Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/937

 

 

 

 

 

 

 2022          10          04                                         2022/ШЦТ/937

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга И.Номин,

          улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,

          шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000001546 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.М /регистрийн дугаар .../,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.М нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "..." дэлгүүр дотор С.Т архи ууж согтуурсан байх үедээ маргалдаж, улмаар түүнийг архины шилээр толгойн тус газар нь цохисны улмаар эрүүл мэндэд нь "баруун нүдний алимд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт" бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

            Яллагдагч Т.М 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "..." дэлгүүр дотор С.Т архи ууж согтуурсан байх үедээ маргалдаж, улмаар түүнийг архины шилээр толгойн тус газар нь цохисны улмаар эрүүл мэндэд нь "баруун нүдний алимд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт" бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.М хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Т.М холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Яллагдагч Т.М нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "..." дэлгүүр дотор С.Т архи ууж согтуурсан байх үедээ маргалдаж, улмаар түүнийг архины шилээр толгойн тус газар нь цохисны улмаар эрүүл мэндэд нь "баруун нүдний алимд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт" бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч С.Т мэдүүлэг ...хэдэн хүмүүстэй хөзөр тоглоод сууж байсан мөн миний хажууд Т.М надтай зэрэгцээд сууж байгаад тоглож байсан хөзрөөсөө болоод Т.М бид хоёр маргалдаад улмаар архитай шилээр миний толгойн баруун хэсэгт нэг удаа цохисон, цохих үед архитай шил хагарсан, тэр үед миний толгой хавдсан байдалтай байсан. Т.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага зэрэг согтуу байсан...” /хх-ийн 9-10-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11661 дугаартай “...С.Т биед баруун нудний алимд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-ийн 17-18-р хуудас/,

          яллагдагч Т.М “...бид хоёр авсан архиа уунгаа хөзөр тоглож эхэлсэн, тухайн үед танил Б ах, А, Ц бид нар таван гар сууж, хөзөр тоглосон, эхний авсан архиа уучхаад дахиад нэг шил архи авч ирээд уугаад сууж байгаад С.Т бид хоёр хоорондоо ярьж байгаад маргалдсан, ажлын талаар л ярьж байсан, намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд ууж дууссан 0.75 литрийн Чингис нэртэй архины хоосон шилийг аваад С.Т толгой хэсэг рүү шидчихсэн, тэгтэл духны баруун дээд хэсэгт онож улмаар шидсэн архины шил хагарсан, би тухайн үед болсон үйл явдлаа санаж байгаа, нээх ихээр согтоогүй байсан юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна..." /хх-ийн 24-26-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.М танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 Иймд шүүх шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.М 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.М 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР