Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогч Ц.Самдан,

шүүгдэгч Г.Мэргэн, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Ганзоригийн Мэргэнд холбогдох эрүүгийн 201625012672 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, 120 мянгат, 10 байр, 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын баруун дэнж 221-01 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бат овогт Ганзоригийн Мэргэн, /РД:УП93030616/,          

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Мэргэн нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 2-215 тоот хашаанаас тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч П.Алтансүхийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 30 кв-ийн цахилгаан үүсгүүр, 300.000 төгрөгийн үнэ бүхий 4.5 кв-н автомашины цахилгаан хөдөлгүүр, хохирогч С.Самдангийн эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 ш Лого машины цахилгаан хөдөлгүүр зэргийг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Мэргэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Самдан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Алга болсон мотор бол миний хэрэггүй мотор байсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна.

Шүүгдэгч Г.Мэргэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ах, эгч хоёр намайг 40 хоног барилга дээр ажиллуулаад 10.000 төгрөгийн цалин өгсөн. Тэгээд би мөнгөгүй болоод аргагүйн эрхэнд өвөөгийнхөө машины моторыг авсан. Хар өнгийн том төмөр тог үүсгэгч, машины мотор зэргийг хулгайлж авч гараад замаас жижиг ачааны машин хөлслөөд Сансар 32-ийн ойролцоо төмөр авах цэгт тушааж 120.000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө РС тоглоомын газар тоглож бас шивээс хийлгээд дууссан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж хулгайн гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг. /хх 45-49 дүгээр хуудас/,

Хохирогч П.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Болормаа ”хучиж тавьсан мотор чинь алга болсон байна, Самдан гэдэг хүний ач хүү намхан, тарган залуу авсан байх” гэж надад хэлсэн. Алдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг. /хх 14-18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Самдангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Лого машины хоёр ширхэг мотор алга болсон байсан. Хүнээс асуутал “танай зээ хүү Мэргэн хоёр хоногийн өмнө хашааны түлхүүр асуугаад байсан. Тэгээд дараа нь Алтансүх гэдэг хүний эд зүйл алга болсон” гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 19-23 дугаар хуудас/,

Гэрч П.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надад Мэргэн гэх залуу 2 ширхэг машины мотор, 1 ширхэг цахилгаан хөдөлгүүр өгсөн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, өөрийгөө 3, 4-р хороололд авто засварын төвийн ерөнхий менежер гэж хэлсэн. Эдгээр эд зүйл нь одоо байхгүй, эд ангийг нь задлаад зарчихсан...” гэх мэдүүлэг. /хх 24-25 дугаар хуудас/,

Гэрч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Мэргэний хүргэн ах байгаа юм. Мэргэн ер нь худлаа их хэлдэг, ажлаас их зугтаадаг, ажил хийх чадваргүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх 26-28 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №809 дүгнэлтэд:

1. Г.Мэргэн нь “Өнчин тархины хоргүй хавдрын шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг” хэмээх олдмол сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Г.Мэргэн нь “Өнчин тархины хоргүй хавдар /Аденома гипофиза/” нь 14 настайдаа буюу 2007.11.21-нд тархины компьютер томографийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Г.Мэргэний “Өнчин тархины хоргүй хавдрын шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг” нь хэзээ эхэлснийг тогтоох боломжгүй болно.

3. Г.Мэргэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Мэргэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Г.Мэргэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна гэжээ /хх 36-39 дүгээр хуудас/,

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Ганзоригийн Мэргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтыг 70% тогтоосон шийдвэр /хх 55 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 58-59 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Мэргэний хувийн байдлыг тогтоосон баримт /хх 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Мэргэн нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 2-215 тоот хашаанаас тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч П.Алтансүхийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 30 кв-ийн цахилгаан үүсгүүр, 300.000 төгрөгийн үнэ бүхий 4.5 кв-н автомашины цахилгаан хөдөлгүүр, хохирогч С.Самдангийн эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 ш Лого машины цахилгаан хөдөлгүүр зэргийг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Мэргэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Мэргэнд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч П.Алтансүх нь хохирол гомдолгүй болохоо бичгээр ирүүлсэн, хохирогч Ц.Самдан нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мэргэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.