Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/738

 

 

 

 

 

 

 

 

   2022         9           15                                     2022/ШЦТ/738

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч З.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мт холбогдох эрүүгийн 2211 00000 1317 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн мастер механикч мэргэжилтэй, “Дуулга” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

З.М, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус баараар үйлчлүүлж байсан Б.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн зулайд шарх, бүсэлхий, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,

- Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8623 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Яллагдагч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас З.Мыг 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” баарны гадна хохирогч Б.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн зулайд шарх, бүсэлхий, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч З.М нь 2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус баараар үйлчлүүлж байсан Б.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн зулайд шарх, бүсэлхий, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...00:44 секундэд Дуулга бааран дотроос 6 хүн гарч ирэх ба хоёр хүн нь хоорондоо зууралдаж, зодолдсон байдалтай харагдана. Тэдний дунд цагаан өнгийн ханцуйтай цамцтай, хар өнгийн хантааз өмссөн гомдол гаргагч Б.Т, хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй З.М нар харагдаж буйг сумаар заан харуулав. 00:52 секундэд гомдол гаргагч Б.Т З.Мын хажууд очиж зогсож буйг харуулав. 00:54 секундэд З.М Б.Тийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж буй нь харагдана. 00:58 секундэд Б.Т З.Мт цохиулсны улмаас газар цементэн дээр бие, толгой хэсгээрээ унаж байгаа байдлыг харуулав..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,

- Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би хөгжпийн бэрхшээлтэй группт байдаг ба зүүн нүд маань 15 хувийн хараатай, баруун нүд нь огт харахгүй. 2022 оны 06 дугаар сарын 13-ны шөнө өөрийн найз Пүрэвийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дуулга нэртэй бааранд 20-21 цагийн орчимд ороод 2 шил 0.75 литрийн хэмжээтэй Болор нэртэй архийг хувааж уугаад сууцгааж, бүжиглэцгээгээд байж байсан. Тэгээд би нэлээн согтсон байсан ба миний сууж байсан ширээний хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд би ширээнээс босоод бусдыг түшиж явсаар гадаа гараад зогсож байтал хажууд хүмүүс зодолдож, хашхиралдаад байсан ба такси барих гээд явж байтал гэнэт намайг нүүр толгой хэсэг рүү цохих шиг болсон ба би газар унаж, толгойгоо газар цохичихсон юм. Тэгээд би газраас босож иртэл толгой хэсэг нойтон оргиод байх шиг байсан. Би босоод явснаа санаж байна. Өөрөөр хэн нэгэн миний биед халдсан асуудал байхгүй. Үл таних хүн миний толгой нүүр хэсэг рүү цохиход би газар унаж толгойгоо цохисон. Газар унах үедээ бүсэлхий, гуя дээр үүссэн гэмтэл миний биед үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8623 дугаартай: “...Б.Тийн биед зүүн зулайд шарх, бүсэлхий, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Яллагдагч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр баар их олон хүнтэй байсан. Шөнө дунд орчим бааранд хэдэн залуус хоорондоо муудалцаад байсан ба би салгаж байтал Б.Т гэх хүн намайг цохиод, хүмүүс рүү дайраад байсан. Би тэдгээрийг гадаа гаргаад, салгааж байж байтал Б.Т гэх залуу над руу ирэхээр нь дотор байхад намайг цохисон учир дахиж цохих гэж байна гэж бодоод холд гээд гараа савчихсан юм. Би тухайн хүнийг унасан эсэхийг анзаараагүй. Тэгээд би үргэлжлүүлэн ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М нь хохирогч Б.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн зулайд шарх, бүсэлхий, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Тийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч З.Мын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

            Хохирогч Б.Т нь “...Миний өмсөж явсан хувцас, нүдний шил тэр чигтээ цус болж, дахин ашиглагдах боломжгүй болсон ба тэр хувцасны мөнгө,  нүдний шилний мөнгийг гаргуулж авмаар байна. Тэдгээр нь нийтдээ 350,000 төгрөг болно. Эмчилгээний зардлыг мөн гаргуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 19 дэх тал/ бөгөөд хавтаст хэрэгт баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч Б.Тийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

   Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Дүүргийн  прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд Эрүүл мэндийн даатгалын сангаас 45,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг З.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/-ийг гаргасан байна.

Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Б.Тд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 45,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч З.Маас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч З.М нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Тийн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Шүүгдэгч З.Маас 45,000 /дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ