Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03001

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03001

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух О...овогт Т... Х.../РД: .../-ын

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, .... байрлах Ш... э... л... с... /РД: ..../-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 6,538,900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ш.Э сургуульд нарийн бичгээр ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж буцаад ажилдаа томилогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар Т.Х намайг Ш.Э сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн томилж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Ингээд шүүхийн шат шатны шийдвэр болон миний хүсэлтийг үндэслэн Ш.Э сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаал гарч намайг ажилд эргүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч хариуцагч тал намайг ажилд эгүүлэн томилох хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 7 сар 16 хоног /ажлын 165 хоног/ ажилгүй байсан хугацааны /7 сар х 869,095=6.083.665 төгрөг, ажлын 11 хоног х 41,385=455,235 төгрөг/ цалинд нийт 6,538,900 төгрөгийг Ш.Э сургуулиас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Хын нэхэмжлэлтэй Ш.Э лаборатори сургуульд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2832 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... хариуцагчаас 6,456,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэж заасан. Уг шийдвэрийг үл зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг 103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1,778,612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Магадлалыг Улсын дээд шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Энэ өдрөөс хариуцагч тал нэхэмжлэгчтэй уулзаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр түүний 95551500 дугаарын утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Түүний өмгөөлөгчөөс 98820232 дугаарын утастай гэж мэдээд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр холбогдож, мөн оны 6 дугаар сарын 7-ны өдөр Т.Х ажилдаа эргэж орох тухай хүсэлт гаргаж, мөн сарын 11-ний өдөр түүнийг тушаал гаргаж ажилд нь томилсон. Иймд хариуцагчийн буруутайг үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Ш.Э лаборатори сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 6,538,900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш.Э лаборатори сургууль нь ... шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул хариуцагч тал давж заалдсан, 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Х ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Ш.Э лаборатори сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 онд шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Төмөрийн Хаш-Одыг Ш.Э лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагчаас 6,456,060 төгрөг гаргуулж Т.Ход олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлоор хэлэлцээд 103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 6,456,060 төгрөг гэснийг 1,778,612 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэлэлцээд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн001/ХГ2018/00641 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Хыг Ш.Э лаборатори сургуулийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол. гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүрэгтэй атал Ш.Э лаборатори сургууль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч Т.Хыг ажилд нь эгүүлэн авалгүй, ажлын 36 хоног ажилгүй байлгаж, цалинг олгоогүй болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, Ш.Э лаборатори сургуулийн даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Т.Хыг нарийн бичгээр эгүүлэн томилох тухай Б/19 дүгээр тушаал зэрэгт нотлох баримтуудаар тогтоодож байх тул нэхэмжлэгч Т.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс Т.Хын 1 өдрийн цалин, түүнтэй адилтгах орлогыг 40,423 төгрөгөөр тогтоосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар нэхэмжлэгч Т.Хын Ш.Э лаборатори сургуулийн нарийн бичгээр ажиллаж байх хугацааны 1 өдрийн цалинг 40,423 төгрөгөөр тооцов.

Иймд хариуцагч Ш.Э лаборатори сургуулиас 1,455,228 төгрөг /40,423х36=1,455,228 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,083672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь ... өмнөх шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул бид нар давж заалдсан, Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Х ажилдаа эргэж орох хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гаргаж байх боловч энэ нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нэн даруй биелүүлэх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Ш.Э лаборатори сургуулиас 1,455,228 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ход олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,083672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 119,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР