Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.В-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Цэрэнжамц,

            шүүгдэгч Б.В-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.В-д холбогдох эрүүгийн 1806009662089 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Б-ы В, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .... дугаар хороо, ................. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ПМ................./,

            Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

            Б.В нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжны 275 тоотод оршин суух Н.Энхтайваны эзэмшлийн байшингийн цонхны салхивчаар нэвтэрч, 32 инчийн Самсунг Лед маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлан авч, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.В-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О овгийн Б-ы В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.В-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.В-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.В-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжны 285 тоотод оршин суудаг /РД:ПМ82112117/ Б.В-ээс 520.000 төгрөгийг гаргуулж, Н.Энхтайванд олгож, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.В-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ял авсан. Шүүхээс гаргасан энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, хүсэлтийг минь хүлээн авна уу. Шүүгдэгч Б.В нь энэ хэрэгт өмнө оролцож байсан өмгөөлөгч нарын буруу зөвлөгөөний улмаас эрхзүйн хувьд буруу байдлаар дүгнэлт хийж, хохирогч Н.Энхтайваны орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 520.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн Самсунг зурагт болон мөнгөн аягыг аваагүй гэж гэм буруугийн хувьд маргасан нь алдаатай, гэм буруугаа ухамсарлаагүй дүгнэлт болохыг ойлгож, хохирогчийн эд зүйлийг орон байранд нэвтэрч нууцаар авсан гэм буруутай болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хулгайн хэргийн хохирол төлбөр болох 520.000 төгрөгийг хохирогч Н.Энхтайванд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж, биечлэн эдлэх ялыг уг зүйл ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ялаар шийтгүүлхээр гомдол гаргаж байна. Гомдлыг хүлээн авч магадлан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Н.Энхтайван тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 906 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн Б-ы В /РД:ПМ82112117/-д холбогдох хэргийн хохирогч Н.Энхтайван миний бие Б.В-ийн эхнэр Төлөжийн Нандинцэцэг /РД:ПП86101542/-ээс тогтоолд заасан хохирлын төлбөр болох 520.000 төгрөгийг бүрэн хүлээн авч, гомдол саналгүй болж эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар Б.В-ийн ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.В-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт нийтдээ эрх зүйн туслалцааны 5 өмгөөлөгч оролцож байсан. Шүүгдэгч болон ар гэрийнхэнд нь хохирол төлбөрийг ямар нэгэн байдлаар төлж барагдуулахыг зөвлөж, төлбөрөө төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчийн хохирол төлсөн байдал, хохирлын хор хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна.” гэв.

 

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлд маргадаггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар шүүгдэгч хохирогчийн гэрт засвар хийж байсан тухай хэллээ. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих бүхий л ажиллагааг хийсэн. Өмнө нь хэрэг анхан шатны шүүхээс буцаж, шаардлагатай ажиллагаануудыг дахин хийсэн байдаг. Шүүгдэгч мэдүүлэгтээ “би хулгай хийгээгүй, тухайн цаг хугацаанд өөр газарт явж байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй байна.” гэв.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.В нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баатархайрханы ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Н.Энхтайваны эзэмшлийн байшингийн цонхны салхивчаар нэвтэрч, 32 инчийн Самсунг Лед маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлан авч, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Энхтайваны “...2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажил явдал гараад нөхөр Ганбаатарын хамт Дархан-Уул аймагт явж байсан. Тэгэхэд манай гэрт охин Хуланзаяа, хүргэн Ариунболд нар үлдээд өдөр гадагшаа гараад иртэл гэрт хулгай орсон байна гэж ярьсан. Манай өвлийн байшингийн жижиг өрөөний цонхоор ороод 32 инчийн Самсунг зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлс авсан байсан. ...” /хх 22-23/,

гэрч Ц.Ариунболдын “...2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагт гэрээсээ гараад 20 цагт гэртээ ирэхэд манай байшингийн арын 40х30 хэмжээтэй вакум цонхийг түлхэн хулгайч орж Самсунг 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан. ...” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, эд зүйлийн үнэлгээ /хх 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1362 дугаартай дүгнэлт /хх 124-125/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

             Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.В-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.В-ийг иргэн Н.Энхтайваны эзэмшлийн байшингийн цонхны салхивчаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч, нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж, биечлэн эдлэх ялыг уг зүйл ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ