Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/724

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           9                                       2022/ШЦТ/724

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жд холбогдох эрүүгийн 2211 00560 1178 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,

- урьд 1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай магадлалаар 3 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

- 1999 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- 2006 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

- 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

- 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дүүргийн эрүүгийн хзргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

- 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,

- 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Ж.Ж, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-585 тоот хашаанд байх Д.Тын эзэмшлийн экскаваторын шинэ 8 ширхэг том дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4,320,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж нь “...Хохирогчид хохирлыг төлж барагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

- Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрч Х.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

- Гэрч Ю.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 286 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 184-186 дахь тал),

- Яллагдагч Ж.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 153-157 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68-74 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 145 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ж.Жыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-585 тоот хашаанд байх Д.Тын эзэмшлийн экскаваторын шинэ 8 ширхэг том дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4,320,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ж.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-585 тоот хашаанд байх Д.Тын эзэмшлийн экскаваторын шинэ 8 ширхэг том дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4,320,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

- Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-585 тоот хашаанд хулгай орж миний экскаваторын шинэ 8 ширхэг том дугуйг хулгайлаад явсан тэгээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан дугуй бол Экскаваторын 9*20-той 8 ширхэг шинэ дугуй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрч Х.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед гадуур ажилтай явж байхад манай найз болох Ю.Даваадорж над руу залгаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн тэгээд би тэдний гэр очсон. Тэдний гэрт очтол Даваадорж, бас Даваадоржийн ах болох Ж.Ж тэр хоёр согтуу байсан. Ж.Ж ах надад “...ахад нь 8 ширхэг том машины дугуй байгаа, энэ дугуйг зарах гэсэн юм, энэ миний өөрийн дугуй байгаа юмаа, ах нь дугуйгаа зараад машинд нь бензин дүүргэж хийж өгье...” гэж хэлсэн. Тэгээд би Даваадоржийн хашаанд байх гражид ороод хартал 8 ширхэг шинэ том дугуй байсан. Тэдний гэрээс гараад Ж.Ж ах бид хоёр миний машин болох саарал өнгийн приус 20 загварын 2587 УБА загварын машинтай эхлээд Да хүрээ явсан, дараа нь буцаж гэртээ ирээд Даваадоржийг аваад 5-н шарын урд байх том тэрэгний сэлбэг зардаг газруудаар явсан. Замаараа модны зах ороод жижиг амьжиргаа цагаан гэх нэртэй машин хөлслөөд цаашаа Даваадоржийн гражид байх 8 ширхэг дугуйг ачаад Да хүрээ ороод дугуй зардаг хүнд 1 ширхэг дугуйг 270,000 төгрөгөөр бодоод 8 ширхэг дугуйг 2,160,000 төгрөгөөр бодож худалдсан. Тэгээд тэр худалдсан мөнгөө “...ахад нь виза карт алгаа, чиний данс руу хийгээд авчихъя...” гэж хэлээд миний хаан банкны 5057895839 дугаарын данс руу 2,160,000 төгрөг хийлгэсэн. Тэгээд тэнд байж байхдаа Ж.Жы ээж болох М.Дулмаа гэх хүний хаан банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Даваадоржийн данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Бас нэг танихгүй хүний данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний машины бензинийг дүүргэж өгөөд 52,000 төгрөг үлдэхээр нь намайг хамт явсан, чи ав гэж хэлсэн. Тэгээд би хөлсөндөө авсан. Тэр хоёрыг Даваадоржийн гэрт буулгаад би цаашаа гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

- Гэрч Ю.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өглөө 10 цагийн үед сэртэл Ж.Ж ах “...машинтай найзыгаа хүрээд ир...” гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд би Мөнгөнтуяа гэдэг найзыгаа дуудсан. Удалгүй манай найз хүрээд ирсэн. Тэгсэн чинь Ж.Ж ах бид хоёрыг дагуулаад манай граж руу орсон чинь манай гражид 8 ширхэг том дугуй байсан. Тэгээд тэндээсээ Ж.Ж ах манай найз Мөнгөнтуяа хоёр хамт гараад явж байгаад өдөрхөн тийшээ хүрч ирээд намайг авч явсан. Тэгээд манай гэрээс гараад 5 шар ороод том машины сэлбэг авдаг дэлгүүр дээр очоод тэндээсээ буцаад Чингэлтэй дүүрэгт байдаг модны зах ороод амьжиргаа цагаан хөлслөөд манай гражид байсан 8 ширхэг дугуйг ачаад Да хүрээ зах руу аваачаад Ж.Ж ах нэг танихгүй эрэгтэй хүнд 2,160,000 төгрөгөөр дугуйгаа зарсан. Манай найз Х.Мөнгөнтуяагийн хаан банкны данс руу шилжүүлж авсан. Тэгээд миний данс руу 800,000 төгрөг хийсэн. Мөнгөнтуяагийн машины банкийг дүүргэж өгсөн. Бас нэг хүнд 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид нар тэндээсээ шууд манай гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 286 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 184-186 дахь тал),

- Яллагдагч Ж.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би дүү Даваадоржийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд дарь-Эхийн 29-1631 тоотод байх гэрт очсон юм. Тэгээд тэр өдөртөө Даваадоржийн гэрт хамт архи уусан ба Даваадорж гэртээ тасраад унахаар нь би унтаж байгаад сэрээд Даваадоржийн хашаанд байсан төрсөн ээж Дулмаагийн нэр дээр бүртгэлтэй байдаг ээжийн эзэмшпийн Приус-20 маркийн 81-84 УБЭ улсын дугаартай автомашиныг аваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх зам гүурийн (авто баазын тэнд байдаг /хаягийг сайн санахгүй байна/ нийтийн байр луугаа явсан юм. Тэгээд блокон хашаатай айл тааралдсан. Би хашааг давж ороход хашаанд экскаватор маркын 3-4 автомашин байсан ба автомашинуудын хажууд дугуйнууд хураалттай ил байхаар нь уг дугуйнуудыг хулгай хийж авах санаа төрөөд хашааны хаалгыг дотор талаас нь онгойлгоод дугуйнуудыг нэг нэгээр өнхрүүлээд нийт 8 ширхэг экскаватор машины дугуйг дөрвөн ширхгээр ээлжлээд 2 удаа ачиж зөөгөөд хулгай хийсэн юм. Би уг хулгай хийсэн 8 ширхэг дугуйг дүү Даваадоржийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд дарь-Эхийн 29-1631 тоотод байх грашид нууж тавьсан. Надад Даваадоржийн грашийн түлхүүр байсан юм. Тэгээд тэр шөнөдөө Даваадоржийн гэрт ороод хоноход Даваадорж тасарсан унтаж байсан ба би гэрт байсан тал шил архийг уугаад унтсан юм. Тэгээд өглөө босоод дугуйнуудаа зарах гэтэл би архи уусан согтуу байсан тул автомашинаа барьж чадахгүй байсан учир дүү Даваадоржид “...ахынх нь нэг зарах гэж байгаа хэдэн дугуй грашид байгаа юм, зарах гэсэн юм...” гэж хэлсэн чинь Даваадоржийн найз Мөнгөнтуяаг автомашин бариад өгөөч гээд дуудсан юм. Удалгүй Мөнгөнтуяа Даваадоржийн гэрт ирэхээр нь “...ах нь өөрийнхөө хэдэн дугуйг худалдах гэсэн юм, авто машин бариад өгөөч, ахынх нь дугуй байгаа юм, ямар нэгэн асуудалгүй, санаа зоволтгүй...” гэж хэлсэн. Тэгсэн Мөнгөнтуяа хэрэв тийм бол би өөрийнхөө автомашинтай явъя гэсэн. Тэгээд Мөнгөнтуяа бид хоёр Мөнгөнтуяагийн приус-20 маркийн 25-87 УБА маркийн автомашинд 1 ширхэг дугуйг ачаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дээр аваачаад 1 ширхэг 270,000 төгрөгөөр тооцоод 8 ширхэг дугуйг үл таних ченжид 2,160,000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тэндээсээ Мөнгөнтуяа бид хоёр Даваадоржийн гэр лүү буцаж очоод Даваадоржийг аваад замаасаа жижиг амьжиргаа цагаан автомашин хөлслөөд дугуйнуудаа ачаад “Да хүрээ” зах руу буцаад очоод нөгөө дугуй авах ченжид өөрийн эд зүйл гэж хэлээд дугуй зарсан 2,135,000 төгрөгийг Мөнгөнтуяагийн 5057895839 дугаарын данс руу шилүүлэн авсан ба мөнгийг Мөнгөнтуяагийн данснаас өөрийн ашиглаж байсан төрсөн ээж Дулмаагийн 5009549910 дугаарын данс руу 1,000,000 төгрөг, дүү Даваадоржийн 800,000 төгрөг, тээврийн хөлс болон Мөнгөнтуяагийн автомашинд бензин хийх зардалд 5076292023 дугаарын данс руу 225,000 төгрөг, дэлгүүрээс 30,200 төгрөгт эд зүйл авсан юм. Уг мөнгийг би увуулж цувуулаад авч архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэсээр байгаад дуусгасан ба Даваадоржийн дансанд шилжүүлсэн 800,000 төгрөгийг цувуулаад аваад дуусгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-157 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх ба бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авснаар төгссөнд тооцогддог. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хялбарчлах, биеэр авч чадахгүй зүйлээ зөөж тээвэрлэх, үйлдлээ хялбарчлах зорилгоор машин механизмыг зориуд ашигласан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь учирах саадыг арилгах зорилгоор “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хуульчилсан

Шүүгдэгч Ж.Ж нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа үйлдлээ хялбарчлах зорилгоор автомашин ашигласан байх тул Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч Ж.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар оногдуулсан 3 жил 3 сар 18 хоногийн ял, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгий хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 40 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгээд 6 жил 4 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн  саналыг гаргав.

Шүүгдэгч Ж.Жы зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөр төлсөн тул эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, ...хэрэглэж болно” заасан байх тул шүүгдэгч Ж.Жы ял шийтгэл хөнгөрүүлэх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ХМШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 18 хоногийн хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 4 сар 28 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Т нь “...Хохирлоо барагдуулж авсан. Гомдол саналгүй...” /хавтаст хэргийн 170 дахь тал/ гэх тул шүүгдэгч Ж.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 2211 00560 1178 дугаартай хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Жы энэ хэрэгт цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Ж.Жд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ХМШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 3 жил  5 сар 19 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 18 хоногийн хорих ял мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарйн 21-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг  хорих ялын 1 хоногт дүйцүүлээн 40 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг  5 жил 04 сар 28 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Жы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

            6. Шүүгдэгч Ж.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ