Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/694

 

 

 

 

 

 

 

 

   2022         8           29                                     2022/ШЦТ/694

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,

насанд хүрээгүй хохирогч С.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ц,

иргэний хариуцагч Ц.Баясгалан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хаалттайгаар хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2203002870348 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээврийн нэгтгэл” Автобус 1 дүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ...  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны 08 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Peace mall” худалдааны төвийн урд талын замд “Daewoo BS 106” маркийн 23-82 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, зорчигч С.Мийг /16 настай/ автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөн эхлүүлсний улмаас С.М унаж, хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх ба  шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “та сонсголын асуудалтай юм байна, үүнийгээ эмнэлэгт үзүүлсэн зүйл байна уу” гэхэд шүүгдэгч “байхгүй, би өөрөө чихээ ухаж байгаад гэмтээсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.М нь “...Тухайн үед би 2 дүүтэйгээ зорчиж явсан ба манай бага дүүг бууж байх үед автобус гэнэт хөдөлсөн тэгээд манай дүү унасан учир би дүүгээ татаад араас нь буугаад унаад 2 хөлөө татаж амжаагүй байтал автобус миний хөлөн дээгүүр гарч явсан...” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.Мийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нь “...Шүүгдэгч Б.Б нь анх надад том тэрэгний жолооч хийж байгаад сонсголгүй болсон гэж хэлсэн. Автобус компани яагаад ийм сонсгол муутай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авсан юм бол үүн дээр гомдолтой байна. Тухайн үед манай хүүхэд сургуулийн автобусны буудал дээр байсан. Би энэ хүнээс ажлынхаа цалинг бодож нэхэмжлээгүй, зөвхөн энэ хүнээс эмнэлгийн зардлыг нэхэмжилж байгаа. Уг асуудалд энэ автобусны компани хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Баясгалан нь “...Хохирол төлбөрийн асуудал дээр мөрдөн байцаалтын шатанд баримтуудтай танилцсан, шүүх дээр ирээд танилцсан, нийт 16 баримтыг 1,261,457 төгрөгийн баримт, шүүгдэгчийн төлсөн 91.500 төгрөгийн баримтуудтай танилцсан. Б.Быг сонсголын бэрхшээлтэй болсон гэдгийг анх удаагаа мэдэж байна. Хэрвээ урьд нь үнэхээр сонсголын бэрхшээлтэй байсан бол мөрдөн байцаалтын шатанд мэдэгдэх байсан. Манай байгууллагад анх ажилд авахдаа бүх хүнд эрүүл мэндийн хуудас өгч мэргэжлийн эмч шалгадаг. Ажилчид бүгд 1 жилд 4 дүгээр сард, 9 дүгээр сард үзлэгээр орж шалгуулдаг. Сургалтын тухайд бүх жолооч нарыг тогтмол хамруулдаг. Осол, зөрчил гаргасан жолооч болгоныг 5 дахь өдөр болгон сургалтын албанд сургаж, аль болох осол гаргахгүй байх юмсан гэж ажилладаг. Хохирол төлбөрийн асуудал дээр олон жолоочтой байдаг учраас даатгалтай гэрээ байгуулж ажилладаг. Бидний зүгээс даатгалаас мөнгө аваад хохирол төлбөрийг төлөх боломжтой. Б.Б надад хэлэхдээ баримтгүй нийт 2,000,000 төгрөгийн хохирол байгаа, баримттай 1,200,000 төгрөгийн хохирол байгаа мөн бид хоёрын хувьд жаахан маргаантай байгаад байгаа гэсэн хариу хэлсэн. Өнөөдөр баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрийг даатгалаар төлж барагдуулна...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч С.Мийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

- Иргэний хариуцагч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Гэрч А.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7896 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн оношлогооны дүгнэлт /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Тээврийн прокурорын газраас Б.Быг 2022 оны 5 дугаар сарын 25-ны 08 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Peace mall” худалдааны төвийн урд талын замд “Daewoo BS 106” маркийн 23-82 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, зорчигч С.Мийг /16 настай/ автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөн эхлүүлсний улмаас С.М унаж, хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны 08 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Peace mall” худалдааны төвийн урд талын замд “Daewoo BS 106” маркийн 23-82 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, зорчигч С.Мийг /16 настай/ автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөн эхлүүлсний улмаас С.М унаж, хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 24 дүгээр сургуульд сурдаг. Уг нь манай эцэг, эх өглөө бүр хүргэж өгдөг ба тухайн өглөө ажил гараад, хүргэж өгч чадаагүй юм. Миний бие 6-13 насны 2 дүүгээ дагуулаад автобусаар сургууль руугаа явсан ба осол болсон автобусны буудал дээр ирээд автобус зогссон. Хүмүүс буугаад байсан ба би сүүл орчмоор нь 6 настай бага дүүгээ урдаа бариад, шатаар буух гэсэн чинь автобус хөдлөх үйлдэл хийсэн. Тэр үед манай дүү автобуснаас бууж амжсан ба буухдаа хаалганы орчимд гадаа унасан, тэгэхлээр нь би дүүг маань автобус дайрчихгүй байгаадаа гэж бодоод айсандаа хаалга хаагдахаас өмнө нь үсрээд буухдаа автобусны харалдаа унасан. Тэр автобус хөдөлсөн ба хөдлөхдөө миний 2 хөл дээгүүр дугуй нь гарч явсан. Удалгүй жолооч ах бууж ирсэн. Харин автобус дотроос манай 13 настай дүү Ивээл бууж ирээд ээжид хэлсэн байсан ба удалгүй ээж болон 103 эмч ирээд намайг эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч С.Мийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнэдолгор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Учир нь ослын газарт би байгаагүй учраас мэдэх зүйл байхгүй байна. Гэхдээ тухайн автобусанд манай том охин 6-13 насны 2 дүүгээ дагуулаад хичээлдээ явах гээд суусан явж байсан. Ингээд 08 цаг 20 минутын орчимд тухайн осол болсон автобусны буудал дээр автобус зогсоод хүмүүс бууж хойноос нь эхлээд манай 6 настай бага охин буусан гэсэн. Тэр үед автобус гэнэт хөдөлсөн гэсэн ба дүүгээ цааш түлхээд өөрөө буух гэж байгаад унаж улмаар хөлөө татаж авч чадахгүй байж байгаад автобусанд 2 хөлөө дайруулсан гэж надад өөрөө хэлсэн. Ослын талаар өөр мэдэх зүйл байхгүй. Автобус зогсож байгаад хүмүүсээ бүрэн буулгаад, суулгаад хөдөлгөөнөө эхлээгүйн улмаас ийм асуудал гарч байгаа шүү дээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

- Иргэний хариуцагч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, иймээс хэлэх зүйл байхгүй байна. Гэхдээ манай байгууллагын шуурхай хуралд дээр тухайн жолооч нь зам тээврийн осол гаргасан ба ТЦА-нд шалгагдаж байгаа гэж сонссон. Жолооч нь надад хэлэхдээ, хүүхэд автобуснаас буухдаа хөлөө гэмтээсэн гэсэн утгатай юм хэлж байсан. Ослын улмаас манай байгууллагын эзэмшлийн дээрх автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Гэрч А.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 5 сарын 25-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад тухайн осол болсон газрын харалдаа замын урд талаас замын хойд тал руу “Peace mall” дэлгүүр рүү орох гээд явган хүний гарц дээр зогсож байгаад, явган хүний явах ёстой ногоон гэрэл асахаар нь олон хүмүүстэй, урдаас хойд зүгийг чиглээд явж байтал зүүнээс баруун зүгийг чиглэн явсан урсгалаар 1 дүгээр эгнээнд явж байсан автобус улаан гэрлээр тухайн гарцаар явж байсан хүмүүсийн урдуур бараг дайрах, мөргөх шахам өнгөрсөн. Би тэр үед тэр жолоочийг дүрэм зөрчөөд, ямар сонин жолооч вэ гэж бодоод зам гараад нөгөө дэлгүүр рүү орох гээд явж байсан чинь нэг эмэгтэй хүүхэд орилох дуу чимээ гарсан. Эргээд харсан чинь нөгөө автобус буудал дээр зогсож байгаад хөдөлж байсан ба хойд дугуйгаараа нэг эмэгтэй хүүхдийн хөлийг дайраад гарч байгаа харагдсан. Тэгээд би гүйж очсон чинь өөр хүмүүс тэр охинд туслаад сандал дээр суулгасан. Харин автобус зогсоод, жолооч нь гээд намхан биетэй ах бууж ирсэн. Чихэндээ чихэвч зүүсэн гартаа утсаа барьсан гарч ирж байсан. Би “...Та яаж байгаа юм бэ, түрүүн гарц дээр хүмүүсийг мөргөх шахсан, одоо хар даа автобуснаас бууж байсан зорчигчоо бүрэн буулгаад хөдлөхгүй, бууж байгаа зорчигчоо унагаад, хөлийг нь дайрлаа...” гэсэн чинь тэр жолооч ах “...за за уучлаарай, миний буруу...” гээд гэмшээд зогсож байсан. Би өөрийн утсаар ээж рүү нь холбоо барьж болсон явдлыг хэлж өгсөн. Ингээд удалгүй ээж нь ирсэн ба түүний дараа би явсан. Би охиныг бууж байхыг яг хараагүй, гэхдээ тэр орчимд байсан хүмүүс энэ жолооч, хүнээ бүрэн буулгахгүй хөдөлсөн гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7896 дугаартай: “...С.Мийн биед баруун хөлийн эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ташуу сэлтэрсэн далд хугарал, зүүн шаант ясны дээд булууны ташуу далд хугарал, зүүн шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн оношлогооны дүгнэлт /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би Зорчигч тээврийн нэгтгэл буюу автобус 1 дүгээр баазад жолооч ажилтай. 2022 оны 5 сарын 25-ны өглөө 06 цаг 20 минутын үед 23-82 УБЧ улсын дугаартай “Daewoo BS 106” маркийн нийтийн тээврийн автобусыг жолоодоод 4-58 буюу ТЭЦ-ээс 3, 4-р хорооллын чиглэлд ажилдаа гарсан. Өглөөний барагцаагаар 08 цаг 10 минутын орчимд автобусандаа 30 гаран хүнтэй “Мэргэжилтний 20” буюу “Peace mall” дэлгүүрийн автобусны буудал дээр ирж зогсоод хүмүүсээ буулгасан. Ингээд хамгийн сүүлд нэг тэргэнцэртэй хүн буугаад хойноос нь 3 хүн буухаар нь би хойд талын хаалга хаах товчийг дараад автобусыг хөдөлгөх араандаа хийгээд зүүн гар тал руугаа буюу буудлын кармагаас гарахдаа тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг хараад 2 орчим метр хөдлөөд явсан чинь, хойно хүүхэд орилох дуу чимээ гарсан. Тэгэхээр нь автобусаа зогсоогоод, баруун гар талын буюу зорчигч нарыг хардаг толиндоо харсан чинь автобусны хойд талын дугуйны харалдаа нэг хүүхэд буудлын хажуу талын бордуур дээр 2 хөлөө татаад сууж байсан. Би яваад очсон чинь нэг эмэгтэй хүүхэд байсан ба нэрээ С.М гэж байсан. Би “...яасан бэ...” гэж асуухад надад “...та намайг автобусаараа дайрчихлаа шүү дээ...” гэж хэлсэн. Ингээд би “...за за...” гэж хэлээд охиныг өргөөд цаана байх сандал дээр суулгасан. Тэр үед нэг зорчигч надад хандаад “...та автобусны хаалгыг хаах үед наад охин чинь хаалганд цохигдоод унасан шүү...” гэж байсан. Би тэр хүний царай зүсийг одоо хараад танихгүй байх. Мөн нэр болон утасны дугаарыг нь авч чадаагүй. Ингээд би охины ээжийн 99126085 дугаар руу болсон явдлыг хэлсэн чинь өөрөө 102, 103-т дуудлага өгсөн байсан. Удалгүй 103 ирээд охиныг ГССҮТөв рүү аваад явсан. Харин би ослын газартаа үлдсэн. Цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Миний хувьд автобусаа хөдөлгөх үедээ тэр охиныг үнэхээр буух гэж байгааг нь хараагүй, зөвхөн гадна толиндоо хараад хөдөлсөн чинь ийм зүйл боллоо. Уг нь манай автобус дотроо тольтой боловч тухайн үед тэр толь нь доошоо тонгойж харсны улмаас охины буухыг нь харсангүй. Миний буруу гэдгийг ойлгож байна. Миний зүгээс осолтой холбоотой маргах гэх зүйл байхгүй. Гэхдээ миний хувьд охины хөлийг автобусаар мөргөсөн байж болно, бүр дээгүүр нь гарсан зүйл байхгүй гэж бодож байна. Тэр охин автобусанд сууж явсан шиг санагдаж байна. Би зорчигч охиныг буухыг нь огт хараагүй, намайг автобусаа бага зэрэг хөдөлгөөд, зүүн гар талын төв зам руу анхаарал хандуулж байхад л буух үйлдэл хийсэн юм шиг байгаа юм. Осол нь дээр хэлсэнчлэн миний буруутай үйлдлээс болж гарсныг би зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, зорчигч С.Мийг /16 настай/ автобуснаас бууж амжаагүй байхад нь хөдөлгөөн эхлүүлсний улмаас С.М унаж, хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж буй нийгэмд аюултай үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч С.Мийн эмчилгээний зардалд баримтаар 1,961,457 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нь бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч С.М нь ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Б нь сонсголын асуудалтай байгаагаа хэлж, хуралдааны явцад дуу чимээ бага сонсож байгаагаа мэдүүлж байгаа нь цаашид нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож ял мөн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргйн улмаас шууд учирсан хохирол нөхөн төлсөн шийтгэх тогтоолоор гарах хохиролгүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч С.М нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ