Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           9                                        2022/ШЦТ/722

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шт холбогдох эрүүгийн 2211005471029 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 дүү, 1 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 4-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 37 хоног хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 131 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 15-ны өдрийн 2022/ХМШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Э.Шт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 131 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 121 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 4 /дөрөв/ cap 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Э.Ш, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш нь 2022 оны 3 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 2-15 тоотоос иргэн Н.Уын “Редми нөүт 8” маркийн гар утас, иргэн Т.Мийн “Самсунг галакси эс 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн Г.Баагийн “Самсунг A3” маркийн гар утас, мөн ХААН банкны данснаас нь 2,600,000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 3,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Самсунг эс 7” болон “Редми нөүт 8” маркийн гар утсыг нийт 440,000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- ”Редми нөүт 8” маркийн гар утсыг Чингэлтэй үүргийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” барьцаат зээлийн газраас хураан авах прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 60 дахь тал/,

-”Редми нөүт 8” маркийн гар утсыг ломбардад тавьсан бичиг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

- Мөрдөгчийн “Редми нөүт 8” маркийн гар утсыг хураан авсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/,

- Мөрдөгчийн “Редми нөүт 8" маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

- Хохирогч Г.Баагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

- ХААН банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэбилэгийн Э.Шын эзэмшдэг гэх 5039679671 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлсэн” тухай албан бичиг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

- ХААН банкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрдэнэбилэгийн Э.Шын эзэмшдэг гэх 5039679671 дугаартай Э.Шын дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлсэн” тухай албан бичиг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Самсунг А3“ маркийн гар утсыг 100,000 төгрөг үнэлсэн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “хохирогч Г.Ба нь 5 дугаарын Г.Э.Шын зургийг гараараа заасан" гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 99 дэх тал/,

- Таньж олуулах ажиллагааны явцад ашигласан гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Шыг 2022 оны 3 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 2-15 тоотоос иргэн Н.Уын “Редми нөүт 8” маркийн гар утас, иргэн Т.Мөнхнарагийн “Самсунг галакси эс 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 11 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн Г.Баагийн “Самсунг A3” маркийн гар утас, мөн ХААН банкны данснаас нь 2,600,000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 3,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ш нь 2022 оны 3 сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 2-15 тоотоос иргэн Н.Уын “Редми нөүт 8” маркийн гар утас, иргэн Т.Мөнхнарагийн “Самсунг галакси эс 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 11 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн Г.Баагийн “Самсунг A3” маркийн гар утас, мөн ХААН банкны данснаас нь 2,600,000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 3,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 2-15 тоотод байх гэртээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өглөө унтаж зүс таних Э.Ш гэх залуу гаднаас ганцаараа орж ирээд манай гэрт хэсэг суусан. Удалгүй Э.Ш гэрийн баруун талын орон дээр байсан манай эгч Т.Мгийн болох “Самсунг эс 7” маркийн гар утасны нэвтрэх кодыг хэлээд өгөөч би интернэт орох хэрэгтэй байна гэж надад хэлэхээр нь чи яах гэж байгаа гэж хэлээд уурлаж цааш хараад унтаад өгсөн. Унтаж байгаад сэртэл Э.Ш манай гэрт байхгүй байсан. Тэр үед манай эгч Т.Мгийн “Самсунг эс 7” баруун талын орон дээр байсан. Харин би өөрийн эзэмшлийн “Нөүт 8” маркийн гар утсаа дэрлэж байсан дэрэн доогуураа хийж унтсан. Хэсэг хугацааны дараа гэрийн хаалга дахин дуугарсан ба сэрээд хартал Э.Ш манай гэрт буцаж орж ирсэн. Э.Шын үйл хөдлөлийг анзаарч хараагүй юм. Э.Шыг 2 дахь удаагаа гэр лүү орж ирэх үед эгчийн утас болох “Самсунг эс7” баруун талын орон дээр байсан. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найз Азхүүгийн хамтаар барилга дээр ажил хийсэн тул ядарсандаа унтчихсан байсан. Сэрээд өөрийн гар утсаа дэрний доогуур үзтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э.Ш манай гэрт ганцаараа ирээд буцаад гарах үедээ манай охин Мишээлийн утас болох “Самсунг эс 7” болон Н.Уын ’’Редми нөүт 8” маркийн гар утсыг зөвшөөрөлгүй авч явсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Самсунг эс 7” болон “Редми нөүт 8” маркийн гар утсыг нийт 440,000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- ”Редми нөүт 8” маркийн гар утсыг Чингэлтэй үүргийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” барьцаат зээлийн газраас хураан авах прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 60 дахь тал/,

-”Редми нөүт 8” маркийн гар утсыг ломбардад тавьсан бичиг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

- Мөрдөгчийн “Редми нөүт 8” маркийн гар утсыг хураан авсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/,

- Мөрдөгчийн “Редми нөүт 8" маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

- Хохирогч Г.Баагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би найз Батдоржийн гэрт түр оршин сууж байгаа ба тухайн өдөр найзтайгаа 0.75 литрийн “Эдэн” архи болон нэг том пиво хувааж уугаад гэрээс нь гараад 84 дүгээр сургууль орчмоос замынх нь зүүн талаас такси барихаар гараа өргөөд хар өнгийн “Соната” маркийн автомашинд суугаад “Хүчит шонхор” зах руу нэг найзтайгаа уулзсан ба тухайн таксины жолооч найз Буянмөнхийн гар утсаар эхнэр лүүгээ ярьсан. Удалгүй эхнэр нь ирээд машинд суугаад бид 3 тухайн машинд хамт явж байсан ба Хүчит шонхороос хөдөлж хороолол ороод би Бек гэх хүнтэй уулзсан. Тэр үед эхнэр нь нэг том пиво надтай хувааж уусан юм. Би тухайн таксигаар явсаар байгаад харихаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 84 дүгээр сургууль руу хүргүүлэх талаар хэлсэн. Би таксины мөнгө төлөхөөр утасныхаа интернэт банкаар тухайн таксины жолооч руу 50,000 төгрөг, 2 удаа гүйлгээ хийсэн байсан ба тухайн үед миний интернэт банкны кодыг харсан байх. Миний дансанд байсан 2,600,000 төгрөгийг тухайн таксины жолооч залуу 5039679671 гэх Хаан банкны данс руу 2021 оны 11 сарын 01-ний өдөр шилжүүлэн авсан байсан. Миний “Самсунг A3 “маркийн хар өнгөтэй гар утас алга болсон байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

- ХААН банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэбилэгийн Э.Шын эзэмшдэг гэх 5039679671 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлсэн” тухай албан бичиг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

- ХААН банкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрдэнэбилэгийн Э.Шын эзэмшдэг гэх 5039679671 дугаартай Э.Шын дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлсэн” тухай албан бичиг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Самсунг А3“ маркийн гар утсыг 100,000 төгрөг үнэлсэн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “хохирогч Г.Ба нь 5 дугаарын Г.Э.Шын зургийг гараараа заасан" гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 99 дэх тал/,

- Таньж олуулах ажиллагааны явцад ашигласан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 100-102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Шын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.Шын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ХМШЗ/17 шүүгчийн захирамжаар оногдуулсан 121 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 01 хоногоор тогтоож, түүний цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ял оруулан тооцуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дэрээ маргахгүй. Миний үйлчлүүлэгч нь цагдан хоригдож байсан учраас хохирлыг төлж чадаагүй. 2022 оны 11 дүгээр сарын үйлдэл нь мөрдөгч амралтаа авсан байсан учраас дутуу орхигдсон. Энэ үйлдэл нь сая гарч ирсэн учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон. Хоёрдугаарт нотлох баримтаар хавтаст хэргийн 128 дугаар талд байгаа ялын тооцооны тодорхойлолт дээр зааснаар нэг сар 24 хоногийн ялтай байх хугацаа үлдсэн байсан. Тэр ял нь 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд дууссан. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт хуульчлагдаагүй учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулдаг. Миний үйлчлүүлэгч нь 6 настай охинтой түүний охин нь асрамжийн газарт байдаг бөгөөд хоригдож байх хугацаанд түүний ээж нь нас барсан. Урьд өмнө нь охиныг нь ээж нь хардаг байсан учраас төдийлөн ухаараагүй байсан. Харин одоо бол нөхцөл байдал өөр байгаа түүний охиныг харж, хандах хүн байхгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго бол заавал хорих биш гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ухамсарлуулах зорилготой тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ХМШЗ/17 шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 01 сар 24 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Т.Мгийн “...Би өөрийн гар утасны оронд Э.Шаас өөр гар утас авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хавтаст хэргийн 12 дахь тал/ гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэргээр шүүгдэгч Э.Шыг хохирогч Т.М, Н.У нарт төлөх төлбөргүй. Харин шүүгдэгч Э.Шаас 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бад олгуулах нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Шын энэ хэрэгт цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ХМШЗ/17 шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Шын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шаас 2,700,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Цагаансорт овогт Ганболдын Г.Ба /РД:ЙК90011517/-д олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ