарын 13ы өдөр 571 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2109012740946 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Э.Булганчимэг:

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 32-33, 90-91 дүгээр тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд:

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-Иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 60 дугаар тал),

-Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолыг (хавтаст хэргийн 121-125 дугаар тал),

-Ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 135 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Харин шүүгдэгч Л.Г “хавтаст хэргийн материалаас уншиж судлах зүйлгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, хохирол төлбөрийг нөхөж төлнө, ял хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэжээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Х, хохирогч Д.Д нарыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилан нийт 4,869,400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Б.Хын “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танил ах Г надаас миний Айфоне 12 про макс загварын гар утсыг гуйсаар байгаад хөдөө авч явсан юм. Тухайн үед миний гар утсыг өөрийн оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 10 дугаар байрны 70 тоотоос авсан. Миний гар утсыг авч явахдаа 3 хоногийн дараа эргүүлээд өгнө гэсэн боловч 3 хоногийн дараа хөдөөнөөс ирэхдээ ахынхаа машинд үлдээсэн байна, удахгүй буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл миний гар утсыг өгөхгүй надаас зугтааж алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Г ахтай 2021 оны 6 дугаар сарын дундуур өөрийн найзуудаар дамжуулж танилцаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

-Хохирогч Д.Дын “...2021 оны 6 дугаар сарын дундуур байсан санагдаж байна. Би тухайн үед шивээсний студидэд ажилладаг байсан. Тэнд байдаг найз нарын найз гээд Г гэх хүнтэй танилцсан. Тэгээд Г нэг өдөр надад Америк улсаас пүүз захисан байгаа гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр миний захисан пүүз ирсэн байна, бараа очиж авах гэсэн юм аа, надад гар утас алга, чи утсаа түр өгч байгаач, орой аваад ирье гээд явсан. Тэгээд орой нь манай ажил дээр хүрээд ирэхээр нь би гар утсаа авъя гэсэн чинь би найзынхаа машинд үлдээчихсэн байна гэж хэлэхээр нь би маргааш мартахгүй аваад ирээрэй гэсэн чинь тэрнээс хойш алга болсон. Гар утас авахаас 7 хоногийн өмнө Г нь би Америк улс руу пүүз захиад оруулж ирээд зарах гэж байна, мөнгө байвал өгч тус болооч гээд 740,000 төгрөгийг Улсын их дэлгүүрийн хойд талд байдаг шивээсний дэлгүүрт байхад бэлнээр аваад явсан. Харин гар утсыг Гын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өгсөн. Мөнгө болон гар утас буцаан өгсөн зүйл байхгүй. Миний гар утсыг найзынхаа машинд мартсан гэж хэлээд маргааш өгнө гээд алга болсон  740,000 төгрөг болон гар утсаа авмаар байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас хохирогч Б.Хын гар утсыг 3,290,000 төгрөгөөр, хохирогч Д.Дын гар утсыг 839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-33, 90-91 дүгээр тал)  зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Л.Г нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж тус зүйл, хэсгийг журамлаж зүйлчилсэн нь зөв байна.

Хохирлын талаар: Шүүгдэгч нь “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас үнэлсэн үнэлгээний дагуух хохирлыг хохирогч нарт нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар дараах байдлаар гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй. Үүнд:

  1. Хохирогч Б.Хт 500,000 төгрөгийг төлсөн (хавтаст хэргийн 26 дугаар тал) болох нь тогтоогдож байна. Тиймээс гар утасны үнэ 3,290,000 төгрөгөөс нөхөн төлөгдсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,790,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт олгохоор;
  2. Хохирогч Д.Дт 1,579,400 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, энэ хэргийн үйл баримт нь цаг хугацааны хувьд өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байгааг онцгой анхаарч үзнэ үү, тухайн үед нь үйлдлээ нэгтгүүлж шалгуулах хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй нөхцөл байдал байдаг, хэрэв энэ үйлдлүүдийг тухайн үед нь нэгтгэсэн бол өнөөдөр энэ хүний эрх зүйн байдал дордохгүй байсан, тиймээс эрх зүйн байдлыг нь харгалзан үзнэ үү, хөнгөн ял оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх саналыг гаргасан бөгөөд энэхүү саналыг хүлээн авах боломжтой юм.

 

Учир нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сард үйлдэгдсэн, түүнээс хойш буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан болох нь нотлогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 568 дугаартай захирамжаар шүүгдэгч Л.Гыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид яллагдагчаар шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу шүүгдэгчийг шилжүүлэхдээ 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар эдэлсэн болон эдлээгүй ялыг тасалбар болгон ялын тооцоог гаргасан байх тул тухайн цаг үеэс эхлэн цагдан хоригдсон хоногийг тооцох нь зүйтэй байна. Тодруулбал, шүүгдэгч нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш яллагдагчаар 42 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л. Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан 1 жил 8 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Гаас 4,369,400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт 2,790,000 төгрөгийг, хохирогч Д.Дт 1,579,400 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН