| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2022/0639/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/684 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/684
2022 8 25 2022/ШЦТ/684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонжаргалын О.Гэд холбогдох эрүүгийн 2211007471302 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өгөгдлийн сангийн оператор мэргэжилтэй, “Морин сувд” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хорих ял оногдуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 377 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
О.Г, регистрын дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.Бг зодож “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, хөмрийн нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад гэмтэл шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6261 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Яллагдагч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас О.Гийг 2022 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.Бг зодож “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад гэмтэл шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.Бг зодож “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад гэмтэл шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ ортол манай нөхөр О.Г нь согтуу орон дээрээ унтаж байсан юм.Тэгээд би тухайн үед сэрээх гээд дуудтал сэрээгүй тэгээд би буйдан дээр цүнхээ тавьчхаад буцаж очоод дахиад дуудтал сэрэхгүй байсан учраас О.Гийн хөл рүү хөлөөрөө чи согтуу байгаа юм уу архи уусан бол хэлэхгүй яасан юм бэ? гэсэн чинь намайг заамдаж аваад чи намайг өшиглөж сэрээдэг хэн бэ чи битгий давраад байгаарай гээд намайг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6261 дугаартай: “...Б.Бгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал уруулд зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Яллагдагч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие өмнө гэрчээр мэдүүлэг өгөх үедээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байгаа. Б.Б гэгчтэй миний бие хамт амьдраад 1 жил гаран болж байгаа ба албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй ээ. Манай эхнэр Б.Б нь нэг баарны зохион байгуулагчийн ажил хийдэг болсон бөгөөд архи уух, гэртээ ирэхгүй байх зэрэг асуудлаас болоод бид хоёр маргалдсан байсан юм. Тэгээд манай хүү өвдөөд эмнэлэгт хэвтсэн ба манай эхнэр намайг нэг ч эргэж ирээгүй юм. Үүнээс болоод бид хоёр бага зэрэг маргалдсан байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-110 тоот согтуу унтаж байтал манай эхнэр Б.Б нь гаднаас согтуу орж ирээд миний хөл рүү өшиглөхөөр нь яагаад өшиглөөд байгаа гээд түүнтэй маргалдаад түүний нүүр хэсэг рүү нь 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгсэн Б.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Г нь өөрийн эхнэр Б.Бг зодож “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, хөмрийн нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад гэмтэл шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Бгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Гийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Б нь “...Надад учирсан хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 79 дэх тал/ бөгөөд хавтаст хэрэгт баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд Эрүүл мэндийн даатгалын сангаас 48,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Гэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/-ийг гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.
Хохирогч Б.Бд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 42,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч О.Гэс уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
5. Шүүгдэгч О.Гэс 42,000 /дөчин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн шууд хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ