Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/710

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           6                                       2022/ШЦТ/710

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан-Уул овогт Тулгын Т.Аад холбогдох эрүүгийн 2211 00000 1102 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш, ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т.А, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 12а байрны 2 тоотод байхдаа 3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын тээврийн хэрэгслийг өөрийн гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Маас 9,000,000 төгрөгийг автомашинаа барьцаалан зээлж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Гэрч Ч.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- Гэрч Д.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

- Хохирогч Ч.Мын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Т.Аыг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 12а байрны 2 тоотод байхдаа3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын тээврийн хэрэгслийг өөрийн гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Маас 9,000,000 төгрөгийг автомашинаа барьцаалан зээлж залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, талуудаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүэлх хүсэлт гаргасан тул Т.Аад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Т.А нь 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 12а байрны 2 тоотод байхдаа 3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын тээврийн хэрэгслийг өөрийн гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Маас 9,000,000 төгрөгийг автомашинаа барьцаалан зээлж залилсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз залуу Төрболд 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш “Манай найз Т.А машинаа барьцаанд тавиад хүнд алдах гээд байна, чи мөнгө зээлбэл буцаагаад өсгөөд өгье гэж байна, энэ нь чамд ашигтай шүү дээ, Т.Аад мөнгө зээлчих” гэж намайг ятгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөхгүй байж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зөвшөөрөөд найз залуугийнхаа гэр болох Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 12а байр 2 тоотод очиж түүний найз Т.Атай уулзахад “Миний эзэмшлийн 3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын машин нь Ариунболд гэдэг хүнд 5,500,000 төгрөгийн барьцаанд байгаа, чи барьцаанаас чөлөөлөөд авчих дээр нь нэмээд 3,500,000 өгчих би машинаа зарчхаад 12,000,000 төгрөг болгож өгье гэсэн. Тэгээд би зөвшөөрч тухайн өдрөө машиныг нь барьцаанд авсан Ариунболд гэх хүнтэй Чингэлтэй дүүргийн Голомт банкны ард талд уулзаад өөрийн 5000979021 тоот данснаас Ариунболдын 5166005538 тоот данс руу 5,500,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлэн өгч машиныг барьцаанаас аваад түлхүүрийг нь өөртөө авсан. Тэгээд Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 39-18 тоот гэртээ хариад өөрийн данснаас 2,000,000 төгрөгийг Т.Аын 5131247137 тоот данс руу шилжүүлж өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мөн өөрийн данснаас Т.Аын 5131247137 тоот данс руу 1,500,000 төгрөгийг гэртээ байхдаа интернэт банк ашиглан шилжүүлж өгсөн. Ингээд би машиныг нь гэрийн гадаа байрлуулчхаад байж байтал 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр машин гэрийн гадаа байхгүй байсан ба Т.А руу залгаж асуухад “...банк бусад өртэй байсан, банк бусаас хураасан байх...” гэж хэлсэн. Ингээд би Т.Аын эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж бодоод 5,500,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг барьцаанаас гаргахад, 3,500,000 төгрөгийг Т.Аад өгөөд авч чадахгүй байгаа юм. Тухайн үед Т.А нь хэлэхдээ уг тээврийн хэрэгслийг миний машин банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байж авсан болохоор банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм гэж намайг итгүүлсэн ба 7 хоногийн хугацаанд надад 12,000,000 төгрөг өгөхгүй бол машиныг миний нэр дээр шилжүүлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Т.Аыг мөнгөө өгөхгүй бол машиныг нь авна гэж бодож байсан...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

- Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Болсон асуудлын хувьд манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа хэрэглэх зорилгоор ажилтан Ч.Болортуягийн нэр дээр 3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын тээврийн хэрэгслийг “Нэт капитал лизинг” банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ хийлгэж хувь хүнээс хувь лизингээр авч компанийн ажпын хэрэгцээнд ашиглан компаниас зээлийг нь төлж ирсэн. Уг машиныг нягтлан бодогч Дэлгэрмаагийн хүү Т.А гэх залуу компанийн ажилд хэрэглэдэг ба ажлын бус цагаар өөрийнхөө хувийн хэрэгцээнд хэргэлдэг юм. Учир нь гэвэл нягтлан бодогч Дэлгэрмаа нь манай найз учир би хүүд нь итгээд компанийн тээврийн хэрэгслийг хэрэглэж бай, ажил гарвал ажилд явна, бусад үед хувийн хэрэгцээндээ хэргэлж болно. Харин цалин өгөхгүй гэж тохироод тээврийн хэрэгслээ хүргэлүүлдэг байсан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын эхээр Т.А нь ажил гарчхаад байхад утас нь холбогдохгүй 3-аас 4 хоног алга болсон. Тэгээд Т.Аын ээж Дэлгэрмаагаас асуусан чинь манай хүү хүнээс мөнгө зээлээд барьцаанд нь үлдээчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь өөртэй нь холбогдсон чинь мөнгө зээлсэн хүний гэрийн гадаа байгаа гээд байршлын зааж өгсөн. Үүний дагуу би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэг байрны гадаа очоод өөрийнхөө эзэмшлийн машиныг ачлагын машин дуудаад авч явсан. Тэгээд түлхүүрийг нь тааруулж шинээр аваад одоо ажилдаа ашиглаж байгаа ба дугаарыг 7584 УНЕ гээд сольчихсон байгаа. Учир нь гэвэл Т.Аад мөнгө зээлсэн хүмүүс манай машиныг олж аваад арлын дугаарыг нь солиод зарна гээд явж байна гэх сураг сонссон юм. Приус 41 загварын тээврийн хэрэгсэл нь 3440 УНМ улсын дугаартай байхдаа “Нэт капитал лизинг” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан, одоо ч уг банк бус санхүүгийн байгууллагын эр дээр байгаа. Манай компаниас лизингээ төлөөд явж байгаа. Лизингээ төлөөд дуусчихвал компанийн нэр дээр шилжинэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Гэрч Ч.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн ажлын хэрэгцээнд тээврийн хэрэгсэл авах болж миний нэрээр 3440 УНМ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг Нэт капитал лизинг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч зээлийн төлөлтийг нь компани цаг бүрт нь төлж ирсэн. Уг машиныг нягтлан бодогч Дэлгэрмаагийн хүү Т.А гэх залуу компанийн ажилд хэргэлдэг ба ажлын бус цагаар өөрийнхөө хувийн хэрэгцээнд хэргэлдэг юм. Учир нь захирал Ганбаяр нь нягтлан бодогч Дэлгэрмаатай найз юм байна лээ. Ингээд Т.А нь тээврийн хэрэгсэл хэрэглэж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын эхээр Т.А нь ажил гарчхаад байхад утас нь холбогдохгүй байна гээд захирал ярьж байсан. Тэгсэн чинь Т.А нь хүнээс мөнгө зээлээд барьцаанд нь үлдээчихсэн байсан юм билээ. Тэрийг нь манай захирал мэдээд машинаа очоод авсан ба одоо тээврийн хэрэгслийн дугаарыг нь солиод 7584 УНЕ улсын дугаартай болгосон байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- Гэрч Д.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай найз Т.А над руу залгаад “...мөнгөний хэрэг гараад өөрийнхөө приус 41 маркийн машинаа барьцааид тавимаар байна, таньж мэддэг хувь хүн байна уу...” гэж асуухаар нь би эгчийн найз Эрдэнэтуяа гэх хүн хүү залгаж асуухад “...машин барьцаанд авч хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа, машиныхаа зургийг явуулчих...” гэсэн. Тэгээд би Т.Аын приус 41 маркийн машины зургийг Эрдэнэтуяа руу явуулахад зуучилж өгч байгаа болохоор эхний удаа 10 хувийг нь эгчдээ өгөөрэй гээд Чингэлтэй дүүрэгт байрлах Мандухай зочид буудлын гадна явж очоод Ариунболд гэх хүнтэй уулз гээд 89335333 гэсэн утасных нь дугаарыг өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Т.Аын хамт Мандухай зочид буудлын гадна очоод би ганцаараа Ариунболд гэх хүний дугаар луу залгаж уулзаад Т.Аын машиныг 3,000,000 төгрөгт барьцаанд тавьж би өөрийнхөө 5016626092 тоот дансаар авч 5000 төгрөгөөр нь тамхи аваад үлдсэн 2,995,000 төгрөгийг нь Т.Аын 5131247137 тоот данс руу шилжүүлж өгсөн ба Т.А нь өөрийнхөө 5131247137 тоот данснаасаа Эрдэнэтуяа эгчийн данс руу 300,000 төгрөгийг зуучлалын хөлс гээд шилжүүлж өгөөд бид хоёрын салцгаасан. Тухайн үед Т.А надад “...найз нь мөрийтэй тоглоом тоглодог учир Ариунболд гэх хүнийг таньж магадгүй, чи миний машиныг барьцаанд тавьчих, танай эгч хэлчихсэн байгаа юм чинь...” гээд Мандухай зочид буудлын ойролцоо буугаад үлдсэн. Би цааш очиж Ариунболдтой уулзаж машиныг нь барьцаанд тавьсан. Би тухайн үед хэний машин гэдгийг нь мэдэхгүй Т.Аын машин гэж бодоод барьцаанд тавьчихсан юм. Ариунболд нь надаас хэний машин бэ гэж асуугаагүй, эгчийг таньдаг болохоор итгээд авчихсан байх. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Т.А манай гэрт ирээд 2,000,000 төгрөг нэмж авмаар байна гэхээр нь би эгчид хэлэхэд Ариунболд нь зөвшөөрч миний данс руу дахин 2,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс 300,000 төгрөгийг нь би Т.Аын хэлснээр Стар покерын дансыг нь цэнэглэхээр Эрдэнэтуяа эгч рүү шилжүүлж өгсөн. Учир нь Эрдэнэтуяа эгч долларын данстай болохоор Т.Аын олон улсын цахим покерын сайт болох Стар покерын хаягийг цэнэглэж өгсөн. Ингээд Т.А нь манай гэрээс гараад явсан ба үдийн дараа буцаж ирээд “...найз нь бүх мөнгөө покер стар тоглоод алдчихлаа, чи дахиад мөнгө олоод өгчих, машинаа илүү өндөр дүнтэй өөр хүнд барьцаанд тавимаар байна, одоо л покер тоглоод хожоод машинаа авна...” гээд гуйгаад байхаар нь би найз охин болох Ч.Мд хэлж үзье гээд Төрболдыг явуулсан ба тухайн орой Ч.Мыг ирэхээр нь “...Т.А машинаа барьцаанд тавьж мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдчихсан юмаа, чи машиныг нь барьцаанд авч хүүтэй мөнгө зээлүүлээч...” гэж гуйж үзсэн боловч зөвшөөрөөгүй ба маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зөвшөөрч Т.А, Ч.М бид гурав Ариунболд гэх хүнтэй уулзаж Ч.М 5,500,000 төгрөгийг түүнд дансаар шилжүүлэн өгч машиныг барьцаанаас аваад гэрийнхээ гадаа тавиад Т.Аад 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн маргааш нь Ч.М Т.Аын данс руу дахин 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа Т.Аын машин Ч.Мын гэрийн гадаа байхгүй байсан ба Т.Аын утас руу нь залгахад утсаа авахгүй байсан тул Ч.М цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

- Хохирогч Ч.Мын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Яллагдагч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр найз Төрболдод “...машин барьцаанд аваад мөнгө зээлэх хүн байна уу, машинаа барьцаанд тавих гэсэн юм, банк бус дээр бүртгэлтэй байдаг миний машин юм...” гэж хэлсэн. Тэгээд манай найз надад Ариунболд гэх хүнийг танина гэж хэлээд бид хоёр хамт Чингэлтэй дүүрэг Мандухай зочид буудлын гадна очсон. Тэр үед нь би машинаасаа буугаад Төрболдод “...чи барьцаанд тавьчих, чи таньдаг юм чинь...” гэж хэлээд бууж үлдсэн. Тэгээд Төрболд нь Ариунболд гэдэг хүнтэйгээ уулзаад миний унаж байсан приус 41 маркийн 3440 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөгт барьцаанд тавьж өөрийнхөө 5016626092 тоот дансаар мөнгийг аваад миний 5131247137 тоот данс руу 2,995,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд би 2,995,000 төгрөгөөр тухайн орой Покер стар гэх цахим мөрийтэй тоглоом бүгдийг нь алдаад маргааш нь Төрболдын гэр лүү нь очоод түүнээс 2,000,000 төгрөг нэмж зээлээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Төрболд нь Ариунболд гэх хүнтэй холбож өгдөг эгч рүүгээ ярьж хэлсэн ба тэр эгч нь зээл зуучилж байгаа гээд 300,000 төгрөгийг дундаас нь авахаар болсон. Ингээд Төрболд нь мөн өөрийн дансаар 2,000,000 төгрөгийг Ариунболд гэх хүнээс аваад 1,700,000 төгрөгийг над руу шилжүүлж өгөөд 300,000 төгрөгийг нь эгч рүүгээ шилжүүлсэн. Би авсан 1,700,000 төгрөгөөрөө дахин цахим мөрийтэй тоглоом тоглоод тухайн оройноо алдаад барьцаанд тавьсан машинаа өөр хүнд их мөнгөнд барьцаанд тавиад Ариунболдоос машинаа чөлөөлж аваад зөрүү мөнгөөр нь цахим покер тоглож мөнгө хожоод машинаа авчихна гэж бодоод найз Төрболдоос “...машинаа илүү өндөр дүнтэй хүнд зээлүүлчихмээр байна...” гэж гуйж, ятгаж эхлэхэд Төрболд “...манай найз охин Ч.Мд мөнгө байгаа байх асууж үзье...” гэсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төрболдын найз охин Ч.Мтай Төрболдын гэрт нь уулзаад “...Би өөрийнхөө 3440 УНМ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг хүнд барьцаанд тавиад алдах гээд байгаа, одоо хүнд барьцаанд байгаа юмаа, чи надад 9,000,000 төгрөг зээлээч, би чамд 12,000,000 төгрөг болгож өгнө...” гэж гуйсан. Тэгэхэд Ч.М надаас хэний нэр дээрх машин юм бэ? гэхээр нь би миний гэхдээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм гэж хэлсэн. Тэгээд Ч.Маас 9 сая төгрөг зээлэхээр болж тухайн өдрөө буюу 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ч.М, Төрболд бид гурав Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудлын гадна Ариунболдтой уулзаж машинаа 5,500,000 төгрөгөөр барьцаанаас чөлөөлж авсан, уг мөнгийг Ч.М Ариунболдын данс руу шилжүүлсэн. Дараа нь машины түлхүүрийг Ч.Мд өгөөд барьцаанд үлдээгээд Ч.М нь 2,000,000 төгрөгийг өөрийнхөө 5000979021 тоот данснаас миний 5131247137 тоот данс руу шилжүүлж өгсөн. Маргааш нь Ч.М мөн өөрийнхөө данснаас миний данс руу нэмж 1,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг мөнгийг би мөн л цахим покер тоглоод 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэхэд л алдчихсан юм. Ингээд байж байтал 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.М над руу залгаад “...чи яагаад машинаа аваад явчихсан юм бэ...” гэж уурласан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч болох манай ээжийн ажпын газрын захирал Ганбаяр ирээд машинаа аваад явсан. 3440 УНМ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл нь Манай ээжийн ажлын газар болох “Fidus consulting ХХК-ны ажилдаа хэргэлдэг тээврийн хэрэгслийг уг компанийн ажилтан Болортуяа нь банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ хийж авсан байдаг ба зээлийг нь “Fidus consulting ХХК-аас төлдөг юм. Манай компанид нягтлангаар ажилладаг. Харин миний хувьд гэвэл компанийн машинаар хүн зөөх, хүргэлт хийх зэргээр компанийн ажилд тусалдаг. Ямар нэгэн цалин авдаггүй, оронд машиныг нь унаад байж байдаг. Яагаад надад итгээд машинаа өгдөг вэ гэхээр компанийн захирал Ганбаяр нь манай ээжийн найз юм. Тэгээд надад машинаа өгөөд ойр зуурын ажилдаа явуулдаг юм. Би цахим мөрийтэй покерт донтож тоглоод мөнгө хожно гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Аыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

            Шүүгдэгч Т.А нь 3440 УНМ улсын дугаартай приус 41 загварын тээврийн хэрэгслийг өөрийн гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Маас 9,000,000 төгрөгийг автомашин барьцаалан зээлж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

            Шүүгдэгч Т.А нь хохирогч Ч.Мд 9,000,000 төгрөгийн хохирол төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид Ч.Мд хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Аыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аад оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ