| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 102/2017/00148/и |
| Дугаар | 00100 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 00100
Т.С-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ш-д холбогдох
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамж 207 тоотод байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц болон 249,89 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.С 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хамаатан н.М-аас хайшаа, байшинг шүүхийн маргаантай байхад худалдаж авсан. 2012 онд н.З-аас С.Б-д, н.Б-аас н.А-д, н.Аз-аас н.М-д, н.М-аас Т.С-д зарагдаж олон өмчлөгч солигдож, хууль ёсны өмчлөгч нь Т.С болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Б-ын нэхэмжлэлтэй н.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0325 дугаар шийдвэрээр С.Б-ын нэхэмжлэлтэй н.М, Т.С нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Т.С-ийг хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон. Уг хашаа байшинг эзэмших гэхээр н.Б-ын хамаатан С.Ш хууль бусаар эзэмшчихээд суллаж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц, 249,89 м.кв талбайтай газрыг С.Ш-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Тухайн газарт Н.Н амьдардаггүй учраас түүнд холбогдох хэсгээс татгалзсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Ш нэхэмжлэлд дурдсан газар, үл хөдлөх хөрөнгийн эзэн өмчлөгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. С.Б нүүлгэн гаргавал зохих этгээд юм гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан Т.С-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205011912 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууц болон улсын бүртгэлийн Г-2205000574 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул, 11 дүгээр гудамж, 207 тоот хаягт байрлах, 249.89 м.кв талбайтай газрыг хариуцагч С.Ш-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С нь н.Н-д холбогдох хашаа, байшин чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ш-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Уг газар, өмчийн эзэн нь С.Б болох талаар маргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч Т.С дээр дурдсан хаягт байх газар, үл хөдлөх хөрөнгөөс С.Б-ыг албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх С.Б-ыг уг хаягт байдаггүй гэх үндэслэлээр бус уг нэхэмжлэлтэй холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаатай холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дээрх газар, үл хөдлөх хөрөнгө С.Б-ын эзэмшилд байдаг болох нь нотлогдож байхад хариуцагчийг буруу тогтоож, С.Ш-г нүүлгэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Т.С хариуцагч С.Ш-д холбогдуулан хувийн сууц, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот хаягт байрлах газар, хувийн сууцыг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 219.89 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 000281901, 000338610 дугаартай газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Зохигчид нэхэмжлэгч Т.С-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч С.Ш уг газар, байшинг С.Б эзэмшдэг гэх үндэслэл зааж маргасан.
Хэрэгт авагдсан маргаж буй газар, хувийн сууцыг гэрээний үндсэн дээр олж авсан үйл баримтын талаархи хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /хх 8-19/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрх бүхий эрхтэй өмчлөгч юм.
Хариуцагч С.Ш уг хашаа, байшинг өөрийн эзэмшилд байлгаж байгаа учир хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаагаа нотлох үүрэгтэй. Энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж буй байдлыг нотлох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Т.С нь хөрөнгөө хариуцагч С.Ш-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна. Түүнчлэн зохигчдын маргаж байгаа зүйл, түүний үндэслэлтэй холбоотой өөр хэрэг маргааныг шүүх шийдвэрлэж байгаа талаар баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА