Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/01472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Х аймгийн Р сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Д.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Р сумын 4 дүгээр багт оршин суух, Ц овогт Л.Д  -д холбогдох

Гэм хорын хохирол 2.640.000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхамдолгор, иргэдийн төлөөлөгч П.О, нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн иргэн  Л.Д-тай хохирол төлбөр барагдуулах тухай хэлцлийг бичгээр хийж нотариатаар батлуулан тохролцсон юм. Үүний үндэслэл нь Д-ийн төрсөн хүү Д нь 2016 оны 3 сард манай байшинд байсан 6 мөнгөн завхаатай эмээлийг хулгай хийж авч зараад,  дахин суудаг байшинд орж 12 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэл бусад эд зүйлийг хулгайлан аваад ээж Д нь буцааж авчирж өгсөн.  Ингээд цагдаад өгөөд шалгуулж байхад  эмээлийн үнэ болох 3.500.000 төгрөгийг нь нэг сарын дотор төлж барагдуулан гэрээ хэлцэл хийгээд, гомдол саналгүй гэсэн бичиг хийгээд өгчих гэж ээж Д нь уйлж, гуйж байгаад бичиг хийлгүүлж хэлцэл хийсэн юм. Гэтэл Д нь үүнээс хойш 860.000 төгрөгийг нэг удаа төлсөн бөгөөд үлдсэн 2.640.000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна.

        Иймд иргэн Л.Д-аас  хэлцэлд заасан 0,1 хувийн алдангийг тооцохгүйгээр  үлдсэн үндсэн төлбөр болох 2.640.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Д.Д нь миний охинтой танилцаж үерхэж байгаад манайд хамт амьдрах болсон.  Миний бие хөдөө амьдардаг эрэн очин байдаг. Д манай охинтой хөдөө явсан боловч эргэж сум орж байшинд байсан эмээлийг минь хулгайлж авсан. Д нь 2 удаа манай байшинд нэвтэрсэн байсан. Өөрөөс нь энэ талаар асуухад аваагүй гээд байсан боловч цагдаад хандаж мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан талаараа мэдүүлсэн. Сүүлд Д-ыг хоригдож байх хугацаанд ээж Д нь “... миний хүү авсан нь үнэн юм байна. Хүүгээ ялнаас мулталж авах ямар боломж байна. Төлбөр мөнгийг нь өгнө ямар үнэтэй юм гэж байсан. Би тэр үед 3.500.000 төгрөгийн үнэтэй гэхэд төлнө гарын үсэг зураад баталгаажуулна ...”  гэсэн. Тэгэхээр би хэлцлийн баримтаа нотариатаар батлуулна гээд батлуулсан. Шүүх хурал болж Д баривчлагдаад явсан. Түүнээс хойш 04 дүгээр сарын 20-ны өдөр Д 860.000 төгрөг дансанд чинь хийсэн. Гэсэн үлдсэн мөнгийг яасан талаар асуухад манай хүүхэд ялаа эдэлж байгаа юм чинь өгөхгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Би хэл ам хийлгүй өдий хүрсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Д өөрөө байсан бол нүүр нүүрээ харж асуудлыг шийдэх байлаа. Харамсалтай нь ирсэнгүй.  Д миний охинтой үерхэж хүүхэдтэй хүртэл болсон. Одоо би Д-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж бодож байгаа. ... Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 1.100.000 төгрөг болгож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үнэлгээний хувьд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байсан. Хариуцагчийн  өмгөөлөгчийн хэлсэн үнэлгээг 750.000 төгрөг гэж гарна гэж мэдээгүй гэдэг. Гэтэл шүүх хуралдаан болохын өмнө 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  Д,  Ө хоёр хохирол гомдол саналгүй болгож өгөөч, бид 3.500.000 төгрөг болгож тохиролцож байна гэж хэлцэл хийж аймгийн нотариатад хандан баталгаажуулсан байдаг. Д-ийн хувьд эх хүний хувьд хүүхдээ ялгүй гаргаж авах үүднээс хэлцэл хийж баталгаажуулсан байна гэж би үзэж байгаа. Учир нь Д 3.500.000 төгрөг төлөх боломжийн үнэ гэж бодож байгаа. Учир нь өмнө нь хулгайлж авсан 14 ширхэг эмээлийн хэрэгслийг гэртээ аваад ирэхэд Д буцаагаад өөрийн биеэр авчирч өгсөн байдаг. Тэр эмээлийг ч гэсэн хулгайлж аваад зарж үрэгдүүлсэн төлөөр гэрчийн мэдүүлэг дээр тодорхой тусгагдсан байдаг. Ө гуай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ  “ ... Манай гэрт нийт хоёр удаа хулгай орсон эхний удаад 2016 оны 03 дугаар сарын эхээр барааны байшингийн маань таазаар орж дотроос нь монгол эмээ үхрийн хаа зэргийг хулгайлсан байсан. Дараагийн удаад манай сууцны байшингийн дээврээр орж дотороос нь 14 ширхэг эмээлийн хэрэглэл хагас түрүүтэй хромон гутал зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан. Гутал Д-ийн гэрт байсан гэдэг. Миний бие 14 ширхэг эмээлийн хэрэглэлийг буцааж авсан харин бусад зүйлүүдээ огт аваагүй. Надад нийт 5.500.000 төгрөгийн хохирол учирсан би Д-ын ээж Д-аас хохирлын мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор барагдуулж авахаар тохиролцож хэлцэл хийсэн байгаа. Тийм  учир  одоо надад гомдол саналгүй. ...”  гэх мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд 03 дугаар сарын 21-ний өдөр энэ хоёр үнэлгээгээ хийлгэчихсэн Д эмээл 750.000 төгрөгөөр үнэлэгдэж гэдгийг өөрөө мэдсэн. Мэдсэн хэдий ч хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 43.2 дугаар зүйлд бичгээр хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Үүнд:  43.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үйлдэж гарын үсэг зурсан байх тохиолдолд бичгээр хийсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Тийм учир энэ хоёр хүн хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь хуульд нийцэж хүчин төгөлдөр болсон. Д нь Д-ын төрсөн ээж нь мөн эсэх тал дээр баталгаажуулах гээд лавлагаа авсан байж байгаа. Лавлагаа Дулмаа нь Д-ын ээж мөн байсан тул өмнөөс нь төлөөлж хэлцэл хийхэд хориглох зүйлгүй байдаг. Одоо ч гэсэн хоригдож байгаа хүмүүсийн ар гэр нь хэлцэл хийж хохирол төлөөд явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын хүрээнд үнэлгээ хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын хүрээнд үнэлгээ хийгдсэн байгаа тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Харин шинжээчийг нэр зааж бичээгүй нь миний алдаа байж. Энэ бүхнээс үзхэд хэлцэл нь хүчин төгөлдөр юм. Хүчин төгөлдөр хэлцэлд заасан 3.500.000 төгрөгөөс 860.000 төгрөгийг авсан. Одоо үлдсэн 2.640.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Д миний бие шүүхэд гаргасан Д.Ө-ын нэхэмжлэлтэй 2.640.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би хүү Д-ын өмнөөс                 Д.Ө-д төлөх ёстой өр төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан учир одоо төлөх зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Д болон Д.Ө  нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Өнөөдрийн гаргаж байгаа зүйл нь гэм хорын хохирол төлбөр буюу Иргэний хуульд заасан хохирол төлбөр түүнийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах  шүүх хурал хийж байна. Үүнд: Хэлцэл хийгдсэн үү хийгдсэн. Гэхдээ тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр үү үгүй юу гэдэг асуудлыг хөндөх нь зүйтэй. Л.Д-ийн хувьд эрүүгийн хэргийн оролцогч биш. Хэргийн  материал болон эд зүйлийн үнэлгээ, тайлан баримтаас харахад Л.Д гуайн хүү болох Д.Д- ын хэлсэн үгийг мэдэх боломж байхгүй. Надад тайлбарлаж байснаар тухайн үнэлгээг мэдээгүй. Тухайн үед 861.000 төгрөгийн хохирол төлбөр гарч би түүгээр нь төлж барагдуулсан. Иргэний хуулийн 58.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэлцлийг тодорхойлох ач холбогдолгүй нөхцөл байдал байж гэж үзсэн. Д.Ө өөрийн эмээлийг эртний эд гэдэг боловч хохирлын үнэлгээ тайланд орчин үеийн эмээл гэж дүгнэлт гарч байсан. Тухайн үед Л.Д гуай үнэхээр ийм үнэтэй эмээл юм байлгүй гэж бодсоны үндсэн дээр хэлцэл хийснийг үгүйсгэхгүй. Хохиролгүй, гомдолгүй гэх үгнүүд хоорондоо харшиж байж Миний харж байгаагаар Иргэний хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт гэм хорын хохирол учирч эргээд шүүхийн гэм хорын хохирол төлбөр төлөх нь энэ хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх боломж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хохирол төлбөрийг үүрэг бүхий этгээд нь өөрөө буюу Д.Д өөрөө мөн. Хохирлыг тодорхойлохдоо 497 гэм хорыг арилгахдаа 510 эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан бол уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг арилгах өмнөх байдлыг сэргээх, тийм боломжгүй бол түүний хохирлыг мөнгөөр төлөх эрх зүйн зохицуулалт байдаг. Л.Д гуайн хувьд шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Нэгэнт насанд хүрсэн этгээдийн учруулсан хохирлыг өмнөөс нь төлөх эрх зохицуулалт байхгүй. Тухайн нөхцөл байдлыг Л.Дгуай ойлгоогүйтэй адил Д.Ө гуай ч ойлгоогүй байх. Энэ талаар тухайн үед нь ярих боломжтой байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Л.Д-аас  эрүүгийн гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2.640.000 / хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.100.000 төгрөг / нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж

Хариуцагч Л.Д нь  “... Д.Ө-д төлөх ёстой өр төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан, одоо төлөх зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү  ... гэж эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Хариуцагч Л.Д-ийн хүү Д.Д хулгайн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Ө-д хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь зохигчийн тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д нь хүү Д.Д-ын хохирогчид учруулсан хохирол 3.500.000 төгрөг төлөхөө илэрхийлснээс  860.000 төгрөгийг төлж, үлдэх 2.640.000 төгрөгийг төлөөгүй нь “Хохирол төлбөр барагдуулах тухай” 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Бусдын эд хөрөнгөд учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан ч талууд хохирлын талаар урьдчилан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан, энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох  үндэслэл тогтоогдохгүй байна.

 Нэхэмжлэгч Д.Ө,  хариуцагч Л.Д нар өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “ Төлбөр төлөгч Д овогтой Д нь 2016 оны 03 дугаар сард хохирогч Д.Ө-ын өмчлөлийн дөрвөлжин зургаан мөнгөн хэрэглэлтэй морины бүрэн эмээлийг хулгайлан авсан ба нийт хохирлын төлбөр болох 3.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Д.Д-ын ээж Л.Д төлж барагдуулахаар тохиролцов. ... ” гэх Хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдсан байх ба энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэжээ.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолд эвлэрлийн гэрээний талаар дурдаж, хохирол төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулжээ. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн  “...шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж заасан, мөн учруулсан хохирлоо бүгдийг төлж барагдуулсан учир 2.460.000 төгрөгийг төлөхгүй” гэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Л.Д-аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 1.100.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Ө-д олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 1.100.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 30.950 төгрөгийг хариуцагч Л.Д-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Д-аас 1.100.000 /нэг сая нэг зуун мянга / төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Д.Ө-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.190  / тавин долоон мянга нэг зуун ер / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-аас  30.950 /гучин мянга есөн зуун тавь / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ө-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА

                            ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН

                     ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ