Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02811

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02811

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжны 37 дугаар байрны 305 тоотод байрлах, “Л С Л ” ХХК-ний нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 7-р байр 13 тоотод оршин суух, регистр ЦЗ86092368, Боржигон овогт Г.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26 647 250 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.З /үнэмлэх 1979/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь “Л С Л” ХХК-тай 2016 оны 12-р сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 000 000 төгрөг, 1 665 000 төгрөг  нийт 17 665 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс хойш нэг ч удаа мөнгө төлөөгүй. Ингээд үндсэн зээл 17 665 000 төгрөг, хүү 2 649 750 төгрөг, алданги 8 832 500 төгрөг нийт 29 147 250 төгрөгийг төлөөгүй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулж байх явцад буюу 2018 оны  6-р сарын 07-ны өдрийн байдлаар 3 000 000 төгрөг төлсөн. Үүнийг хасаад 26 147 250 төгрөг нэхэмжилсэн. Гэвч Г.Н нэмж 500 000 төгрөг төлсөн байсан. Үүнийг хасаагүй байсан учраас одоо 25 647 250 төгрөгийн Г.Нгоос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 2016 оны 01-р сарын 20-ны өдөр 4 000 000 төгрөг, 2016 оны 3-р сарын  15-ны өдөр  5 000 000 төгрөг, 2015 оны 02-р сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөг зэргийг “Л С Л” ХХК-иас зээлсэн. Нэхэмжлэгч Г.Нтой гэрээ байгуулж, цаасан дээр буулгая гээд 2016 оны 12-р сарын 13-ны  өдөр дээрх мөнгөнүүдээ нэгтгэж 16 000 000 төгрөгийн зээл болгож, зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл манайх цаасаар гэрээ байгуулахаас өмнө 9 505 000 төгрөгийг төлсөн. Тухайн үед гэрээг нөхөж хийж байгаа гэж хариуцагчийн төөрөгдүүлж гэрээг хийсэн. Хариуцагч өмнө авсан зээлийн үнийг бичиж байна гээд хүлээн зөвшөөрсөн болохоос биш тухайн 2016 оны 12-р сарын 13-ны өдөр 16 000 000 төгрөг авсан гэж гэрээг хийгээгүй. Энэ гэрээний төлөлтөөс нийт 9 505 000 төгрөг төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн мөнгөө хасч 9 742 500 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь :

 

          Нэхэмжлэгч “Л С Л” ХХК нь Г.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26 147 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 25 647 250 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагас 25 222 125 төгрөг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

“Л С Л” ХХК нь Г.Нтой 2016 оны 12-р сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 1 665 000 төгрөг болон 16 000 000 төгрөгийг тус бүр 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281, 286-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 7-8/

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 12-р сарын 13-ны өдөр 17 665 000 төгрөгийг зээлдэгчид баримтаар шилжүүлэн өгсөн байх ба зээлийн гэрээ болон баримтыг өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн /хх 9/ байна.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 17 665 000 төгрөг, 3 сарын хүү 2 649 750 төгрөг нийт 20 314 750 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс Д.Энхзаяагаас төлсөн 2 000 000 төгрөг, Ганхуягаас төлсөн 1 500 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн байх ба энэ талаар маргаагүй болно.

 

Харин зээлдэгч нь 9 505 000 төгрөгийг төлсөн гэх боловч 45-53 дахь хуудсанд авагдсан ХААН банкны депозит дансны хуулга нь 2016 оны 12-р сарын 13-наас өмнөх үеийн төлөлтүүд буюу өмнөх дуусгавар болгосон зээлийн гэрээний үүрэгтэй нь холбоотой гэж үзлээ. Энэ талаарх баримтыг талууд гаргаагүй байна.

 

Иймд зээлдэгчийн төлөх үүрэг 20 314 750 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг хасч 16 814 750 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 8 407 375 төгрөг нийт 25 222 125 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1, 286-р зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Н-с 25 222 125 /хорин таван

таван сая хоёр зуун хорин хоёр мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж  “Л С Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 125 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 686 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгоос 284 060 төгрөг гаргуулж “Л С Л” ХХК-д олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА