Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/680

 

 

 

 

 

 

 

 

  2022         8           24                                      2022/ШЦТ/680

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

хохирогч Б.И,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2211 00660 1319 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 5ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Б, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 32-6 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Иг “орхиж явлаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянхишиг нь “...Надад эмчилгээний мөнгө гээд 1,300,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо гомдол санал байхгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- Хохирогч Б.Игийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

-  Гэрч М.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Гэрч Э.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Гэрч Д.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Яллагдагч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Н.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 32-6 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Иг “орхиж явлаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 32-6 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Иг “орхиж явлаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- Хохирогч Б.Игийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр тохиосон тул найз Хонгорзул, Мөнхчимэг, Энхтуул, Өнөрмаа, хамтран амьдрагч Н.Б нарын хамт тэмдэглэхээр хороололд байрлалтай лазер бааранд ороод Нийслэл нэртэй пивыг хүн бүр 3 шилийг уусан. Ингээд тус баарнаас 02 цаг өнгөрч байхад гараад Мөнхчимэгийн машинтай Хонгорзулыг гэрт нь хүргэж өгөх гээд нарны гүүр лүү яваад буцаад харих замд хамтран амьдрагч Н.Б машин дотор агсан тавьж эхэлсэн. Улмаар Н.Б машинаас бууя гэхээр нь бид нар түүнийг Бөмбөгөр захын ойролцоо буулгаад цааш Мөнхчимэг, Өнөрмаа, Энхтуул нарын хамт гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа Н.Б араас орж ирээд “та нар намайг хаяж явж чаддаг юм байна, намайг ирж чадахгүй гэж бодож байсан уу” гээд гэрээс гал тогооны шүүгээн дээр байсан жижиг хар иштэй хутга аваад гадаа гарсан. Улмаар Өнөрмаа машиндаа суугаад жолоочтой хамт хөдлөөд явсан бөгөөд Мөнхчимэг, Энхтуул хоёр үлдсэн. Тэгээд Н.Б бид нар луу уурлаж чулуу аваад дайрсан бөгөөд Энхтуулын гуя руу нь нэг удаа өшиглөхөд манай найзууд болиоч ээ тэнэг юм уу гэхэд тэрээр чулуу аваад дайрсан. Мөнхчимэг, Энхтуул хоёр гудам руу зугтахад Н.Б намайг үсдээд гэр лүү чирч оруулаад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө миний толгой руу өшиглөсөн. Би зугтаах гэж оролдоход намайг хавирч унагаагаад үсдээд булан руу чирэн хутгаар зүүн хөлийн шилбэ рүү хутгалсан. Ингээд би Н.Бд "орхиж явсан нь миний буруу" гэж хэлээд уучлалт гуйгаад уйлаад сууж байтал удалгүй цагдаа нар орж ирээд Бат-Эрдэнийг эрүүлжүүлэх саатуулах байр руу аваад явсан. 2021 оны 3 дугаар сараас үерхэж эхэлсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас эхэлж хамаатны эгчийн хашаа байшинг түрээсэлж хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

-  Гэрч М.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз болох Б.Игийн төрсөн өдөр 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болсон. Тэгээд найзууд болох Энхтуул, Мөнхчимэг, Өнөрөө, Бат Эрдэнэ, Б.И нарын хамт өдөр 15 цагийн орчим Б.И, Н.Б хоёрын амьдардаг байсан газар очиж байж байгаад 20 цагийн орчим гараад гадуур явж байгаад 3, 4 дүгээр хороололд байх шөнийн цэнгээний газар орж байж байгаад 02 цагийн орчим тухайн газраас гарсан байх. Энхтуул, Мөнхчимэг, Өнөрөө, Н.Б, Б.И нар намайг хүргэж өгнө гээд Мөнхчимэгийн автомашиныг таньдаг хүнээр нь бариулаад Нарны гүүрний ойролцоо намайг буулгачхаад тэр хэд яваад өгсөн. Би унтаж байтал миний гар утас дугараад байхаар нь хартал Мөнхчимэг залгаад байсан. Гар утсаа аваад юу болсон талаар асуухад Н.Б агсам тавиад Б.Иг зодоод байна гэсэн бөгөөд чулуу авч шидээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад Б.Игийн гэрт нь очиход цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд Бат- Эрдэнийг аваад гарч байсан. Тэр үед араас Б.И гарч ирсэн бөгөөд зодуулж нүүр хэсэг нь хавдаж цус болсон үс нь унасан /халцарсан/ хөл хэсэгт хутгалуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Гэрч Э.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Игийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Д.Мөнхчимэг, М.Хонгорзул Н.Б бид хороолол Night орж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Үргэлжпүүлээд Н.Б, Ичинхоролоо нарын гэр "Цагаан байр" явах замд учир шалтгаангүйгээр Н.Б уурлаж хэлсэн. Тэгэхэд нь бид хэд ойролцоох автобусны буудал дээр буулгаад явсан. Гэр лүү нь ороод байж байхад 10 минутын дараа араас Н.Б орж ирээд Б.Ид агсам тавьж гэрийнхээ эд зүйлсийг эвдэж сүйтгээд манай найзтай гарсны дараа гартаа чулуу барин цохих гэж дайран, үсдэж чирч өшиглөж гар хүрсэн. Бид хэд хориглоод салгах гэсэн боловч чулуу бариад өшиглөөд дайрахад нь айсандаа салгаж чадаагүй цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэх хүртэл юу болсныг мэдэхгүй байна. Цагдаа ирээд хамт ортол найз маань цустайгаа хутгалдсан үс нь халзарсан, нэг хөлийнхөө шилбэнд хутганы шархтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Гэрч Д.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Б Б.Ид уурлаад юу болсон нь мэдэгдэхгүй машинаас бууна гээд байсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, баруун 4 замын автобусны буудал дээр буулгаад бид нар Б.Игийн гэрт ирсэн. Гэрт нь Б.И, Ундармаа 3 орсон. Харин би гадаа машинд хамаатны хүнтэй юм яриад сууж байтал удалгүй Н.Б машин дээр ирээд уурлаад байсан ба араас нь манай 3 найз гарч ирсэн. Намайг машиндаа сууж байхад Б.Иг зодчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 209 дугаартай: “...Б.Игийн биед баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх. Баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт. Баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр, хурц ир бүхий зүйлийн хоёр удаагийн хатгах, зүсах үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Яллагдагч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан Б.Игийн толгой руу гар болон хөлөөрөө цохиж мөн зүүн шилбэнд хутгаар хатгаж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Мөнхчимэгийн машиныг нь чулуугаар цохисон байсан. Түүний машины эвдрэл болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Иг “орхиж явлаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Игийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Бийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Б.И нь “...Хэргийн материалтай танилцлаа. Гаргах гомдол, санал байхгүй...” /хавтаст хэргийн 59 дэх тал/, хохирогч Б.Игийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Бат- Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ