| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2022/0221/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/707 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/707
2022 9 6 2022/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ж.Баянжаргал,
гэрч Ц.Бүрэнзэвсэг
хохирогч, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
хохирогч, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2111 00000 1354 дугаартайхэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Э, регистрын дугаар,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Билгүүн Монгол констракшн ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, П.М, регистрын дугаар гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод нэг хашаанд хамт амьдардаг баз хүргэн П.Мгийн гэрт түүнтэй маргалдаж толгой, нүүр хэсэгт цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч П.М нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-ийн 4-р гудамны 223А тоотод нэг хашаанд хамт амьдардаг баз хүргэн Д.Этэй өөрийн гэрт маргалдаж түүний толгой хэсэгт Хараа нэртэй архины шилээр нэг удаа цохиж хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хүзүүний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод нэг хашаанд хамт амьдардаг баз хүргэн болох П.Мгийн гэрт маргалдаж түүний толгой, нүүр хэсэгт цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч П.М нь: “...надад учруулсан гэмтлийг Д.Э учруулсан, би хадам ах Бүрэнзэвсэгтэй зодолдоогүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Бүрэнзэвсэгийн шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Э би төрийн албанд ажилладаг хүн гэж ярьж байсан. Та П.Мг зодсон гээд хэлээд өгөөч гэж надад хэлж байсан. Та энэ хэргийг хийсэн гэж хэлээд өгөх юм бол шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлж өгнө гэж надад хэлж байсан. Манай аавын гэрийн буйр огцом өндөр байсан учраас П.М бид хоёр гэрээс гарахдаа унасан. Түүнийг зарим хүмүүс ойлгохдоо зодолдсон гэж андуураад яриад байх шиг байна” гэв.
- Хохирогч П.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгээд асуусан чинь өөдөөс хохь чинь банди минь, пизда минь гэх хараалын үгс хэлээд намайг заамдангуутаа гараа зангидаад цохих гэж зангаад, эсхүл эрүү рүү гараараа тулж түлхээд байсан юм. Тэгэхээр нь гарыг нь тавиулах санаатай түүнтэй зууралдсан боловч тэр ч гэсэн тавихгүй зууралдаад байсан юм. Ингэж зууралдаж байгаад газар унаад, босонгуутаа зайгаа авч байгаад хоорондоо цохилцоод эхэлсэн. Ингээд цохилцож байхдаа би ширээн дээр байсан Хараа нэртэй архины шилийг гартаа бариад толгой дээр нь цохисон юм. Д.Э бид хоёрыг хоорондоо цохилцох үед миний хамар хугарч, зүүн чамархай хэсэг хавдсан юм. Энэ гэмтлийг Д.Э надад учруулсан. Би өөрөө хүртэл хамар зүгээр гэж бодоод явж байсан. Далийсан ч мэдэгдэхгүй гаднаас нь харахад зүгээр л харагдаж байсан. Харин бага зэрэг хөндүүртэй байсан. Тэгээд бүр сүүлд нь шүүх эмнэлэг дээр очоод зураг авахуулахад шинжээч эмч нь хамарны чинь талст мурийсан байна гэж хэлсэн бөгөөд тэр өдөр л хамраа мурийсан гэдгийг эмчээс мэдсэн. Надад Д.Эээс өөр хүнд цохиж зодуулсан асуудал огт байхгүй. Д.Э эхнэр Сарангэрэлийн хамт манай машинд орж ирээд Д.Э надад зодуулаагүй өөр хүнд буюу Бүрэнзэвсэгт зодуулсан гээд мэдүүлэг өгөөч торгуулийн ялны мөнгийг би өөрөө төлчихье гэж гуйсан. Д.Э Бүрэнзэвсэгтэй утсаар энэ талаар яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 60-61 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Гэрч Ц.Бүрэнзэвсэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд тухайн өдөр болсон зүйлсийг бүдэг бадаг санаад байна. Би архи уухаараа бага зэрэг чанга дуутай болчихдог. Гэхдээ тэр өдөр бол би П.Мтай хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Үүнийг маань Уранцэцэг гэрчилэх байх. П.М ч өөрөө хэлэх байх. Би хүргэн дүү нартайгаа аль болохоор эвтэй байдаг. Ялангуяа П.Мтай бол хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Юун хоорондоо зодолдох тийм зүйл огт болоогүй. Би яахав согтчихоод тэгээд газар унаж босож ирээд бага зэрэг агсан зан гаргасан байж магадгүй. Тэрийгээ бол сайн санахгүй байна. 2021 оны 11 билүү 12 сард гэртээ дуудаад ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь яваад очтол шар айраг задлаад өгсөн. Тэгээд бид хоёр шар айраг уугаад сууж байхад Д.Э надад хандаж “...Та П.Мтай зодолдсон гээд хэлээд өгөөч, тэгвэл энэ хэргийг та хоёр зодолдсон болгоод дуусгая, тэгэхгүй бол би ажил төрөлгүй болох гээд байна...” гэж гуйж байсан. Мөн дараа нь П.М, Д.Э нар нь хамт цагдаагийн гадаа байхдаа над руу утсаар та нөгөө ярьж байснаараа мэдүүлэг өгчих гээд гуйж байсан. Тэр үед за ч гэж хэлэлгүй, үгүй ч хэлэлгүй хаячихсан юм. Яагаад гэвэл манай эхнэр зөвшөөрөхгүй байсан юмаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
- Гэрч Ц.Бүрнээбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд маргаан болж байхад Д.Э П.Мд хандаж эхнэрээ хараад явж чадахгүй, хохьчино гэх зэргээр үгээр өдөөд байсан. Тэгэхэд П.М эхлээд Д.Эийн толгой руу ууж байсан архины шилээрээ нэг удаа цохисон. Тэр үед Д.Э босоод уурлан П.Мг зуурч аван тэр хоёр ноцолдож эхэлсэн бөгөөд гэрийнхээ үүдний хэсэг хүртэл зууралдаж яваад тэндээ нэг нэгнээ цохиж харилцан зодолдож эхэлсэн. Д.Эийн толгойноос цохиулсан даруйдаа цус гараагүй байж байгаад харилцан зодолдож байх үед гарч эхэлсэн. Миний харж байснаар бол П.М, Д.Э хоёр нэг нэгнийхээ толгой, нүүр лүү 2-3 удаа л цохисон байх. Би цохилцоод эхлэнгүүт нь л босож очоод салгасан. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. Д.Эийн гэрт ороход Бүрэнзэвсэг ирсэн хамт шар айраг уугаад сууж байсан. Тэр үед Д.Э Бүрэнзэвсэгээс та П.Мтай зодолдсон гээд мэдүүлэг өгчих гээд гуйгаад сууж байсан. 2021 оны 11 сард Бүрэнзэвсэг, П.М нар хоорондоо зодолдсон тохиолдол гараагүй. Хэрэв тийм зүйл гарсан бол би мэднэ шүү дээ. П.М бид хоёр нэг хашаанд амьдардаг. Адаглаад л манай хүүхдүүд надад хэлнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/,
- Гэрч Ц.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...11 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр П.М ах Бүрэнзэвсэг, аав Цэрэннадмидын гэрт архи ууж байсан юмаа. 12-ны өдөр манай аавын төрсөн өдөр болсон бөгөөд үлдсэн архи нь аавын гэрт байсныг тэр гурав хувааж уусан байсан юм. Манай дүү Сарангэрэл аавын гэрт орж ирээд муусайн архичид хүнд гай болоод гэх зэргээр дайрч хэл амаар доромжпоод байсан тэр үед би цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Сарангэрэл Бүрэнзэвсэгтэй бараг зодолдох гээд дайраад байсан. П.М Бүрэнзэвсэг ахтай зодолдох битгий хэл ам муруйсан зүйл болоогүй. Д.Э нь манай нөхрийг зодож гэмтэл зодож гэмтэл учруулчихаад төрсөн ах Бүрэнзэвсэгийг ахыг зодсон мэтээр мэдүүлэг өгөөч гээд гуйгаад явж байгаа нь буруу. П.М бид хоёроос хүртэл гуйж байсан юм ажилтайгаа үлдмээр байна туслаач гэж гуйж байсан. Д.Э би буцаж ажилдаа ормоор бана Бүрэнзэвсэг ах урд нь ял шийтгэлгүй юм чинь торгуулаад л өнгөрнө би торгуулийг төлчихье гэж яриад байгаа юм байна лээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Гэрч Г.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ер нь эрүүлжүүлэх байранд ирсэн иргэний биед гаднаас нь харахад илт мэдэгдэх шинэ шарх, гэмтлүүдийг “..арьс зулгарсан, нүд хөхөрсөн, цус гарсан..” гэх мэт тэмдэглэлд тусгадаг. Хамар хугарсан гэмтлийг гаднаас нь хараад хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй, эрүүлжүүлэх байранд хамрын хуучин хугаралтай хүмүүс маш их ирдэг бөгөөд шинэ шарх, гэмтэлгүй л бол картанд бичигдэдгүй. П.М гэх хүн манай эрүүлжүүлэх байранд ямар байдалтай ирснийг огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11503 дугаартай: “...П.Мгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хуйхны өөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
- Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ер нь анагаах ухаан, шижлэх ухаандаа заахдаа хугарал болсон газар хавдана, өвдөнө, хөхрөнө, улайна үйл ажиллагаа алдагдах үндсэн шинжүүд илэрнэ. Тэгэхээр тухайн хүний хамрын ясны хугарсан хэсгийн байрлал, шинж тэмдгээс хамаараад тухайн хүний гадна байдал илэрч байгаа өөрчлөлтүүд янз янз байдаг. П.Мн хувьд 2021 оны 11 сарын 18-ны өдөр үзүүлэхэд тухайн хамарнаас цус их гарсан хамар битүүрнэ гэсэн зовиуртай байсан. хамрын хугарлын үйл ажиллагааны алдагдал шинж тэмдэг нь илэрсэн байсан. түүний хамрын хугарал гэмтэл нь дүгнэлтэд тусгагдсанаар хонхойсон овгор байсан гэмтлийг 7-10 хоногийн буюу П.Мгийн хэлснээр 11 сарын 8-нд үүсэн байх боломжтой. Мөнгөн шагайгийн гэмтэл нь 2021 оны 11 сарын 15-ны өдөр үүссэн бол миний дүгнэлтэд хэсэг газрын үздэгээр илэрсэн илэрлүүд илрэхгүй гэмтэл нь илүү шинэ илэрлүүд тод байх байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Б. Шүүгдэгч П.М нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-ийн 4-р гудамны 223А тоотод нэг хашаанд хамт амьдардаг баз хүргэн Д.Этэй өөрийн гэрт маргалдаж түүний толгой хэсэгт Хараа нэртэй архины шилээр нэг удаа цохиж хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хүзүүний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч П.М нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
- Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн үед гэр лүүгээ орж явтал Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-ийн 4-р гудамны 223А тоот өөрийн хашаанд хүргэн П.Мтай үүдэнд таарсан бид нэг хашаанд амьдардаг хөршүүд юм. Гэртээ орсны дараа П.М 0.75 граммын хараа архи задлаад аяганд хийж өгсөн, бид хоёр нэг нэг удаа татсан. Тэгснээ намайг санамсаргүй байхад толгойн орой хэсэг рүү шилтэй архиараа нэг удаа цохисон. Гэтэл миний толгойноос цус их хэмжээгээр гоожиж би гэртээ ортол эхнэр Ц.Сарангэрэл гэмтэл рүү намайг аваад явсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11069 дугаартай: “...Д.Эийн биед хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хүзүүний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
В. Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нар нь “гэм буруугийн тал дээр маргахгүй” гэх ба ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Баярням нар нь гэм буруугийн тал дээр маргаж, цагаатгах байр суурьтай оролцож “... шүүгдэгч П.Д.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч П.М нь Ц.Бүрэнзэвсэг нар нь зодолдсон байсан” гэх утга агуулга бүхий тайлбар гаргаж хэргийн хэрэгсэхгүй болгон цагаатгах санал гаргаж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд П.М нь Ц.Бүрэнзэвсэгтэй зодолдсон гэх ямар нэгэн баримт авагдаагүй байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах талаар гаргасан өмгөөллийн саналыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзэж, шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч Д.Э, П.М нар нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч П.Мн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Эийн, хохирогч Д.Эийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч П.Мн итэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч П.М “...Нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Э баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э, П.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Э, П.М нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Эт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, шүүгдэгч П.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.М, Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Э, нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М, шүүгдэгч Д.Э нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ