| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00816/и |
| Дугаар | 842 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 842
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрах хороолол, 2 дугаар 48 айлын орон сууцны 3-26 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар УЮ88050104, Хойд овогт Лхагвасүрэнгийн Золбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 14-05 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар УП89071258, Харагчууд овогт Сүхбаатарын Ууганбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Золбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр С.Ууганбаяртай 2010 онд гэр бүл болж, бидний хамтын амдралын хугацаанд 2011 онд охин У.Энгүүн төрсөн. Бидний амьдрал эхний 1 жил сайхан байсан боловч нөхөр маань 6 жил тасралтгүй архи ууж, удаа дараа агсам согтуу тавьж намайг зоддог болсон. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх гэх мэтээр асуудал гаргадаг. Миний хувьд хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн, цаашид хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Охин маань хүртэл “Залхаж байна” гэх үгийг удаа дараа хэлж байна. Би эх хүний хувьд маш олон дарамтыг өнгөрөөж ээжээсээ мөнгө авч машин авч өгсөн бөгөөд залуу хүний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд миний ээжийн авч өгсөн Vits автомашин байгаа, энэ машиныг надад шилжүүлжж өгсөн. Одоо эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөрийн гэсэн байртай, зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, охиноо цаашид сургаж хүмүүжүүлээд явах бүрэн боломжтой” гэжээ.
Хариуцагч С.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.Ууганбаяр миний бие эхнэр Л.Золбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би эхнэр Л.Золбаяртай 2010 онд гэр бүл болж, бидний дундаас 2011 онд охин У.Энгүүн төрсөн. Охин маань одоо 7 нас хүрч байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Л.Золбаярын хэлсэн зүйлүүдийг зөвшөөрч байна. Харин охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Охин маань ч аавтайгаа хамт амьдарна гэсэн саналыг шүүхэд өгсөн байдаг. Хадам ээж болох Маамуу нь охиныг маань байнга дарамт үзүүлдэг, харилцааны соёл муутай хүн байдаг. Харин ээж болох Л.Золбаяр нь хүүхэдтэйгээ хэвийн харилцаатай, гэхдээ охин маань ихэндээ эмээтэйгээ хамт байдаг юм. Манай аав, ээж хоёр боломжийн ажилтай хүмүүс байдаг, би ч гэсэн хэрчсэн гурилын цех ажиллуулдаг. Охиноо асрамждаа авбал аав, ээжтэйгээ хамт амьдарна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Золбаяр нь хариуцагч С.Ууганбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Л.Золбаяр, С.Ууганбаяр нар 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин У.Энгүүн төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан ба хэрэгт авагдсан хариуцагч С.Ууганбаярын 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 62 тоот “Захиргааны шийтгэл ногдуулах” шийтгэвэр, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 230 тоот “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” шийтгэвэр, Увс аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 460 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Увс аймгийн Прокурорын газрын 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 68 тоот “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 61 тоот “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” шийтгэвэр, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 61 тоот “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” шийтгэвэр, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 149 тоот “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” шийтгэвэр, гэмт хэргийн бүртгэл, С.Ууганбаярын захиргааны хариуцлагын тухай хууль, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан жагсаалт, Увс аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн С.Ууганбаярын саатуулагдсан лавлагааны жагсаалт, Л.Золбаярын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргээс дүгнээд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтийг хаана, хэзээ, ямар эрх бүхий этгээд бэхжүүлсэн нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч Л.Золбаяр нь Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 2-48 айл 3-26 тоотод 16.7 м.кв талбайтай нэг өрөө орон сууцтай болох нь үл хөдлөх хөрөнгийн Ү-1520000245 тоот гэрчилгээгээр, мөн хувиараа хөдөлмөр эрхлэн орлого олж шимтгэл төлж байгаа болох нь түүний №0791998 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогджээ.
Хариуцагч С.Ууганбаяр нь “Би охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Манай аав, ээж хоёр боломжийн ажил хийдэг, би өөрөө хэрчсэн гурилын цех ажиллуулдаг. Мөн хадам ээж болох Маамуу нь миний охиныг дарамталдаг” хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ талаараа нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна.
Иймд эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан охин У.Энгүүнийг эх Л.Золбаярын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин У.Энгүүнийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Ууганбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Золбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 170.582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Золбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харагчууд овогт Сүхбаатарын Ууганбаяр, Хойд овогт Лхагвасүрэнгийн Золбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Энгүүнийг эх Л.Золбаярын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин У.Энгүүнийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Золбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 170.582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Золбаярт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР