Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
Хэргийн индекс | 159/2021/0008/З |
Дугаар | 159/ШШ2021/0010 |
Огноо | 2021-06-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2021/0010
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Х.*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тус газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******
Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Х.*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүүвэйцэцэг, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Х.******* 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 139 тоотод оршин суудаг ба хувиараа хилээр ачаа тээвэр зөөвөрлөх ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Монгол Улсад гарсан ковид-19 халдварт өвчний улмаас Монгол Улсад саатах боломжгүйгээр тээвэрлэлтэд явдаг байсан ихэнх хэсэгт Оросын Холбооны Улсад байсан юм. Ингээд Монгол Улсад албан ёсоор оны өмнө орж ирж 21 хоногийн карантинд орсон. Гэтэл 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр миний хаан банкны 5675363357 тоот данснаас 500.000 төгрөг хасагдсан мэдээлэл ирсэн ба утга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр гэсэн утгатай ирсэн. Ингээд цагаан сарын баярын дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж лавлатал Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгосон гэж хэлсэн.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар-аар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 154 тоот хашааны газрыг илүү сунгасан гэсэн үндэслэлээр Газар чөлөөлөх мэдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн ба уг чөлөөлөх ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 05-ны дотор биелүүлэхийг даалгасан учраас дээрх нэхэмжлэл, гомдлыг гаргасан.
Нэгдүгээрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 154 тоот дахь хашаа байшин нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш ба 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр миний эгч Х.Болормаа нь газар өмчлөх болон хувийн сууцны гэрчилгээг авч амьдарч байсан юм. Миний эгч Х.Болормаа 2020 онд БНСУ руу явсан ба миний бие нь энэ хооронд тухайн газар байшинг хааяа очиж хардаг заримдаа хашаанд нь машин тэргээ тавьдаг байснаас биш амьдарч байгаагүй юм. Тухайн сунгасан хашааг хууль ёсны газрын өмчлөгч Х.Болормаагаас энэ талаар утсаар лавлахад 2 жил гаруйн өмнө сунгасан ба энэ талаар маргаан гарч байгаагүй гэж надад хэлсэн. Хуулийн дагуу сунгасан эсэхийг би мэдэхгүй. Гэтэл дээрх улсын байцаагчийн шийтгэлийн хуудас болон даалгах ажиллагаа нь миний нэр дээр гарсныг ерөөсөө ойлгохгүй байна. Би өөрөө тусдаа амьдралтай, тусдаа байшин газартай тэндээ амьдарч байхад төрсөн эгчийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар дүүд нь арга хэмжээ авдаг хууль Монгол Улсад байхгүй.
Хоёрдугаарт: Дээрх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актуудтай миний бие нь танилцаагүй ба ажил төрлөөс шалтгаалж танилцах боломж ч байгаагүй. Гэтэл энэ байдлыг шалгахгүйгээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай 85 дугаар захирамж гаргасан ба үндэслэх хэсэгт ... Х.******* нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй болох нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/466 дугаартай албан бичгээр нотлогдож байна... гэсэн ба мөн торгуулийг сайн дураараа тогтоосон хугацаанд төлөөгүй гэсэн байна. Захиргааны хэргийн шүүх нь улсын байцаагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ зөрчилд холбогдогч нь энэ зөрчлийн субъект мөн эсэх, шийтгэлийн хуудсыг хуулийн хугацаанд гардаж авсан эсэх талаар лавлахгүйгээр шууд үндэслэлгүйгээр баталгаажуулсанд гомдолтой байна. Аливаа эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэртэй иргэн бүр танилцах эрхтэй боловч танилцуулах, мэдэгдэх үүргийг дээрх албан тушаалтнууд хэрэгжүүлээгүйгээс болж ямар ч хэрэгт хамааралгүй иргэн хохирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас намайг Оросын Холбооны Улсад байхад эхнэр Н.Мөнгөнчимэгт мэдэгдсэн ба эхнэр нь ... бидэнд энэ газар байшин хамааралгүй, намайг өөрөө ирээд учраа олох байх гэдгийг хэлсэн.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад мэдэгдэх хуудас хүргүүлэхгүйгээр ажиллагаа явуулж данс хааж 500.000 төгрөгийг хууль бусаар татсан байна. Одоо намайг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаартай Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг биелүүлж хашааг буулга гэж байна. Миний зүгээс яагаад надад хамааралгүй миний өмч биш хашааг буулгах ёстойг ойлгохгүй байна. Хууль шүүхийн байгууллага надаар бусдын өмчид халдуулах үйлдлийг хүчээр хийлгэх гэж байна. Надад хамааралгүй асуудлаас болж миний зүгээс 500.000 төгрөгөөр торгуулж мөн шүүхийн байгууллагад хандах зардал гээд үндэслэлгүйгээр хохирч байна.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах, энэ шийтгэлийн хуудаснаас болж намайг хохироосон 500.000 төгрөгийн хохирлыг буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүүвэйцэцэг шүүхэд 2021 оны 5 дугаарсарын 27-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэгт оршин суух П.Даваа-Очироос ...манай хөрш айл болох Х.******* нь гудамж руу хашаагаа сунган, машины орох, гарах гарцыг багасган хашаагаа сунгасан нь орж гарахад хүндрэлтэй байна, эрх бүхий байгууллагаас олгосон хэмжээг хэтрүүлэн гарцыг хааж хашаагаа сунгасанд гомдолтой байна ... гэж бичгээр манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээх тухай 2031000106 дугаар тогтоолоор Х.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 154 тоотод оршин суух Х.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа сунган барьсан нь гэрчүүдийн мэдүүлэг, кадастрын зураг болон зөрчил шалган шийдвэрлэх бусад ажиллагаагаар тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудсаар Х.*******г Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэлийн 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100130032401 тоот дансанд төлүүлэхээр, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зөрчлийн 2031000106 дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаагаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг биелүүлэхийг даалгасан байна.
1.Нэхэмжлэгч Х.*******н шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг 154 тоот хашаа байшин нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш, төрсөн эгчийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар дүүд нь арга хэмжээ авдаг хууль Монгол Улсад байхгүй ... гэх тайлбарын тухайд:
Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт ... газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ... хэлнэ гэх, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ ... гэх, мөн хуулийн 2 дахь хэсэгт ... Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх бол зөрчил үйлдсэнд тооцно ... гэж тус тус заасан байна.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэн тухайн газар хэний өмчлөлийнх байхаас үл шалтгаалж, харин хууль тогтоомжийг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа сунгаж зөрчилтэй үйлдэл гаргасан Х.*******г Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогчоор татсан нь хуульд нийцэж байна.
Түүнчлэн мөн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар гэрчүүдээс мэдүүлэг авахад 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрч А.Алтанцэцэгийн ... Иргэн Х.*******гаас төрийн байгууллагад хандсан хүсэлт ирээгүй, газрын хэмжээг дур мэдэн өөрчилсөн нь бусдын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа талаар иргэн П.Даваа-Очирын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөл, гомдлын дагуу 2 удаа мэдэгдэх хуудас гаргуулахаар очиход эзгүй байсан. Иймд удаа дараагийн шаардлага биелүүлээгүй тул Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр зөрчил шалган шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн. Х.******* нь 2014 онд хашааг сунган барьсан талаар ойр орчмын оршин суугчдаас мэдээлдэг ба хашааны баруун урд талаас урагш 4.8 метр, зүүн урдаас урагш 6.2 метр газрыг тус тус сунган нийт 179 м.кв газрыг зөвшөөрөлгүй сунган ашигласан ... гэх мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.Раднаабазарын ... Манайх 2013 онд нүүж ирэхэд Х.*******гийнх хашаандаа амьдарч байсан, 2019 онд жорлонгоо нүүлгэж, хашаагаа сунгасан хэсэг рүүгээ жорлонгоо шинээр барьсан ... гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхтүвшингийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 819 тоот тодорхойлолтоор ... Халтар овогтой ******* нь МЭ88040312 тус багийн 5 дугаар хэсгийн 154 тоотод 2011 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно ... гэх тодорхойлолт, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* нь 94461245 дугаарт залгаж хашаагаа сунгасан нь үнэн ... гэх тайлбараар, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь 2031000106 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, кадастрын зураг зэргээр нотлогдож, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтад зөрчил гаргасан этгээд нь Х.******* болох талаар тодорхой дурьдаж, Х.*******д Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зөвшөөрөлгүйгээр хашаа сунган барьсан зөрчлийг гаргасанд тооцож, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Иймд зөрчил шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоосон байх тул 0066142 дугаар шийтгэлийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг биелүүлэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Улсын байцаагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ зөрчилд холбогдогч нь зөрчлийн субъект нь мөн эсэх, шийтгэлийн хуудсыг хуулийн хугацаанд гардаж авсан эсэх талаар лавлахгүйгээр шууд үндэслэлгүйгээр баталгаажуулсанд гомдолтой байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хохирол 500.000 төгрөгийг гаргуулах тухай гэх тайлбарын тухайд:
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэл хуудас болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг зөрчилд холбогдогч иргэн Х.*******д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу түүний 94461245 дугаарын утсаар удаа дараа мэдэгдэн, түүний харьяалах багийн Засаг даргаар дамжуулан Х.*******д танилцуулан мэдэгдсэн болно. Гэвч Х.******* нь шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаварт заасан хугацаанд сайн дураар шийтгэлийг биелүүлээгүй учир Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* нь шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргахын өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналтын прокурорт хянуулж, дараа нь шүүхэд хүсэлтээ гаргасан бөгөөд шүүхээс манай байгууллагад хандан Х.******* нь хуулиар тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтны удирдлагад гомдол гаргасан эсэх талаар лавлан албан тоот ирүүлснийг манай байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэх 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/466 дугаартай албан бичгээр хүргүүлснээр шүүх уг хүсэлтийг албадан гүйцэтгэх нь үндэслэлтэй байна гэж үзэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг тус тус гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7, мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т зааснаар Х.*******гийн дансыг хааж 500.000 төгрөгийг Төрийн сангийн 100130032401 тоот дансанд төвлөрүүлсэн нь хуульд нийцэж байх тул Х.*******н нэхэмжилж байгаа хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х.*******гийн шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн 0066142 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд 2021 оны 5 дугаарсарын 27-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* миний 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 139 тоотод оршин суух иргэн Халтар овогтой *******д 2031000106 дугаартай зөрчлийн хэрэг нээж, гаргасан зөрчилд нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаартай шийтгэлийн хуудас нь, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг хүчингүй болгуулах, төрийн сангийн дансанд оруулсан 500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэн дараах тайлбарыг хүргүүлж байна. Анх 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 154 тоотод оршин суух иргэн Х.*******гийнд очиход эхнэр н.Мөнгөнчимэг байсан. Нөхөр Х.******* нь том машинтай ачаа тээвэрт явдаг байхгүй байсан болохоор ... эхнэр Мөнгөнчимэг би нялх хүүхэдтэй мэдэхгүй хадам аавыг дуудъя хадмуудынх би сайн мэдэхгүй ... гээд хадам аав болох Халтар гуай ирж надтай уулзаад ... дүү энэ газар манай охины нэр дээр байдаг юм, охин гадаад гарах гээд нэр дээр нь шилжүүлсэн, манай хүү том машинтай ачаанд явдаг одоо өөрөө байхгүй, энэ том машин гарч ороход хэцүү хүндрэлтэй байдаг тул хашаагаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бага зэрэг урагш сунгасан нь үнэн, манай урд айлуудад хэн зөвшөөрөл өгсөн юм би адилхан заргалдана ... гэж Халтар хэлж байсан. Тэр үед би болноо эрх чинь нээлттэй гэж хариулсан. /иргэн Х.*******н гэрт очиж эхнэр болон Халтар гуайтай уулзсан тухай тэмдэглэл миний дэвтэрт бичсэн байна./
Хэд хоногийн дараа эхнэр рүү нь залгахад нөхөр ирсэн та ярь гээд Х.*******тай ярьж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан байна гэхэд Х.******* нь ... тийм, би сунгасан том машинтай орж гарахад хүндрэлтэй байдаг болохоор ... гэж хэлсэн. Би Х.*******г сунгасан хашаагаа татаад зөрчлөө арилгах торгууль шийтгэвэр гэхгүй гэж хэлэхэд Х.******* ... би сунгасан хашаагаа татахгүй ээ, чадахгүй ... гээд утсаа салгасан. Дахин хэд хэдэн удаа залгаад ирж уулз гэхэд хойшоо явж байна. Улаанбаатар явж байна гээд ирж уулзаагүй. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээхдээ тус багийн Засаг даргаас иргэн Х.******* нь 154 тоотод хэдэн оноос амьдарч байгааг тодруулахад 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна гэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн газар хэний өмчлөлийнх байхаас үл шалтгаалж, харин хууль тогтоомжийг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа сунгаж зөрчилтэй үйлдэл гаргасан. Х.*******г Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогчоор татсан бөгөөд Зөрчлийн хэрэг нээж хяналтын прокурор А.Ариунзаяад танилцуулж, 2031000106 тоот Зөрчлийн хэрэг нээж прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байхдаа гэрч, хохирогчоос мэдүүлэг авсан, холбогдогч Х.*******тай утсаар л холбогддог байсан. Утсаар холбогдоход та нар иргэн П.Даваа-Очирын талд үйлчилж торгууль шийтгэл тавьж хашааг татуулах гэж байна гэдэг. Зөрчлийн хэрэг нээгээд ажиллагаа явуулж байх хугацаанд Ковид-19 гэгч муухай өвчний улмаас тушаал шийдвэрийн дагуу ОХУ-аас ирж ахмадын сувилалын байранд тусгаарлалтад хэд хоног байсан энд байх хугацаанд утсаар холбогдоход хорионоос гараад очиж уулзана эгчээ гэсэн боловч ирээгүй, гэртээ байх хугацаанд нь багийн дарга нь иргэн Х.*******тай очиж уулзан өөрийн гарт нь улсын байцаагчийн явуулсан дуудан ирүүлэх хуудсыг өгсөн болно.
Мөн Мэргэжлийн хяналтын газарт ирж зөрчлийн хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зуруулахаар дуудахад очиж танилцвал яахын танилцахгүй бол яадгийн гээд утсаа салгаад ирж уулзаагүй болно. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хааж байна хугацаа дууссан гэж танилцуулахад ажилгүй Улаанбаатар хотод машин барьж ажил хийхээр ирээд байна нэлээн удах байхаа хэсэгтээ энд байна гээд утсаа салгасан. 2031000106 дугаартай Зөрчлийн хэрэг нээж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хуулийн дагуу холбогдох торгууль шийтгэврийг тавьж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар бичсэн болно. Миний зөрчлийн хэргийн материал, тавьсан торгууль, зөрчил арилгуулахаар бичсэн албан даалгаварт хяналтын прокурор хяналт тавьж ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн дуусгасан болно. Илэрсэн зөрчилд оногдуулсан торгуулиа төлж, хашаагаа татаж зөрчлийг арилгахгүй байсан тул хуулийн хугацаанд нь албадан гүйцэтгүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган, шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэлд шилжин гүйцэтгэлийн ажиллагаа явагдан торгуулийн 500.000 төгрөгийг манай Мэргэжлийн хяналтын газрын төрийн санд шилжүүлсэн болно. Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаартай шийтгэлийн хуудас болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаартай зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг зөрчилд холбогдогч иргэн Х.*******д захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу түүний 94461245 дугаарын утсаар удаа дараа мэдэгдэн, түүний харьяалах багийн Засаг даргаар дамжуулан Х.*******д танилцуулан мэдэгдсэн бөгөөд би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан тул нэхэмжлэгч Х.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл ногдуулах нөхцөл байдлыг тогтоосон байх тул 0066142 дугаартай шийтгэлийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг биелүүлэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Х.*******гийн шүүхэд гаргасан ... Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066142 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжээр торгосон шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаартай Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 0066142 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагч Х.******* нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, улмаар 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар[2] гаргажээ.
Гомдол гаргагч Х.******* болон түүний өмгөөлөгч ...би тус газрын хууль ёсны өмчлөгч биш, уг хашаанд амьдардаггүй. Миний төрсөн эгчийн газартай холбоотой асуудлаар дүүд нь арга хэмжээ авч, бусдын өмчид халдуулах үйлдэл хүчээр хийлгэх гэж байна..., захиргааны хэргийн шүүх шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаварыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт шийдвэрлэхдээ зөрчилд холбогдогч нь зөрчлийн субьект мөн эсэх, шийтгэлийн хуудсыг хуулийн хугацаанд гардаж авсан эсэхийг лавлахгүй шууд үндэслэлгүй баталгаажуулсан... гэж маргадаг.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэгт оршин суух П.Даваа-Очироос ...манай хөрш айл болох Х.******* нь гудамж руу хашаагаа сунган, машины орох, гарах гарцыг багасган хашаагаа сунгасан нь орж гарахад хүндрэлтэй байна, эрх бүхий байгууллагаас олгосон хэмжээг хэтрүүлэн гарцыг хааж хашаагаа сунгасанд гомдолтой байна ... гэсэн гомдол ирүүлсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.******* Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээх тухай 2031000106 дугаар тогтоолоор Х.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хүрээнд, прокурорын хяналтан дор гүйцэтгэжээ.
Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 154 тоотод байрлах 2472 м.кв газар нь Х.Болормаагийн хууль ёсны өмчлөлийн газар боловч тус газарт гомдол гаргагч Х.******* 2011 оноос одоог хүртэл амьдарч, газрыг бодитойгоор ашиглаж байгаа болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 819 тоот албан бичгээр өгсөн тодорхойлолт[3], мөн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 347 тоот албан бичиг[4], түүнд хавсаргасан баримт, Шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга, Улсын бүртгэлийн иргэний бүртгэлийн цахим систем болон бичиг баримтад хийсэн үзлэг, мөн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 5 дугаар хэсгийн 154 тоотод хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[5] тус тус тогтоогдож байх тул гомдол гаргагч Х.*******гийн би эгчийг 2020 онд Солонгос явснаас хойш тус газрыг хаяа эргэж, машин тэргээ тавьдаг байснаас тус газар амьдарч байгаагүй... гэх гомдол үндэслэлгүй юм.
Улмаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй 207 м.кв газар ашигласан зөрчлийг Х.******* гаргасан болох нь гэрч Д.Раднаабазарын ...манайх газраа 2013 оноос Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж эхэлсэн. Манайхыг газартаа байшингаа барьж байх үед Х.*******гийнх хашаагаа сунгаж барьж байсан... гэж шүүхэд өгсөн мэдүүлэг[6], ...2013 онд манайх байшингаа дээвэрлэхэд эднийх хашаагаа сунгаж барьсан... гэж эрх бүхий этгээдэд өгсөн мэдүүлэг[7], Эрх бүхий этгээд Б.*******гийн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн ...анх гэрт нь очиход эхнэр, аав болон өөрсдөө том машинтай тул би эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан нь үнэн гэж хэлсэн... гэх тэмдэглэл[8], аймгийн газрын албанаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн кадастрын зургийг сансраас авсан газрын зурагтай давхцуулан гаргасан зураг[9], хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар[10] зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэн Х.Болормаагийн хууль ёсоор өмчилдөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 154 тоотод байрлах 2472 м.кв газрын хашааг урагш сунган эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж заасныг зөрчин 207 м.кв газар илүү ашигласан зөрчилд Х.*******г холбогдогчоор татаж, шийтгэлийн хуудас оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, мөн зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно. гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагчийн тухайн газар хэний өмчлөл байхаас үл шалтгаалж, харин хууль тогтоомжийг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, хашаа сунгасан зөрчилд Х.*******г холбогдогчоор татсан гэх тайлбарыг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ., мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 9-д Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ. гэж тус тус заасны дагуу эрх бүхий этгээдээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар холбогдогчийн эрхийг хангаж зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан эсэх, хуульд заасны дагуу зөрчлийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөгдсөн эсэх, шийтгэлийн хуудсыг прокурорт хянуулж бүртгүүлсэн эсэх, хуульд тусгайлан заасан тохиолдолд гомдол гаргасан эсэхийг тус тус шалгасан.
Тодруулбал, Зөрчлийн 2031000106 дугаар материалд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудасд шийтгэлийн хуудас бичихдээ Х.*******тай 9446-1245 утсаар холбогдож мэдэгдсэн, шийтгэлийн хувийг холбогдогч Х.*******д дөрөвдүгээр багийн Засаг даргаар хүргүүлсэн гэх эрх бүхий этгээд гараар бичсэн тэмдэглэл, хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тухай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд зөрчлийн 2031000106 дугаар хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаныг холбогдогчид 14 цаг 25 минутад танилцуулж дууссан, мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт холбогдогч Х.*******г дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, түүнийг 4 дүгээр багийн Засаг дарга өөрөө Х.*******гийн гарт нь өгсөн гэсэн буцах тасалбарын баримт болон түүнтэй утсаар ярьсан 6 удаагийн тэмдэглэл зэргээс үзвэл эрх бүхий этгээд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан мэдэгдэх ажиллагааг хийсэн байна.
Гэтэл Х.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1, 3.3-т тус тус заасан шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7-д шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар эрх бүхий этгээдийн шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаварыг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичсэн.
Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, торгуулийн 500.000 төгрөгийг Х.*******гийн данснаас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн санд шилжүүлжээ. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж заасны дагуу үндэслэлээ дурдах ёстой. Өөрөөр хэлбэл, хохирол гаргуулах нэхэмжлэлийг гаргах урьдчилсан нөхцөл нь захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулснаас нэхэмжлэгчийн эрх нь хөндөгдсөн зөрчигдсөн байх, мөн түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх буюу захиргааны хууль бус үйл ажиллагаа болон хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Гэтэл хариуцагчийн ямар хууль бус үйл ажиллагааны улмаас Х.*******д ямар хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Гомдол гаргагчийн хохирол гэх 500.000 төгрөг нь түүний эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд оногдуулж буй шийтгэл тул уг гомдлын шаардлага үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гаас Х.*******г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 /таван зуун мяанга/ төгрөгийн торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцэж байх тул Х.*******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүх хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг маргаан болох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. гэж заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэдэг тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн атал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй, мөн зөрчлийн хэрэгт шүүхээс нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тус тус заасныг баримтлан Х.*******гаас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тус газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА