| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00804/и |
| Дугаар | 835 |
| Огноо | 2018-10-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 835
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ө сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар намайг Ө сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө миний бие тус сургуулийн үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу намайг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажилд эгүүлэн тогтоохдоо түр тушаалаар томилж, 2 сар гаруй хугацаанд ажиллуулж, шүүхийн шийдвэрийг ор нэр төдий биелүүлэн, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахиад ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний ажлын байр, орон тоо хасагдаагүй, одоо хүртэл байгаа, мөн шинээр жижүүрийн 2 орон тоо гарсаар байхад намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сургуулийн захирал Л нь намайг өмнө нь үндэслэлгүйгээр ажлаас халчихаад миний ажлын байранд өөр хүн авсан бөгөөд одоо хүртэл тэр хүн нь миний ажлын байранд ажилласаар байхад орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Аймгийн боловсрол, соёлын газраас Ө сургуулийн үйлчлэгчийн ажлын байрыг хасаж, цөөрүүлсэн зүйл огт байхгүй юм. Намайг ажлаас чөлөөлөхдөө орон тоо, хасагдсан, цөөрүүлсэн талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг ор нэр төдий биелүүлж, намайг түр тушаалаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж байгаад дахин ажлаас чөлөөлсөн Л захиралд гомдолтой байгаа тул намайг Ө сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө сургуулийн захирал Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь иргэн Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх болсон тухайн үед сургуулийн ажилчид амарсан байсан ба үйлчлэгчид хийх тодорхой ажил байгаагүй тул Б-г ах Ба-ийн хамт дуудан уулзаж сургуульд “Үйлчлэгчийн орон тоо байхгүй” гэх мэтээр тухайн үеийн бодит нөхцөл байдлыг тайлбарлаад мод услах ажлыг өгч ажиллуулсан. Үйлчлэгч нар амралтаа дуусаад ажилдаа орж тус тусынхаа ажил үүргээ гүйцэтгэх болсон. Гэтэл үйлчлэгч Л чөлөө авч Улаанбаатар хот явсан учраас түүний оронд Б-г үйлчлэгчээр ажиллуулсан. Үйлчлэгч Л-ийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа ороход Б хийх ажилгүй болсон тул ажлаас чөлөөлсөн. Мөн манай сургуульд бүтэц, орон тооны норматив шинэчлэгдэж ирсэн. Иймд үйлчлэгч нарын цэвэрлэх талбай дахин шинэчлэгдэх шаардлагатай болж 1 үйлчлэгч 750 м.кв талбай цэвэрлэх болсноор үйлчлэгч нарын тоо өмнөхөөсөө цөөрч хасагдах болсон. Урд нь үйлчлэгч нар 350 м.кв цэвэрлэгдэг байсан. Энэ нь Б-г ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Б-г урьд өмнө нь ажлаас халсан тушаал гаргаагүй ба оронд нь ямар нэг хүн авч ажиллуулаагүй. Би Б-г чөлөөлөхдөө амаар мэдэгдсэн, бичгээр мэдэгдэл өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ө сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыш хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Б нь Ө сургуульд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад Ө сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг тус тус үндэслэн үйлчлэгчээр түр ажиллаж байсан Б-г 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан ба хариуцагч Ө сургуулийн захирал Л нь нэхэмжлэгч Б-д 1 сарын өмнө мэдэгдэл өгөөгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Ө сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Ө сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 тоот “Ж-г ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 2/319 тоот албан тоот зэрэг баримтууд нь хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ө сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г Ө сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ө сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР