Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/736

 

 

 

 

 

 

 

 

  2022          9          14                                      2022/ШЦТ/736

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чт холбогдох эрүүгийн 2211 00000 1250 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай боловч, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Номын сан 3-61 тоотод түр оршин сууж байгаа хаягтай,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 cap 17 хоног хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Н.Ч, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёолж төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Мын эзэмшлийн аяллын дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж майхан 7 ширхэг, цахилгаан скутер 1 ширхэг, делл загварын хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,029,680 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А.Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёолж төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Мын эзэмшлийн аяллын дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж майхан 7 ширхэг, цахилгаан скутер 1 ширхэг, Делл загварын хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,029,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

- Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёолж төвийн байрыг түрээслэн 2 дахь жилдээ аяллын бараа борлуулж байна. Би энэ жил 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Би 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 07 цагийн үед очиж дэлгүүрээ нээгээд тэр өдөр 18 цагийн 30 минутын үед дэлгүүрийн хаалга, цонхоо хаагаад явсан. Тэгээд маргааш нь өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 5-ны өглөө 06 цаг 40 минутын үед дэлгүүр дээрээ очиход хаалганы хажуу талын вакум цонхны жижиг порчиг онгорхой, хаалганы довжоон дээр дугуйн торцов байхаар нь хаалгаа онгойлгоод ороход дэлгүүрийн бараанууд эмх цэгцгүй болсон тул хулгай орсон байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн ажилтан ирээд үзлэг шалгалт хийгээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд 980,000 төгрөгөөр борлуулж байсан саарал өнгийн цахилгаан скутер 1 ширхэг, 2021 онд хүнээс 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараагаар сольж авч байсан Dell загварын i5 үзүүлэлттэй хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, 103 котдтой 488,000 төгрөгөөр зарагдаж байсан 4 хүний ногоон өнгийн майхан 1 ширхэг, 012 кодтой 448,000 төгрөгөөр зарагдаж байсан 4 хүний бор өнгийн майхан 5 ширхэг, 016 кодтой 348,000 төгрөгөөр зарагдаж байсан 4 хүний ногоон өнгийн майхан 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Би гэрчийн мэдүүлэг өгчихөөд дахин эд зүйлээ бүртгэж үзэхэд 012 кодтой майхнаас 6 ширхэг биш 5 ширхэг алдагдсан тооцоо гарсан юм. Ингээд нийт 7 ширхэг майхан алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр 01 цагийн орчимд боловуу хорооллоос эхнэр нөхөр бололтой хоёр хүн аваад Шадивлан гэх газарт буулгасан. Тэндээсээ буцаж явж байгаад Номин дэлгүүрийн харалдаа засмал зам дагуу нилээн их ачаатай 20 гаруй насны залууг суулгаад Монел эцэс орчим гудамжинд буулгасан. Тухайн залуу бэлнээр мөнгө өгсөн. Тухайн залуу 4-5 цүнхтэй зүйл мөн жижиг нэг хөлөөрөө явдаг хүүхдийн дугуй шиг юм авч явсан. Тэр залуу малгайтай цагаан цамцтай байсан санагдаж байна. Бусад хувцсыг нь мэдэхгүй байна. Махлаг шар залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би наад хүний чинь нэрийг мэдэхгүй. Харин наад хүн чинь надад одоогоос 3 хоногийн өмнө надад 6 ширхэг майхан 750.000 төгрөгөөр зарсан залуу байна. Би Нарантуул зах дээр аяллын эд зүйлс борлуулдаг юм. Надад одоо гурван ширхэг майхан байна. Би тухайн майхныг хүлээлгэн өгч болно. Тухайн залуу цагаан өнгийн юүдэнтэй куртик, цагаан өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

- Яллагдагч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө 01 цагийн орчимд таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Номин дэлгүүрийн орчимд буугаад тухайн дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах аялалын дэлгүүрийн вакум цонхыг дугуй засаж янзлах зориулалт бүхий төмөр дорцоовоор вакум цонхыг гаднаас нь хөшиж онгойлгон дотогш орж 7 ширхэг ууттай майхан, 1 ширхэг хар өнгийн цахилгаан скутер, Dell загварын хар өнгийн нөүтбүүк зэргийг авч буцаж цонхоор гараад тээврийн хэрэгслийн зам руу зөөж тавиад автомашины зам дээрээс такси бариад хотын төв рүү орж ирээд Монел орчимд гудамжинд буугаад үлдсэн юм. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг танихгүй. Монелийн орчимд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд ганцаараа хоноод маргааш өглөө нь 10 цагийн орчимд гараад хулгайлсан эд зүйлээ авч яваад Нарантуул зах руу очиж майхан зарж борлуулдаг эрэгтэй, 30 орчим насны хүнд 7 ширхэг шинэ майханыг 730,000 төгрөгөөр зарж борлуулсан. Мөн делл загварын нөүтбүүкийг сансарт нөүтбүүк худалдаж авдаг хүнд 320,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би тухайн хүнийг танихгүй ба тухайн 1,050,000 төгрөгөөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Б.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Н.Ч яллагдагчаар татагдаагүй байсан ч өөр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ илэрхийлсэн. Өөр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулъя, тодруулъя... мөрдөн байцаалтанд буцаах байр суурьтай оролцлож байна” гэх утга агуулга бүхий санал гаргаж хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах талаар маргаж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.

          Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Төв, орон нутгийн газар, хэлтсийн цагдаагийн дарга нарт явуулсан “Н.Чийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа эсэх”-ийг тодруулсан албан бичгийг /хавтаст хэргийн 104 дэх тал/ төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд  явуулсан байх ба ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа гэх баримт ирүүлээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байх ба мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

            В. “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хуульчилсан

Шүүгдэгч Н.Ч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тул Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёолж төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Мын эзэмшлийн аяллын дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж майхан 7 ширхэг, цахилгаан скутер 1 ширхэг, Делл загварын хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,029,680 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс: “...Н.Ч нь өмнө нь удаа дараа нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, хохирол төлбөрөө төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Чт урьд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоох санал...”-ыг гаргав.

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруу дээрээ маргаагүй. 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон байдаг. Өнөөдрийг хүртэл 3 сар 7 хоног цагдан хоригдсон байгаа үүнийг эдлэх ялд нь оруулж тооцож өгнө үү...” гэх утга агуулга бүхий өмгөөллийн саналыг гаргав.

Шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж хуульчилжээ. Уг хуулийн заалтаас үзэхэд шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт 97 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил, 6 сар, 12 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд “Дамно ХХК”-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дахь тал/-аар хохирогч Г.Мод 3,029,680 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Н.Чээс 3,029,680 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мод олгуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2211 00560 1178 дугаартай хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Чийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 97 /ерэн долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Чээс 3,029,680 төгрөгийг гаргуулж, хохирогч ... тоотод оршин суух Боржигон овогт Г.М /РД:/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 27 см урттай төмөр дорцовыг устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ