| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01178/И |
| Дугаар | 155/ШШ2018/01547 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2018/01547
| 2018 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2018/01547 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2018/01178/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Г нь М.Атэй 2012 онд танилцаж үерхэж байгаад 2012 оны 12 сарын 23-ны өдөр хурим найр хийж тусдаа амьдарч байгаад 2013 оны 01 сарын 10-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 6 сарын 12-ны өдөр охин А.Лыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд нөхөр М.А нь охин бид хоёрыг хэл амаар доромжлон зовоон дарамталдаг байсан. Охиныг минь хоноцын шээсээр дуудаж, намайг нэг бус удаа толгой тархигүй зодож биен дээр тамхины халуун галаар дардаг байсан. Орой үдэш ирж хүүхдээ элдвээр айлган, мөн гадуур тэнэж тоглон өр зээл тавьдаг байсан. 2014 оны 5 сард дээрмийн хэргээр 6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял шийтгүүлж 3 жилийг нь биеэр эдэлж үлдсэн хугацааг өршөөлөөр суллагдсан. Ирээд хамтран амьдарч байсан боловч урьдын адил элдэв зан гаргаж таарч тохирохгүйд хүрч 2017 оны 4-р сараас тусдаа амьдарч байна. Одоо охин эрүүл саруул цэцэрлэгээр хүмүүжиж байна. Иймд бидний 2013 оны 3 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Л.Лыг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцэг болох М.Аээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байгаа бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болно гэжээ.
Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа Би Ч.Гтэй гэр бүл болсон нь үнэн. Охин А.Л нь миний охин мөн. Би охиндоо хайртай. Би 2014 оны 5 сард Дархан хотын 435 дугаар хорих ангид ял шийтгүүлж 2016.07 сард гарсан. Намар хадамын тийш гэрээ авч очоод эхнэр охин хоёртойгоо хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа элдэв ааш гаргаагүй, эхнэр охин хоёроо гомдоож байгаагүй. Харин ч хүмүүжиж байхдаа эхнэрээ юунд айлгаж байв, миний буруу гэдгээ ойлгоод ухаарсан. Эхнэр маань ямар учраас салах гэсэн учир нь би 3 хоног архи уугаад очсон чинь хоёулаа салъя гэсэн. Өөр асуудал миний зүгээс байгаагүй. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Би эхнэр охиноосоо салахгүй, охиноо өнчрүүлэхгүй. Охиноо байнга харж хандаж байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2012 онд гэр бүл болж, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №0178208 Г-.. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин А.Л төрсөн болох нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №0000915108-.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд зохигч эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Лыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Ч.Гийн асрамжид үлдээж, охин А.Лд эцэг М.Аээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Лыг эх Ч.Гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Л 5 настай тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч М.А төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Лд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хариуцагч М.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар М.А, Ч.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Лыг эх Ч.Гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Лыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Аээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг М.Ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Гт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН