Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 159/ШШ2021/0011

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.*******

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.*******ий 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдолтой зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.******* нь Алтанбулаг суманд оршин суугч иргэн С.*******, Ц.*******, М.******* нарын эзэмшлийн Мишээл кафе хөлдөж ус алдсан, эд хогшилд хохирол үүссэн гэсэн гомдлыг шалгаж, манай байгууллагыг дулааны эрчим хүчний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан зөрчил гаргасан гэж 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул энэ гомдлыг гаргаж байна.

Учир нь манай байгууллага нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу Алтанбулаг сумыг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Өмнө нь Алтанбулаг сумыг эрчим хүчээр өөр компани хангаж байсан бөгөөд тухайн үед иргэн С.*******, Ц.*******, М.******* нарын объект дулааны шугам сүлжээнд холбогдсон байсан. Манай байгууллага үйл ажиллагааг хариуцаж эхэлснээс хойш иргэн С.*******, Ц.******* нартай эрчим хүчээр хангах гэрээ хийх гэж борлуулалтын нягтлан, байцаагч нар удаа дараа очсон. Тэгэхэд тус иргэн бид танай байгууллагаас өмнө Алтанбулаг сумын халаалтыг хариуцдаг байсан компанитай маргаантай байгаа, Эрчим хүчний яаманд өргөдөл хүргүүлсэн байгаа гэх зэргээр тайлбар шалтгаан хэлж гэрээ хийдэггүй байсан болно.

Манай байгууллага нь иргэд, байгууллагуудыг дулаанаар хэвийн хангаж байгаа бөгөөд гомдол гаргасан С.******* нар ч гэсэн бидний түгээж байгаа дулаан эрчим хүчийг авч хэрэглэж байгаа билээ. Иргэн С.******* нар нь дулаан авч хэрэглэж байгаа атлаа дулаан хэрэглэснийхээ төлбөрийг 2017 оны 10 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар буюу өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Тус иргэдийн эзэмшлийн дэлгүүрийн барилгын үүдний өрөөний халаах хэрэгсэл /паар/ хөлдөж хагарсан явдлыг манай байгууллагыг гэрээ хийгээгүй дулаан өгснөөс боллоо гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Дулаан эрчим хүч авч хэрэглэж байгаа атлаа халаах хэрэгсэл нь эвдрэхээр дулаан нийлүүлж байгаа байгууллагыг буруутгах ёсгүй юм. Иргэн С.******* нар нь хэрвээ манай байгууллагад хүсэлт гаргаж Бид дулаан авахгүй, дулаанаар хангахыг зогсоож өгнө үү гэсэн бол бид дулаан хангамжийг зогсоож болох байсан билээ. Тус иргэдийн дэлгүүрийн халаах хэрэгсэл хөлдсөн учир шалтгаан нь бол иргэн С.*******, Ц.******* нарын кафе, дэлгүүрийнхээ халаах хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй буруу холболт хийснээс болсон гэж үзэж байна. Иргэд, байгууллагуудыг дулаанаар хангаж ирсэн энэ олон жилийн хугацаанд дулаан нийлүүлснээс болж халаах хэрэгсэл хөлдлөө гэсэн нэг ч доголдол гарч байгаагүй, нэг ч гомдол санал манай байгууллагад ирж байгаагүй болно. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас бичихдээ эрчим хүчээр гэрээ байгуулаагүй хангаснаас болж хэрэглэгчийн халаах хэрэгсэл хөлдөж хагарсан гэж үзсэн байдаг. Хэрвээ дулаан нийлүүлэхээр халаах хэрэгсэл хөлддөг юм бол дулаан авч хэрэглэж байгаа бүх хэрэглэгч нарын халаах хэрэгсэл хөлдөж хагарах нөхцөлд хүрэх огт үндэслэлгүй ойлголт гарч ирж байна. Эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй байдал нь дулаан хэрэглэгч иргэн С.******* нарын үүргээ биелүүлээгүй зүйл юм.

Манай байгууллага нь буруутай үйлдэл гаргаагүй, хууль зөрчөөгүй учир Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.*******ий гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.******* нь шийтгэлийн хуудсаа бичихдээ:

Шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсан байсан тул манай байгууллага Захиргааны хэргийн шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 149 тоот албан бичгээр гомдол гаргахад шүүхээс Мэргэжлийн хяналтын газрын даргад хандсаны дараа шүүхэд хандах нь зүйтэй гэж хариу өгсөн юм. Үүний дагуу манай байгууллага Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 175 тоот албан бичгээр хандаж гомдол гаргахад Мэргэжлийн хяналтын газрын дарга хариу ирүүлэхдээ Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж хуульд заасан тул прокурорт хандахыг мэдэгдье гэсэн хариу өгсөн юм. Үүний дагуу манай байгууллага Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот албан бичгээр гомдол гаргахад Прокурорын газраас хариу ирүүлэхдээ Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн болно. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Манай байгууллага нь Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу Алтанбулаг сумыг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Өмнө нь Алтанбулаг сумыг эрчим хүчээр өөр компани хангаж байсан бөгөөд тухайн үед иргэн С.*******, Ц.*******, М.******* нарын объект дулааны шугам сүлжээнд холбогдсон байсан. Манай байгууллага үйл ажиллагааг хариуцаж эхэлснээс хойш иргэн С.*******, Ц.******* нартай эрчим хүчээр хангах гэрээ хийх гэж борлуулалтын нягтлан, байцаагч нар удаа дараа очсон. Тэгэхэд тус иргэд ... Бид компанитай маргаантай байгаа, Эрчим хүчний яаманд өргөдөл хүргүүлсэн байгаа гэх зэргээр тайлбар шалтгаан хэлж гэрээ хийдэггүй байсан болно ... Алтанбилэг ХХК-ийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолын дагуу дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах үйл ажиллагааг Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазарт шилжүүлсэн байна.

Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь Алтанбилэг ХХК-тай уурын зуухны барилгын халаалтын төвийн барилгын зориулалтаар ашиглаж буй хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээ /дугааргүй/, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зуух ашиглуулах гэрээтэйгээр, мөн 2017 оноос эхлэн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай Орон нутгийн өмчийн эзэмшүүлэх гэрээ гэрээг байгуулж жил бүр сунган, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 10/2014, 11/2014, 12/2014 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулж байна. Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна., Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.2-д Гэрээ байгуулахаас өмнө иргэн, хуулийн этгээд нь дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн засвар үйлчилгээг иж бүрэн хийж, зохих даралтаар шалган акт тогтоож, гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлсэн байна., 4.1-д Энэ дүрмийн 4.2-т заасан актыг үндэслэж, хангагчтай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар дулааны эрчим хүч хэрэглэх эрхтэй болно., 4.9-д Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь жил бүр тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дуусгаж, тооцоо нийлэн акт үйлдэж, халаалтын улирал эхлэх хугацаанд гэрээг шинэчлэн байгуулна гэж тус тус заасныг зөрчиж, дулаан эрчим хүчээр хангасан байна.

... Манай байгуулга нь иргэд, байгууллагуудыг дулаанаар хэвийн хангаж байгаа бөгөөд гомдол гаргасан С.******* нар ч гэсэн бидний түгээж байгаа дулаан эрчим хүчийг авч хэрэглэж байгаа билээ. Иргэн С.******* нар нь дулаан авч хэрэглэж байгаа атлаа дулаан хэрэглэснийхээ төлбөрийг 2017 оны 10 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар буюу өнөөдрийг хүртэл төлөөгүй байна ... Хангагч байгууллага болох Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараах тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. 32.2.1-д эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж заасны дагуу дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх ёстой. Тус иргэдийн эзэмшлийн дэлгүүрийн барилгын үүдний өрөөний халаах хэрэгсэл, /паар/ хөлдөж хагарсан явдлыг манай байгууллагыг гэрээ хийгээгүй дулаан өгснөөс боллоо гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Дулаан эрчим хүч авч хэрэглэж байгаа атлаа халаах хэрэгсэл нь эвдрэхээр дулаан нийлүүлж байгаа байгууллагыг буруутгах ёсгүй. Иргэн С.******* нар нь хэрвээ манай байгууллагад хүсэлт гаргаж Бид дулаан авахгүй, дулаанаар хангахыг зогсоож өгнө үү гэсэн бол бид дулаан хангамжийг зогсоож болох байсан. Тус иргэдийн дэлгүүрийг халаах хэрэгсэл хөлдсөн учир шалтгаан нь бол иргэн С.******* нар нь кафе, дэлгүүрийнхээ халаах хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй, буруу холболт хийснээс болсон гэж үзэж байна ...

Алтанбулаг сумын нэгдүгээр багийн нийтийн орон сууцны 64 айлын 2 дугаар байрны 01 дугаартай өрөөтэй холбосон иргэн С.*******ын өмчлөлийн өргөтгөлийн 47м2 талбайтай дан 2 өрөө барилгын баруун урд өрөөний халаалтын хэвтээ ф25-н шугамын муфтэн холболтоос ус алдаж барилгад болон ойр орчмын хувцас, эд зүйлс норсон байсан. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчимж хүч хэрэглэх дүрмийн 4.2-д гэрээ байгуулахаас өмнө иргэн, хуулийн этгээд нь дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн засвар үйлчилгээг иж бүрэн хийж, зохих даралтаар шалган акт тогтоож, гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлсэн байна. 4.3-д Энэ дүрмийн 4.2-т заасан актыг үндэслэж, хангагчтай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар дулааны эрчим хүч хэрэглэх эрхтэй болно гэж заасныг зөрчсөн байна. Иргэд байгууллагуудыг дулаанаар хангаж ирсэн энэ олон жилийн хугацаанд дулаан нийлүүлснээс болж халаах хэрэгсэл хөлдлөө гэсэн нэг ч доголдол гарч байгаагүй, нэг ч гомдол санал манай байгууллагад ирж байгаагүй болно.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас бичихдээ: Эрчим хүчээр гэрээ байгуулаагүй хангаснаас болж хэрэглэгчийн халаах хэрэгсэл хөлдөж хагарсан гэж үзсэн байдаг. Хэрвээ дулаан нийлүүлэхээр халаах хэрэгсэл хөлдөж хагарах нөхцөлд хүрэх огт үндэслэлгүй ойлголт гарч ирж байна. Эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй байдал нь дулаан хэрэглэгч иргэн С.******* нарын үүргээ биелүүлээгүй зүйл юм. Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нийтийн орон сууцны 64 айлын 2 дугаар байрны 01 дугаартай өрөөтэй холбосон иргэн С.*******ын өмчлөлийн өргөтгөлийн 47мталбайтай дан 2 өрөө барилгын халаалтын шугамаар дулаан зөөгч ус урсан өнгөрч байсан. Баруун урд өрөөний халаалтын хэвтээ ф25-ын шугамын муфтэн холболтод гэмтэл гарахад ус алдаж барилгад болон ойр орчмын хувцас, эд зүйлс норж иргэн С.*******т хохирол үүссэн. Тухайн объектыг дулааны эрчим хүчээр хангаснаас дээрх хохирол үүссэн. Хохирол үүссэн шалтгааныг шалгахад дулааны эрчим хүчний гэрээ хийгээгүй иргэний объектыг дур мэдэн дулааны эрчим хүчээр хангасан. Дулааны эрчим хүчээр хангаагүй тохиолдолд тус барилыг шугам сүлжээнд гэмтэл гарахад ус алдаж хохирол үүсэхгүй байсан. Манай байгууллагад Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоос ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/196 дугаартай албан бичиг иргэдээс гаргасан хүсэлт ирсний дагуу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан.

1.Хангагч байгууллага болох Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь иргэн С.******* нь өөрийн эзэмшлийн объектдоо дулааны гэрээ хийдэггүй, дулааны төлбөр төлдөггүй, дулааны нэхэмжлэлийг хүлээн авдаггүй, хангагчийг төлөөлөгчийг орон байрандаа нэвтрүүлж үзлэг үйлчилгээ хийх боломжоор хангадаггүй, өөрийн эзэмшлийн шугам халаах хэрэгсэлд засвар үйлчилгээ хийдэггүй, өөрийн болон хамтын эзэмшлийн дулааны шугам сүлжээ, халаах хэрэгсэлд гэмтэл гарсан тохиолдолд хангагч байгууллагад дуудлага өгдөггүй зэрэг зөрчил гарсаар байхад дулааны эрчим хүчээр хангасан байна.

2.Иргэн С.*******ын өмчлөлийн өргөтгөлийн барилгыг дулааны эрчим хүчээр хангасан нь: Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. гэж заасныг, мөн хуулийн 32.2-д Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараах тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хугацаагаар түдгэлзүүлнэ, 32.2.1-д Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 32.2.6-д Хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй. гэж заасныг

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.9 дэх дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн шаардлагын 4 дэх заалт Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчтэй байгуулсан дулаан худалдах, худалдан авах гэрээний биелэлтийг улирал бүр тэдгээртэй хамтран дүгнэх, худалдан авсан, худалдсан дулааны тэнцлийг хийх тоолуур хэмжүүрийн баталгаажуулалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавих гэж заасныг

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.1-д Хангагч нь энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, дулаан эрчим хүчээр хангана., мөн 4.3-д Энэ дүрмийн 4.2-т заасан актыг үндэслэж, хангагчтай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар дулааны эрчим хүч хэрэглэх эрхтэй болно. гэж заасныг, мөн 4.9-д Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь жил бүр тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэж, халаалтын улирал эхлэх хугацаанд гэрээг шинэчлэн байгуулна. гэж заасныг тус тус зөрчсөн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэг, шалгалт, фото зураг, хэргийн оролцогч нарын мэдүүлэг, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2021 оны 120 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдал тогтоосон байх тул 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 951500 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг дулааны эрчим хүчний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож, 951.500 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь дээрх Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдож байх тул холбогдогчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргалаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус сумын иргэн Ц.*******, С.*******, М.******* нарын өмчлөлийн нийтийн эзэмшлийн орон сууцны паар, халаах хэрэгсэл хөлдөж хагарсан тухай гомдлыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлжээ.

Уг гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18/13 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтад төлөвлөгөөт бус шалгалтыг хийжээ.

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажилладаг Алтанбилэг ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр дулаан үйлдвэрлэх болон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг өөр аж ахуйн нэгжид түр хугацаагаар шилжүүлж өгөх хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл Алтанбилэг ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 23 дугаартай Үйл ажиллагаа шилжүүлэх тухай тогтоолоор Алтанбулаг сумын халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазарт 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлэхээр шийдвэрлэж, Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь Алтанбулаг сумын ЗДТГ-тай орон нутгийн өмч эзэмшүүлэх тухай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 4.1-д хангагч нь 3.1, 3.2-т заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, дулааны эрчим хүчээр хангана. гэх хуулийн болон дүрмийн заалтуудыг Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь зөрчиж иргэн Ц.*******, С.*******, М.******* нартай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт цугларсан зөрчлийн хэргийн материал, гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ц.*******, С.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчаас Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь хууль зөрчөөгүйгээс гадна үгүйсгэх боломжгүй байна.

Гомдол гаргагч гомдолдоо ... Ц.*******, С.******* нартай эрчим хүчээр хангах гэрээ хийх гэж ... удаа дараа очсон тэгэхэд бид танай байгууллагаас Алтанбулаг сумын халаалтыг хариуцдаг байсан компанитай маргаантай байгаа ... гэх зэргээр тайлбар шалтгаан хэлж гэрээ хийдэггүй байсан ... иргэн С.******* нар дулаан авч хэрэглэж байгаа атлаа хэрэглэснийхээ төлбөрийг 2017 оны 10 сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл төлөөгүй байгаа ... бид дулаан авахгүй дулаанаар хангахыг зогсоож өгнө үү гэсэн бол бид дулаан хангамжийг зогсоож болох байсан ... гэх гомдол ... мөн дулаанаар хангагч эрх бүхий этгээдийн төлөөлөгчийг орон байранд нэвтрүүлдэггүй, үзлэг хийх боломжоор хангадаггүй, дулааны гэрээ байгуулдаггүй гэх сум хариуцсан инженер Г.*******ы тодорхойлолт ... дурджээ.

Дээрх гомдлоос дүгнэж үзэхэд гомдол гаргагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь хэрэглэгчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй 32.2.6-д хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий албан тушаалтанд олгоогүй тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, мөн Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасан үүргээ хэрэглэгч зөрчсөөр байхад таслан зогсоож дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, мөн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.6, 29.1.8-д заасан эрчим хүчээр хангагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь Эрчим хүчний тухай хууль болон Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасан дулаанаар хангах гэрээг Ц.*******, С.*******, М.******* нартай байгуулаагүй эрчим хүчээр хангасан мөн эрх үүргээ хэрэгжүүлж зөрчил гаргасан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлээгүйн улмаас бусдад хохирол учирсан гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР