Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/711

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           6                                        2022/ШЦТ/711

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Б.Цийг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 2211 00935 1344 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, төрсөн эгч, хүргэн ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 9-р дүгээр сарын 3-ны өдрийн 1099 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р дугаар зүйлийн 145.2, 261-р дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил, 1 сар, 5 хоногийн хорих ялаар тогтоосон бөгөөд уг ялыг биечлэн эдэлж дуусгасан,

Б.Ц, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн 5 давхарт байрлах цахилгаан барааны тасгийн Galaxy Zone store дэлгүүрээс Samsung galaxy watch 4 classic загварын ухаалаг цагийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

- Хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Гэрч Б.Ундаргын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Ашид билгүүнХХК-ийн “1,000,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Цийг 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсыг их дэлгүүрийн 5-н давхарт байрлах цахилгаан барааны Galaxy zone store-оос Samsung galaxy watch 4 classic загварын цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах  улсын их дэлгүүрийн 5 давхарт байрлах цахилгаан барааны Galaxy zone store-оос Samsung galaxy watch 4 classic загварын цагийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

- Хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн үед би цайндаа орчихоод 16 цаг 20 минутанд орж ирээд би ажлаа хийж байгаад тавиур дээр өрсөн байсан Samsung galaxy watch 4 classic “ухаалаг цагийг байгаа эсэхийг шалгахад өлгүүр дээр байхгүй байхаар нь би ойролцоо лангууны эзэмшигч нараас “...цаг байхгүй байна, анзаарсан уу...” гэж асуухад анзаарсангүй, мэдсэнгүй гэсэн. Тэгээд би зохион байгуулагч Хишигээд хэлтэл зохион байгуулагч надтай хамт камер шүүж үзэхэд нэг эрэгтэй манай лангуунаас алдагдсан гэх Samsung galaxy watch 4 classic ухаалаг цагийг аваад гарч байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Гэрч Б.Ундаргын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Миний дансыг миний дүү Байгал овогтой Б.Ц ашиглаж хэрэглэж байгаа. Дээрх бичлэгт гарч байгаа хүн миний төрсөн дүү Байгал овогтой Б.Ц байна. Би хэрхэн таньж байгаа вэ гэхээр тухайн хяналтын камерт харагдаж байгаа хувцасаар нь таньж байна. Цагдаагийн газраас надаас мэдүүлэг авахаар намайг дуудахад дүү Б.Цтэй холбогдоод ...Чи хулгайлсан уу?...” гэж асуухад ...яасан...гэхээр нь авсан бол үнэнээ хэл гэхэд дүү Б.Ц ...авсан бөгөөд зарчихсан...” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Ашид билгүүнХХК-ийн ...Samsung galaxy watch 4 classic цагны зах зээлийн нийт бодит үнэ цэнийг 1,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

- Яллагдагч Б.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, би хууль бусаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 5 давхараас Galaxy watch 4 classic загварын гар утсыг авчихаад тухайн барааны хэсгийн хажуу талд зайрмагны газараас зайрмаг худалдан авах үедээ өөрийн төрсөн эгч болох Ундрагын дансаар мөнгө шилжүүлж байгаад цагдаад баригдсан. Цагдаагаас дуудах үед нь өөрийн буруутай үйлдэл хийснээ ухамсарлаад цагийг бүрэн бүтэн авч ирж өгсөн. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлттэй үйлдлийг хэлдэг. Шүүгдэгч Б.Ц нь тухайн дэлгүүрийн худалдагч/хохирогч/ М.Нг цайндаа орчихоод буцаж ирэх хооронд ухаалаг цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

            Хохирогч М.Н нь “...М.Н миний бие алдсан гэх ухаалаг цагийг бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан тул гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэх тул шүүгдэгч Б.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид ухаалаг цагийг нь буцаан өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 720 цаг /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хжжлийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ