| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01322/и |
| Дугаар | 155/ШШ2018/01471 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2018/01471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт Л.С,
Хариуцагч:Б овогт О.Ц нарт холбогдох
Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 8.212.500 / найман сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Л.С, хариуцагч О.Ц, өмгөөлөгч Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тосонцэнгэл сумын “Сум хөгжүүлэх сан”-аас Л.С, О.Ц нар нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай Талхны үйлдвэрлэлийн зориулалтаар 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлт хийгээгүй, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дууссан.
Иймд хугацаа хэтэрсэн үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 712.500 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 8.212.500 төгрөгийг Л.С, хамтран зээлдэгч О.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцож байгаа. Амьдрал дэмжих сангаас зээл авч төлөх асуудал яригдаж байгаа. Зээлийг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А29 дугаартай захирамжийн дагуу Л.С-д талхны өргөтгөлийн зориулалттайгаар 5.000.000 төгрөгийг 2 жилийн буюу 2014-2015 оны хугацаатайгаар зээл олгосон. Зээлээр олгосон 5.000.000 төгрөгийг Л.С-ийн өөрийн ХААН банкны 5890252488 гэсэн дансанд шилжүүлж олгосон байгаа. Зээлийн хугацаанд 137.500 төгрөг төлсөн. Түүнээс хойших үндсэн зээл 5.000.000 хүү нь 712.500 төгрөг, алданги 2.500.000 төгрөг. Нийт 8.212.500 төгрөг болсон. Иймд Л.С-оос дээрх мөнгөн дүнг гаргуулж Т сумын Засаг даргын тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү Та хоёрын дундын эд хөрөнгөнд бид шууд халдах эрх байхгүй. Бид зээлсэн мөнгөө буцаан авах тухай нэхэмжлэл гаргаж түүний талаар л асуудал хөндөгдөж байгаа гэв.
Алдангийг 1.500.000 төгрөгөөр бууруулж 6.712.500 төгрөг нэхэмжилж байна. Ц-тай уулзаж асуухад сум хөгжүүлэх сангийн зээл надад хамааралгүй болсон. Яагаад намайг оролцуулаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Содномдорж өөрөө төлнө гэж хэлцэл байгуулж гарын үсэг зурсан бичиг баримт байгаа гэж хэлж байсан гэв.
Хариуцагч Л.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ж-ийн нэхэмжлэлтэй танилцаж, хариуцагч Л.С миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, хилчний 35-40 тоотод оршин суугч Л.С миний бие 2010 оноос 2013 оныг хүртэл Х аймгийн Т сумын иргэн О.Ц-тай хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа 2011 оноос гэрт амьдарч байхдаа талх барьж зардаг байсан. Улмаар 2012 оны 5 сард Т сумын 5 дугаар багийн иргэн Б.Г-ээс цехийн барилгын байр буюу 5х5 харьцаатай байшинг 2.500.000 төгрөгөөр, талх шарах 2 пийшинг 2.500.000 төгрөгөөр “Эй Би Юу” ХХК-аас зээлээр тус тус худалдан авч авчирч тавьсан. Мөн 380-ын зөвшөөрөл авч, шугам татаж, тохижуулан үйлдвэрлэл явуулах боломжтой болгож, нийт 6.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж талхны цехтэй болсон. Үүнд Ц-ын хөрөнгө ороогүй ба би дан ганц өөрийн хөрөнгөөр босгосон. Гэтэл 2013 оны 3 дугаар сард миний хүү гэнэт нас барсан. Тэгээд цехийн барилга жижигдээд байсан учир өргөтгөл хийх, эргэлтийн хөрөнгө бий болгох зорилгоор 5.000.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 сард авч зээлээр авсан 2 пийшингийн үнэ 2.500.000 төгрөгийн зээлийг төлж, 1.024.000 төгрөгийг цехийн эргэлтийн хөрөнгө болгож үлдээсэн. Үлдсэн 1.476.000 төгрөгөөр цехийн өргөтгөл хийх зориулалтаар 20мЗ модны зөвшөөрөл болон унаа машин, торх өрүүлсэн ажлын хөлс зэрэгт зарцуулсан. Зээл авснаар цехийн үйл ажиллагаа жигдэрсэн ч 2013 оны 6 сараас хойш угийн таарамжгүй байсан харилцаа улам хэцүү болж, би Мөрөн суманд амьдрах болсон. Цех болоод бүх хөрөнгийг О.Ц авч үлдсэн. Улмаар 2013 оны 10 дугаар сард хамтын амьдралтай байсан хугацааны хөрөнгийг шүүхийн журмаар нэхэмжилсэн ба миний хувьд хүүхэд өнгөрсөн, биеийн байдал тааруу эмчлүүлэх шаардлагатай байсан тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Миний өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон бүх хөрөнгийг О.Ц авсан. Зээлийн барьцааны хөрөнгө цехийн барилга, тоног төхөөрөмж байгаа. Энэ хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу О.Ц авсан ба Т сумын сум хөгжүүлэх сангаас авсан 5.000.000 төгрөгийн зээлийг цехийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон өргөтгөлийн ажилд зарцуулсан. О.Ц 2013 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл тус цехийг ажиллуулж байгаа боловч би тус цехээс ашиг орлого хувааж аваагүй болно. Харин 5.000.000 төгрөгийн хөрөнгийг О.Ц авч үлдсэн ба одоо ашигласан хэвээр байгаа тул үндсэн зээлийг хүү, алданги төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч О.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын дарга Г.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие сум хөгжүүлэх сангаас Л.С-ийн авсан 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд Л.С-ийн шахалт сүрдүүлэг, дарамтанд орж гарын үсэг зурсан нь үнэн. Харин энэ хүн надтай хамтран амьдарч байх хугацаандаа байнгын хүчирхийлэл үзүүлж үхсэн амьдаар дуудаж, ээжид минь агсам тавьж, сүх барьж ирж ээжийн минь байшинг сүхээр цавчиж, миний бүх эд хогшлыг хагалж, аавын минь зургийг хагалж уриад гоожуур доогуур хийх зэргээр байнга хүчирхийлдэг байсан. Ингээд сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай 5.000.000 төгрөгийн зээлийг аваад 2013 оны 05 дугаар сарын 25-ны үед 5.000.000 төгрөгөө аваад Эрээн яваад ирэхдээ 12 ширхэг дружба хөрөө 6 ширхэг гар утас, өөрийнхөө төрсөн дүү Ч-ээ угаалын машин зэргийг авчирж өгсөн байсан. .... гэв. Үлдсэн 3.385.000 төгрөг нь түүний дансанд нь байсан. Ингэж явж ирээд 5-6 хонож байгаад гэнэт нэг өдөр “би явлаа, чамаас саллаа” гээд гэрийн доторх бүх цахилгаан бараа болох ус буцалгагч, халуун тогоо, хөргөгч, хөлдөөгч гэх мэд бүх зүйлийг хамж аваад пдэлгүүр тавиулсан хөрөө утас болон хоёр гахайтай эрээний бараа, хоёр айлын хашааны банз, 7х7 дүнзэн торх, хэрчсэн гурлын тоног төхөөрөмж, элдэгч, хайрагч, зуурагч, мотоцикль зэргийг ахынхаа машиныг авч ирээд гэртээгээ хамт ачаад явсан. Энэ үед нь би сумын хэсгийн төлөөлөгч Б, цагдаа С, сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан Хгуай болон тамгын газрын дарга Л.Ж нарт ганцаараа хоёр удаа, ээжтэйгээ нэг удаа очиж энэ хүн чинь 5.000.000 төгрөгөө ааваад бүх юмаа ачаад явлаа шүү. Дансанд нь байгаа 3.185.000 төгрөг байна. 7х7 торх, банз байна, одоо хурааж аваач гэж олон удаа очиж эрх бүхий холбогдох хүмүүст нь хэлж байсан боловч ердөө хөдөлж өгөөгүй атлаа нэг ч төгрөг аваагүй надаас одоо 5.000.000 төгрөг авна гэж нэхэмжилж яаж чадаж байнаа. Иймд бас энэ 5.000.000 төгрөнд ямарч холбогдолгүй хариуцах үндэслэлгүй хүн. Тухайн үед сумыг хохироох гэж байна гэж бодоод зөндөө олон удаа хэлсэн. Тэр ч бүү хэл С-ийн шүүхийн шийдвэрээр надад өгөх ёстой байсан 2.275.475 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаад авч өгөх гэхэд нь “би авахгүй, наадах мөнгөө сум хөгжүүлэх санд нь төл гэж “ хэлээд хүртэл аваагүй. Гэтэл тэр мөнгөөрөө хүртэл талыг нь төлж болох л байсан. Энэ хүн нотариатч Н гэдэг хүн дээр ирж хэлцэл хийгээд шүүхийн шийдвэрээр миний авах ёстой байсан мөнгийг аваагүй татгалзсан учир сум хөгжүүлэх сангийн 5.000.000 төгрөгийг би өөрөө хариуцаж төлнө гээд нотариатаар батлуулсан байгаа шүү дээ. Иймд би сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг хариуцах хариуцагч нь биш гэдгийг энэ хэлцэл ч хүртэл гэрчилнэ. Хэлээд сануулаад байхад зээлээ төрүүлж аваагүй дээрх эрх бүхий албан тушаалтнууд ч гэсэн гэрчилнэ. Иймд би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харуцахгүй учир хариуцагч Л.С-оор төлүүлэхийг Ж дарга өөрөө сайн мэдэж байгаа.
Иймд миний бие Ц нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс энэ зээлийг өргөтгөлд зориулахаар авсан нь үнэн. 2 сая төгрөг мөн дээрээс нь модны зөвшөөрөл, өргөтгөлийн зориулалт машин түлш зэрэгт тодорхой хэмжээг нь зарсан. Эргэлтийн хөрөнгө үйлдвэр үйлчилгээний түүний эд, тоног төхөөрөмжид, пийшэн зэрэгт тодорхой хэмжээг нь зарцуулсан. Торхны зургийг авч шүүх хуралдаанд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Миний зүгээс өөрт авч үлдсэн зүйлгүй. Бүгд сумандаа л үлдсэн. Хамтран зээлдэгч хоёулаа чадна гэж гарын үсэг зурсан байхад ганцхан надаас гаргуулна гэж байгаад гомдолтой байна. Би Т суманд гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж тус сумын иргэдийг хангаж үйлчилж байсан. Миний өргөтгөл хийсэн цех одоо ч Тосонцэнгэл суманд ажиллаж сум орон нутгийн иргэдээ талх, талхан бүтээгдэхүүнээр хангаад ажиллаж байгаа. Ийм байхад надтай хөөцөлдөөд байх нь зүйд нийцэхгүй байна гэв. Хамтран амьдарч байсан гэж үзэж байгаа л юм бол хоёр хүнийг хамтад нь хариуцагчаар татах ёстой. Би шүүхийн шийдвэр гарчихсан болохоор зээлээ төлнө гэсэн. Миний зүгээс бултаж зайлаад байх зүйлгүй. Хугацаа авч чадах хэмжээгээр төлнө, төлж ч байсан. Албан бичиг дээр мөнгөн дүнг өсгөж бичсэн байсан. Надад 2.002.500 төгрөг төлөхгүй бол гадаад улсад гаргуулахгүй гэх хориг бичиг гаргаж өгч байсан. Миний зүгээс цехээ эргүүлж авна. Дараа нь төлбөр барагдуулна гэсэн хэлцэл О.Ц-тай байгуулсан. Өөр ямар нэгэн хэлцэл байгуулаагүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаймгийн Т сумын засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.С, О.Ц нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 712.500 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 8.212.500 / найман сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь хариуцагч О.Ц-ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, хариуцагч Л.С-оос сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр алданги нийт 6.712.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөн багасгасныг хариуцагч Л.С эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ 2 хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, барьцаа хөрөнгийн жагсаалт 1 хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хяналтын түвшний хуулга 1 хуудас, төлбөрийн хүснэгт 1 хуудас, бэлэн мөнгө олгосон хүснэгт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Т сумын засаг даргын “Зээл олгох тухай” захирамж 1 хуудас, сум хөгжүүлэх сангаас олгох зээлдэгчийн жагсаалт 1 хуудас зэргийн Хөвсгөл аймгийн Т сумын засаг даргын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
Хариуцагч О.Ц Л.С-той хийсэн хэлцэл, тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1246 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт эх хувиар,
Хариуцагч Л.С зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Л.С-д гэх Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан бичиг эх хувиар, 2 хуудас, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан бичиг эх хувиар, Хөвсгөл аймгийн засаг даргын захирамж хавсралтын хамт хуулбараар, байшингийн фото зураг зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Л.С нарын тайлбараар хариуцагч Л.С нь О.Ц-тай хамтран амьдарч байх хугацаандаа Х аймгийн Т сумын тамгын газрын сум хөгжүүлэх сангаас Талхны үйлдвэрийн зориулалтаар 5.000.000 төгрөгийн зээл авахдаа гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.Ц оролцсон, Л.С, О.Ц нар нь хамтын амьдарлын явцад үүссэн дундын хөрөнгийн талаархи маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн, хариуцагч Л.С-оос авах төлбөрийг О.Ц авахаас татгалзаж сум хөгжүүлэх сангийн зээлийг Л.С нь хариуцаж төлөхөөр хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдлоо.
Х аймгийн Т сумын засаг даргын тамгын газар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.2-д зааснаар сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр, алдангийг шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” нь талууд гэрээний гол нөхцөл болох зээл, зээлийн төлбөр, хүү, алдангийн талаар урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх ба энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газар, хариуцагч Л.С нарын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 14 дугаартай “Зээлийн гэрээ” –г талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн хийсэн, гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээний дагуу хариуцагч Л.С нь зээл, зээлийн хүү, алдангийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Л.С нь зээлийн төлбөрт 137.500 төгрөгийг төлсөн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүүг би яаж бодсоныг сайн мэдэхгүй байна. Хэдэн төгрөг төлсөн байсан байх 137.500 төгрөг төлсөн байх, Програм дээр тодорхой байгаа би энэ талаар сайн харж амжаагүй ирсэн. эвлэрүүлэн зуучлагчид хандсан тэр үеийнхээ хүүг тооцсон болов уу өнөөдрийг хүртэлхи хугацааны хүүг нэхэмжилнэ, алдангийг яаж тооцсоныг мэдэхгүй байна гэхдээ өөрийн эрх хэмжээний хэмжээнд алдангийг 1500.000 төгрөгөөр тооцох хүсэлтэй байна гэж тайлбарладаг ба зээл авснаас хойш 65 сар буюу зээлийн хүү 812.500 төгрөг үүнээс хариуцагчийн төлсөн 137.500 төгрөгийг хасаж тооцоод, зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 675.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 6675.000 төгрөгийг хариуцагч Л.С-оос гаргуулж нэхэмжлэгч Х аймгийн Т сумын засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Л.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...миний зүгээс энэ зээлийг өргөтгөлд зориулахаар авсан нь үнэн. 2 сая төгрөг мөн дээрээс нь модны зөвшөөрөл, өргөтгөлийн зориулалт машин түлш зэрэгт тодорхой хэмжээг нь зарсан. Эргэлтийн хөрөнгө үйлдвэр үйлчилгээний түүний эд, тоног төхөөрөмжид, пийшин зэрэгт тодорхой хэмжээг нь зарцуулсан. Торхны зургийг авч шүүх хуралдаанд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Миний зүгээс өөрт авч үлдсэн зүйлгүй. Бүгд сумандаа л үлдсэн. Хамтран зээлдэгч хоёулаа чадна гэж гарын үсэг зурсан байхад ганцхан надаас гаргуулна гэж байгаад гомдолтой байна. Би Т суманд гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж тус сумын иргэдийг хангаж үйлчилж байсан. Миний өргөтгөл хийсэн цех одоо ч Тосонцэнгэл суманд ажиллаж сум орон нутгийн иргэдээ талх, талхан бүтээгдэхүүнээр хангаад ажиллаж байгаа. Ийм байхад надтай хөөцөлдөөд байх нь зүйд нийцэхгүй байна гэв. Хамтран амьдарч байсан гэж үзэж байгаа л юм бол хоёр хүнийг хамтад нь хариуцагчаар татах ёстой гэж маргах боловч хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1246 дугаартай шийдвэр, Л.С, О.Ц нарын хооронд сум хөгжүүлэх сангийн зээлийг Л.С хариуцах талаар тохиролцож хийсэн хэлцэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан хариуцагчийг татгалзах эрхээ эдлэн О.Ц-ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул тухайн хамтын амьдарлын явцад уг зээлээр бий болсон эд хөрөнгийг хуваах, хариуцагчаар хамтран оролцуулах талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Л.С-оос 6.675.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Т сумын засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.С-оос нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 6.675.000 төгрөгөнд тохирох 121.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.2-д зааснаар хариуцагч Л.С-оос 6.675.000 /зургаан сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х аймгийн Т сумын засаг даргын тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.С-оос 121.750 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА