Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/683

 

 

 

 

 

 

 

 

  2022          8          25                                      2022/ШЦТ/683

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2211 00000 1310 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйн шинжээч мэргэжилтэй, хувиараа нийтийн халуун ус ажиллуулдаг, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Батцогтын Б.А, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-755 тоот хашаанд байрлах халуун ус, үсчингийн газарт О.Зтай маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас баруун чихэнд шарх, цус хуралт, зулгаралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч О.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

- Гэрч Э.Уранцацралтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8317 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Яллагдагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Аг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-755 тоот хашаанд байрлах халуун ус, үсчингийн газарт О.Зтай маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас баруун чихэнд шарх, цус хуралт, зулгаралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.А нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-755 тоот хашаанд байрлах халуун ус, үсчингийн газарт О.Зтай маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас баруун чихэнд шарх, цус хуралт, зулгаралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч О.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.А нь “Номин, Золзаяа нар юу яриад байдаг юм бэ” гэж хэлж уурлаж орилж байгаад хаалга нээж орж ирээд хэрүүл хийж эхлэхээр нь би түүнд өмнө нь уурлахаар чинь би тэвчсэн одоо дахиад яагаад уурлаад байгаа юм бэ гэж хэлээд байж байтал Б.А над руу учиргүй дайраад байхаар нь би өөдөөс нь маргалдаад байж байтал намайг алгадах гээд байхаар би гараараа хаатал ээж хажуугаас орж түүнийг надаас холдуулж үүдний орчим аваачихад Б.А өрөөнөөс гарахдаа үүдэнд байсан хогийн савны таг аваад над руу шидэхэд миний нүүрэнд оносон. Б.А гараад явахаар нь би араас нь гарч Б.Атай барьцалдаж аваад түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Энэ үед Б.А надад “Чи камертай газах намайг зод зод” гээд байхаар нь би буцаад өрөөрүү орсон бөгөөд энэ үед ээж маань Б.Агийн нөхрийг дуудаж өрөөнд оруулж ирсэн бөгөөд Б.А араас орж ирээд уурлаж орилж байгаад гар утсаа над руу шидэж миний баруун чихэнд онож миний чихнээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай охин “танд ээж байгаа юм уу” гэхэд Б.А “чи намайг ээжгүй гэж доромжиллоо” гээд Золзаяа руу дайрч очоод алгадсан боловч Золзаяа гараараа хаасан. Би очиж Б.Аг салгаж үүд рүү болгосон. Б.А дахиж орилж байгаад хажууд байсан хогийн савны тагийг авч манай охин руу шидэж нүүрэн тус газарт нь зүүн хацар орчимд нь оносон. Б.А нөхөртөө “Золоо намайг зодчихлоо” гэж орилж байгаад гартаа байсан гар утсаа манай охин руу шидэхэд уг гар утас нь манай охины чихэнд онож, манай охин уурлаад доошоо суухад түүний чихнээс нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

- Гэрч Э.Уранцацралтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Золзаяа дахиад чи эхтэй юмуу гэж асуусан чинь Б.А уурлаж Золзаяаг алгадах гэсэн чинь Золзаяа гараараа хааж байсан. Би энэ үед угаалгын өрөөнөөс гарж ирээд тэр хоёрын голоор нь орж зогсоод Золзаяад “хуц эхтэй шүү” гэж хэлсэн. Б.А уурлаж, уйлаад өрөөнөөс гарах гэж байтал Золзаяа “арчаагүй, эхгүй амьтан” гэж хэлтэл эгч уурлаж хогийн савны таг авч шидсэн боловч Золзаяаг оноогүй. Тэгээд Б.А түрүүлээд өрөөнөөс гарах үед Золзаяа, Оюунтуяа нар түүний араас дайрч гарах гэхээр нь би голоор нь орж зогсоотол Оюунтуяа миний цамцнаас татаж үлдээгээд Золзаяа миний гарыг түлхэж гараад Б.А эгч рүү очиж түүний үснээс зулгааж байгаад нүүр орчим нь гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь манай эгч цагдаад утсаар дуудлага өгөөд байж байтал Золзаяа дахин эгчийг хараагаад байхаар Б.А уурлаж гартаа байсан гар утсаа Золзаяа руу шидсэн чинь уг утас нь Золзаяагийн баруун чихний орчим онож Золзаяа уйлж доошоо суугаад манай эгч ч гэсэн уйлж байтал Оюунтуяа, Золзаяа нар гарж явах үедээ манай уйлаад сууж байсан эгчийг “хохь чинь арчаагүй, эхгүй пизда минь” гэх мэтээр харааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8317 дугаартай: “...О.Згийн биед баруун чихэнд шарх, цус хуралт, зулгаралт, баруун бугалганд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Яллагдагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгсэн Золзаяа намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь миний тэвчээр барагдаад тухайн үед уур хүрээд гартаа барьсан байсан гар утсаа Золзаяа руу шидчихсэн чинь Золзаяа гэнэт чихээ бариад орилоод газарт суусан. Тэгсэн харин чих рүү нь оноод цус гараад байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь О.Зтай маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас баруун чихэнд шарх, цус хуралт, зулгаралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч О.Згийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Агийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч О.З нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 180,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.А төлж барагдуулсан, баримтаа шүүх хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ