| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02238/И |
| Дугаар | 102/ШШ2018/02958 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2018/02958
| 2018 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2018/02958 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 3-117 тоотод байрлах Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50б-58 тоот хаягт байрлах Э ХХК-д холбогдох,
Тоног төхөөрөмж түрээсийн гэрээний үүрэгт 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Сэлэнгэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, захирал Д.Сэлэнгэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б ХХК-ийн захирал Д.Сэлэнгэ миний бие Э ХХК-ийн захирал Д.Өлзийсайханд барилгын гадна фассадны ажил хийхэд ашигладаг люлк буюу дүүжинт өлгүүр 5 ширхэгийг иж бүрнээр нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байсан 16 давхар орон сууцны барилгын фассадны ажлыг хийж дуусах хүртэлх хугацаанд 1 ширхэг люлкийг өдрийн 50,000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацааны эхэн үед төлбөрөө төлж байсан боловч явцын дунд сунжирсаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар үлдэгдэл 11,000,000 төгрөг байгааг хоёр талаас тулгаж өөрсдийн хувь гэрээн дээр тусган тэмдэг дарж баталгаажуулсан байгаа. Үүнээс хойш төлбөр хийгдэлгүй 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүрч, үлдэгдэл өсч 17,500,000 төгрөг болсон тул би бүх люлкээ хурааж авсан. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 2,000,000 төгрөг өгсөн байдаг. Өөрөөр ямар ч байдлаар төлбөр хийгдээгүй өдий хүрсэн байгаа. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд би Э ХХК-ийн захирал Д.Өлзийсайхантай үлдэгдлээ барагдуулах талаар үргэлж холбоотой байж, хамтран ажиллаж ирсэн боловч төдийлөн үр дүнд хүрсэнгүй өнөөдрийг хүрлээ. Энэ бүхий л хугацаанд би банкны зээлийн хүү төлж ирсэн. Үнэхээр хүндрэлтэй, хэцүү байдалд ороод байна. Иймд Э ХХК-иас дээрх мөнгөний нийт үлдэгдэл 15,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан, Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд 15,500,000 төгрөг төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э ХХК-ийн захирал Д.Өлзийсайхан нь Б ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан боловч, хариуцагч байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК-ийн захирал Д.Өлзийсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Б ХХК нь өөрийн байгууллагын 5 ширхэг люлк буюу дүүжинт өргүүрийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байсан 16 давхар орон сууцны барилгын фассадны ажилд ашиглуулахаар түрээслэгч Э ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусах хүртэл хугацаатай түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан нийт 67 хоногт нэг ширхэг люлкийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хх 4-5/
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түрээслэгч Э ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусахад нийт 16,750,000 төгрөг төлөхөөс 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг гэрээний талууд тооцоо нийлж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй. /хх 5 дугаар хуудасны арын нүүр/
Талууд тооцоо нийлснээс хойш түрээслэгч Э ХХК нь түрээсийн төлбөрийг төлөлгүйгээр түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, улмаар түрээслүүлэгч Б ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авч, түрээслэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэмж төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд буцаан авсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан 4,500,000 төгрөгийн төлбөрийг талуудын тооцоо нийлж баталгаажуулсан 11,000,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж, нийт 15,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-ийн түрээсийн зүйлийг буцааж авсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн гэрээ сунгасанд тооцогдох тул уг хугацааны түрээсийн төлбөр 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 235,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА