Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/804

 

 

 

 

2022           08         10                                 2022/ШЦТ/804                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч Г.О,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Бид холбогдох эрүүгийн 2209000001223 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3  дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г. Б, регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө .......... тоотод эхнэр Г.Отэй үл ялих зүйлээр маргалдаж, нүүрэн тул газарт цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн доод зовхи, зүүн            хацар, баруун шуу, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000001223 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 06-07, 10 дугаар тал),

-Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 13-14 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8850 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогч Г.О Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхээ эдэлж шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй бөгөөд “хэргийн материалаас шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ........... тоотод эхнэр Г.Отэй үл ялих зүйлээр маргалдаж, нүүрэн тус газарт цохисны улмаас түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Г.Оийн “...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг гэртээ иртлээ хол болохоор замдаа унтсан, тэгээд гэрт ирээд нөхөр “бууя” гээд өргөөд буулгасан. Тэгэхээр нь би “за яах юм бэ, өөрөө орчихъё” гээд өөрөө алхаад гэр лүүгээ орсон. Тэгээд би гэр лүү ороод өрөөндөө орчхоод гараад ирсэн чинь манай хадам ээж, аав хоёр гал тогоонд сэрүүн байж байсан. Тэгээд хадам ээж Б.О над руу хандан “чи яасан их идэж уудаг юм, миний хүүхдийг зовоогоод байна” гэхээр нь би урдаас нь хадаж ээжид “Мядагаа эгчид гарна гэдгээ хэлээд гарсан” гэж хэлсэн чинь “чи хүний өөдөөс үг хэллээ, яасан их үг хэлдэг юм” гээд баруун гараараа миний нүүр лүү алгадсан. ...би нөхөртөө муухай үг хэлсэн байж магадгүй, гэхдээ нөхөртөө зодуулахаар муухай үг хэлээгүй байхаа, хэрэлдэж байгаад л нөхөр баруун гараараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарсан, цусаа хараад миний уур хүрч, би улам уурлаж бухимдаад орилж хашгирсан. Манай нөхөр миний хамрыг цохиж гэмтэл учруулсан, харин хадам ээж О миний нүүр хэсэг рүү алгадсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07, 10 дугаар тал),

 

-Гэрч Б.Оийн “..2022 оны 6 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед зээ нарын хамтаар унтах гээд байж байтал гадна хаалга дуугаран, манай хүү Г.Б бэр болох Г.Оийг тэвэрчихсэн оруулж ирсэн, тэрээр нэлээн согтуу байсан, нүд нь улаанаараа эргэлдчихсэн оруулж ирсэн, манай хүү эхнэрээ оронд нь оруулаад унтуулах гэтэл тэрээр манай хүү Бийг хэл амаар доромжлоод, манай хүүг гөлөг минь аятайхан байгаарай, намайг яах гэж энэ гэртээ авч ирсэн юм гээд согтуурхаад байсан, тэгэхээр нь би архи уусан юм бол чимээгүй унт гэхэд унтахгүй байсан, манай хүүгийн урдаас бэр сарвалзаад, цохиод байхаар нь би салгах гээд орсон, хүүг цохих үед би салгах гэж очоод цээж хэсэг рүүгээ цохиулсан, бэр сарвалзаад байхаар нь би хоёр удаа гараараа хоёр хацар руу нь алгадсан, манай хүү намайг бэрээр цохиулчихаар нь уурлаад хүү маань эхнэрээ цохиод авсан, тэгтэл бэрийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...1.Г.Оийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун шуу, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх 8850 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биед халдаж, дух, нүүрний хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд “ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирочийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН