Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/1009/З |
Дугаар | 221/МА2024/0420 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0420
“Б И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Нэхэмжлэгч: “Б И” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/1009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б И” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б И” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Эрдэнэ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. Анхан шатны шүүх " харин хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан "Баз интернэшнл" ХХК нь тухайн газраа ашигласан, газар дээрээ хийж бүтээсэн ажлуудын талаарх нотлох баримтуудаар тогтоогдсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Гэвч уг тушаалын Тушаах хэсэгт тодорхой заасан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон "... хүндэтгэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй" гэсэн гол үндэслэлд "зөвхөн энэ зөрчилд шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй" гэж үзэж, харин "... нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна.
3.2. Анхан шатны шүүхийн ТОГТООХ хэсгийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус үндэслэсэн нь газар ашиглах эрхийг цуцалсан үндсэн шалтгааны хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тусгасан ба Газрын тухай хуулийн 45 дугаар зүйл) "45.1. Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заажээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-ээр Газар эзэмшигчийн эрхийг дорх байдлаар, "35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.1.2. газрын толов байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах, 35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах" гэж тодорхойлсон. Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-аар Газар эзэмшигчид "35.3.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; 35.3.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх; 35.3 5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчихгүй байх" үүрийг тус тус хүлээлгэжээ.
3.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргийн урьдчилсан нөхцөлүүдийг тогтоож өгсөн хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр тогтоосон талуудын хооронд байгуулагдах гэрээ байгуулах эрх, үүрэг бүхий төрийн байгууллагын үүрэг, газрын төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл зэрэг газрын төлбөр төлөх үндэслэлтэй байсан эсэх асуудал дээр шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д "Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14/96тоот /хх3-150 тал/ албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тухайн байгууллагатай газар ашиглах шинэчилсэн гэрээ хийж газрын кадастрын цахим системд бүртгээгүйн улмаас 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй гэснээс үзвэл газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй гэж үзэхээр байна" гэж шүүх дүгнэсэн байна.
3.4. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг тогтоож өгсөн бөгөөд 34.1-т "Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т "Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрэг нугаллага хамгалалтын захиргаатай хамтран байгуулснаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэл бүртгэнэ" гэж зааснаас үзэхэд, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах асуудал нь зөвхөн ашиглагч байгууллагаас шалтгаалах биш Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамгаалалтын захиргаатай хамтран газар ашиглах гэрээ байгуулахаар, ийнхүү байгуулагдсан гэрээг үндэслэн эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулсан байна.
3.5. Нэхэмжлэгчийн газар ашигласны төлбөрийн хэмжээг хуулиар шууд тогтоох боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгаж өгөхийг хуульчилсан. Гэтэл газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа нь нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Нөгөө талаар газрын төлбөрийг цахим бүртгэлээр үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлдөг бөгөөд эрх бүхий этгээдээс гэрээг газрын кадастрын цахим системд бүртгээгүйн улмаас нэхэмжлэх үүсээгүй болох нь Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 14/96тоот албан бичгээр нотлогдож байна.
3.6. Түүнчлэн, 2023 оны А/524 дүгээр тушаалын үндэслэл болсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/524 дүгээр тушаалыг "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн "Баз интернэшнл" ХХК-д холбогдох хэсэг байхгүй ба шүүхээс энэ баримтыг шаардсан боловч ирүүлээгүй байгаа нь Сайдын дээрх тушаал үндэслэлгүй болохыг нотолж байна. Нөгөө талаар, А/524 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт "... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 443 дугаар албан бичиг"-ийг үндэслэн бөгөөд уг бичиг нь газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах саналын агуулгагүй, мөн хавсралтад заагдсан мэдээлэл 11.1 га газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болохгүй байна гэдгийг анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
3.7. Хамгаалалтын газрын захиргаанаас 2024 оны 02 сарын 21-ний өдрийн албан тоотоор манай компанийг гэрээгээ хүлээн авахыг удаа дараа шаардсан боловч гэрээгээ аваагүй гэсэн тайлбар өгдөг боловч энэ тайлбарыг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Хамгаалалтын захиргаанаас санаатай болон санамсаргүй байдлаар манай компанитай байгуулах гэрээг хойшлуулсан, орхигдуулсан, дарагдуулсаны улмаас гэрээ байгуулагдаагүй болох нь манай компаниас газрын төлбөрөөс гадна мөнгө нэхэж байсантай холбоотой гэж бид үзэж байна. Тухайн цаг хугацаанд улс орон даяар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, зарим үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсч байсныг ч харгалзан үзэх шаардлагатай гэж бодож байна. Манай компани тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа гэрээнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн гэж дүгнэсэн тул Сайдын 2021 оны А/11 дүгээр тушаалаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл "Баз интернэшил" ХХК-ийн 11.1 га газар ашиглах эрхийг сунгасан.
3.8. Манай компани ашиглаж байгаа газар дээрээ 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэгэнт хийсэн, цаашид томоохон төсөл төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байгаа энэ цаг үед бидний зүгээс газар ашиглах гэрээ байгуулахгүй байх нэг ч шалтгаан байхгүй, харин ч гэрээгээ байгуулаад, хуулийн дагуу ашиглалтаа үргэлжлүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорилгоо болгож байгаа билээ. Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар "Баз интернэшнл" ХХК-ийн 11.1 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШШ2024/0282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч “Б И” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалаар “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/352 дугаар тушаалаар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хар бургастайн хязгаарлалтын бүсэд “Б И” ХХК-д ашиглуулахаар олгосон 9.1 га, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар олгосон 2.0 га, нийт 11.1 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 11.1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
4. Нэхэмжлэгчээс “...эскиз зураг гаргуулсан, ...худаг гаргуулсан, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан, барилгын зураг төсөл, инженер–геологийн судалгааны дүгнэлтийг батлуулсан, ...манай компани дээрх ажлуудыг хийх бүрд их хэмжээний төсөв мөнгийг гаргаж хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа нь төслийн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлд нийцэхгүй, ...2021 оноос хойш манай татварын системд нэхэмжлэх үүсээгүй учир газрын төлбөрөө төлж чадаагүй” гэж, хариуцагчаас “...2021 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал болон газар дээр нь үзлэг хийсэн зургаар тухайн газар дээр барилга байгууламж баригдаагүй хоосон байсан нь тодорхой байгаа” гэж тус тус тайлбарлан маргажээ.
5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
7. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/2518 тоот албан бичгээр “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар “Б И” ХХК-ийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хар бургастайн хязгаарлалтын бүсэд байрлах 11,1 га талбай бүхий газрын ашиглах эрхийн хугацааг сунгасан байна. Үүний дагуу “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан эсэх, байгуулсан бол тус гэрээг ирүүлнэ үү” гэх албан бичгийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн, тус албан бичгийн дагуу “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
8. Гэтэл шүүхээс “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан эсэх баримт шаардлагатай гэж үзэн, нотлох баримтаар гаргуулахаар шаардсан атлаа уг баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад “...газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
9. Зүй нь анхан шатны шүүх нотлох баримт гаргуулахаар шаардсан албан бичгийнхээ хариуг бүрэн гүйцэт авч, шаардлагатай гэх баримтуудаа үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй үндэслэл, бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж, шаардлагатай баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
10. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж өгөөгүй учир төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14/96 тоот албан бичгээр “...Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газраас тухайн байгууллагатай газар ашиглах шинэчилсэн гэрээ хийж газрын кадастрын цахим системд бүртгээгүйн улмаас 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй” гэх тайлбарыг ирүүлсэн, түүнчлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 152 тоот албан бичгийн хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2022/39 тоот гэрээг шүүхэд ирүүлсэн нь Налайх дүүргийн Засаг даргын гарын үсэг зурагдаагүй байгаагаас үзэхэд тус гэрээ хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, ямар шалтгаанаар газар ашиглах шинэчилсэн гэрээг газрын кадастрын цахим системд бүртгээгүй болох, мөн нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөхтэй холбоотой холбогдох байгууллагуудад гаргаж байсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа эсэхтэй холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй үндэслэлд бүрэн гүйцэт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
11. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН