Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/897

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        09          16                                     2022/ШЦТ/897

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Б.Оргилболд;

 

Хохирогч: З.Г;

 

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Э;

 

Шинжээч: С.Э;

 

Шүүгдэгч: Д.Г;

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: ..............;

           

Шүүгдэгч Д.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй,  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.    

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Д.Г нь 2022 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ бааранд иргэн З.Гтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж зодсоны улмаас түүний биед “...духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан, хамар, зүүн хацар, мөр, тохой, шуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хацар, баруун гарын 4 дүгээр хуруу, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ““ бааранд найзуудтайгаа орсон. Би тухайн үед согтоогүй байсан. Бүжгийн талбай зайгүй байсан болохоор дууны төхөөрөмжийн хажууд бүжиглэж байсан. Хохирогч нь найзуудтайгаа тайзан доор бүжиглэж байсан. Хохирогч надаас зайтай байсан болохоор би хохирогчийг түлхэж унагаах боломжгүй байсан. Надтай хамт явж байсан С гэх охин нь найз залуу О-ын хамт тайзан доор З.Гийн ойролцоо бүжиглэж байсан. Би тайзан дээр бүжиглэж байгаад нэг харахад С нэг охиныг үснээс нь зулгааж унагаачихаад найз залуугаа дагуулаад баарнаас гараад явчихсан. Тухайн үед би найз Б-ын хамт тайзан дээр бүжиглэж байсан. З.Г нь эргэн тойрноо харж байгаад гэнэт намайг тайзнаас үснээс татаад буулгачихсан. Тэр үед хамгаалагч ирж салгасан. Хамгаалагч 180 см өндөртэй байсан, би 165 см өндөртэй. Би 180 см өндөртэй хүнийг даваад З.Гийг цохих боломжгүй. Намайг тухайн үед хамгаалагч баарнаас аваад гарсан. Би буцаж ороод цүнхээ авах гэтэл хохирогчийн найз гэх Д, бүдүүн охины хамт намайг гарч ирээд зодож эхэлсэн. Миний цагаан өнгийн цамцан дээр гутлын мөр гарчихсан байсан тул шууд цагдаа дуудсан. Би хүний хамар цохиж гэмтээсэн бол цагдаа дуудахгүй байсан. Камерын бичлэгт хамгаалагч бидний голд байсан бөгөөд би хамгаалагчийн зүүн мөрийг нь давуулж цохих боломжгүй. Миний утасны гэрэл анивчиж шидэгдсэнд намайг утсаараа цохисон гэж бодоод байгаа. Дараа нь хохирогчтой холбоо барихад “намайг хэн цохисныг сайн мэдэхгүй байгаа, Хонгорзул байцаагчид зөндөө олон хүн байсан гэж хэлсэн, надад камерын бичлэг үзүүлээд “гутал, хувцасыг нь цээжлээд аваарай, Д.Г гээд охин шүү гэж зааж өгсөн” гэж надад хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Г мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед хамгаалагчийн ардуур ороод доошоо тонгойсон байсан учраас сайн анзаарч хараагүй. Би мэдүүлэгтээ “Мартенс” гуталтай байсан талаар тодорхой мэдүүлсэн. Камерын бичлэгт бүх зүйл тодорхой гарсан байгаа. Манай байрны дүү Оргил нь насанд хүрээгүй хүүхэд тул би “баарнаас гар” гэсэн шаардлага тавихад Д.Г хажуугаас орж ирээд “манай найзын найз залуу байгаа юм, чи хэн юм, яаж таньдаг юм” гэж хэлээд надтай маргасан. Тэгээд тухайн үед ойлголцоод ярилцаад дууссан. Уг асуудлын дараа тайзан дээр бүжиглэж байхад манай найз Д.Гийг заагаад “намайг хойноос шахаад түлхээд байна” гэж хэлэхээр нь би “түрүүн муудалцсан охин байна, хоёулаа байраа сольчихъё” гэж хэлээд байраа солиод бүжиглэхэд намайг түлхэж унагасан.  Би эргэж хараад “яаж бүжиглээд байгаа юм бэ” гэж хэлэхэд манай найз дээр зогсож байсан. Тэгтэл нь нэг нь манай найзыг үстээд тайзнаас унагаасан. Тэгээд би найзыгаа босгох гээд очиход дөрөв тавуулаа  цохиод эхэлсэн бөгөөд дээрээс хатуу зүйлээр цохиод байсан. “Мартенс” гуталтай хүн миний нүүр рүү өшиглөж байгаа нь харагдсан тул цагдаа дээр очоод “хэн цохисныг нь хараагүй, гэхдээ хар өнгийн “Мартенс” гуталтай охин намайг өшиглөсөн” гэж хэлсэн. Би нийт 2.850.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь хамрын ухархайны эмчилгээ, томограф, эм тариа, тос, хамрын таславчаа үзүүлсэн төлбөр, хамрын хагалгааны төлбөр зэрэг багтсан байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Э мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ““ эмнэлгийн компьютер томографт З.Г харуулаад ирэхэд хамрын зөөлөн эдэд бага хэмжээний хавантай гэсэн байсан боловч хамар ясны хугарал, таславчийн мурийлтын талаар хэлээгүй байсан учраас ““ эмнэлгийн компьютер томографын сидиг Шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмчид уншуулахад “тархи, гавал ясандаа гэмтэлгүй, хамрын ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хамрын орчмын зөөлөн эд болон хамрын хөндийн салст хэвийн, хамрын таславч дунд хэсгээр зүүн тал руу мурий /хуучин/, хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн” гэсэн. Бодит үзлэгээр З.Гийн хамранд бага зэрэг цус хуралт байсан. Уг цус хуралтын хэмжээ нь 1х1 см байсан. Тийм учраас дүгнэлтдээ хамранд цус хуралттай гэж бичсэн. Шинээр тогтоогдсон хугарал, таславчийн мурийлт тогтоогдоогүй. Хохирогчийн хамарт цус хуралтаас өөр гэмтэл байхгүй байсан. Баруун нүдний зовхинд үүссэн цус хуралт нь дангаараа, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэргийн гэмтэлд орох бөгөөд бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Хамарт үүссэн цус хуралтад хагалгаа хийлгэх шаардлагагүй. Хохирогчийн хамрын таславчийн мурийлт нь тухайн маргаан болох үед үүсээгүй, эдгэрсэн гэмтэл байсан...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б /хх-ийн 8-9/, гэрч Г.Д /хх-ийн 11/, гэрч Ч.Б /хх-ийн 13/, хохирогч З.Г /хх-ийн 38/ нарын мэдүүлэг, Д.Гийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3943 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, З.Гийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3902 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, З.Гийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 31-32, 49/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-46/, Д.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58/, Д.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-66, 73/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан иргэн З.Гийг түлхсэний улмаас хоорондоо маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч З.Гийн /хх-ийн 38/: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын ард байдаг ““ бааранд найз Д болон Дгийн найзуудтай орсон. Бид нарыг бааранд ороход маш их хүнтэй, ширээ олдохгүй нэлээд байж байгаад ширээн дээр сууж вискиний сет захиалж уусан. Бид нар хүний нэг нэг шот уучхаад бүжгийн талбай руу найз Дгийн хамт гарсан. Бүжгийн жижиг талбай дээр олон хүн байгаад шахалцаад байсан ба бүжгийн талбай дээр гарсан Д.Г намайг бүжиглэж байхад түлхээд газарт унагаасан. Би босож ирээд Д.Гт уурлаад “аятайхан бүжиглээч” гэсэн чинь дахиад намайг түлхээд унагаасан. Манай найз Д намайг өмөөрөөд маргалдсан чинь тэнд байсан танихгүй охин Дг үсдээд унагаасан. Тэгээд Д.Г намайг үсдэж унагаагаад дээрээс дараад өшиглөөд байсан. Би гар утсаа газарт унагачхаад утсаа газраас хайгаад байсан ба Д.Г нь миний дээрээс гар утсаа гартаа барьж байгаад миний нүүр хэсэг рүү цохиж, хөлөөрөө өшиглөж миний биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Тухайн үед Д.Г миний нүүр, бие хэсэг рүү өшиглөөд байсныг Д.Гийн тухайн үед өмсөж явсан хар өнгийн “Мартенс” нэртэй гутлаар нь таньж байна. Тухайн үед баарны бүжгийн талбай дээр Д.Г бид хоёр хоорондоо маргалдаж, зууралдаж зодолдсон ба бусад хүмүүс бид хоёрыг салгаж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Бгийн /хх-ийн 8-9/: “...Би ““ бааранд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хамгаалагчаар ажиллаж байна. Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ээлжтэй байсан. Тэр үед хоёр эмэгтэй хоорондоо маргалдаж байхаар нь нэг эмэгтэйг нь тайзнаас буулгах гэж байхад шууд хоёр талаасаа үсдэлцээд эхэлсэн. Тэгээд нэг хамгаалагч ирж салгаад нэг эмэгтэйг авч гараад, нэг нь надтай тайзан дээр үлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Дгийн /хх-ийн 11/: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ““ бааранд 2022 оны 03 дугаар сарын 06-ны 23 цагийн үед миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж манай найзууд ““ бааранд орж үйлчлүүлсэн. Би бааранд ойролцоогоор 50 гр виски уусан байх. Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан болохоор найз З.Г “төрсөн өдрийн эзэнтэй бүжиглэмээр байна” гээд бүжгийн тайзан дээр бүжиглэж байхад намайг цагаан цамцтай, хар өнгийн “Мартенс” гуталтай охин бөгсөөрөө түлхээд байсан. Тэгээд би З.Гт “араас нэг охин түлхээд байна” гэж хэлэхэд З.Г хараад “цагаан цамцтай, хар өнгийн “Мартенс” гуталтай охин ард чинь зогсож байна” гэж хэлээд З.Г бид хоёр байраа сольж бүжиглэсэн. Удалгүй хар өнгийн “Мартенс” гуталтай охин З.Гийг гартаа барьж байсан гар утсаараа нүүр, толгой руу нь цохиж үсдэж чирсэн. Манай найзыг хар “Мартенс” гуталтай охин гартаа барьж байсан утсаараа толгой руу нь олон удаа цохиж үсдэж чирч байсан. Хар гуталтай охин найз З.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Б-ын /хх-ийн 13/: “...Би нэг харсан чинь Д.Г газар унаад босож ирсэн ба З.Г махлаг биетэй эмэгтэй хоёр нийлээд Д.Гийг үсдэж байсан. Тэгэхээр нь би найз Д.Гийг салгах гээд З.Г, махлаг биетэй охин хоёрын дээрээс гараа оруулаад хэн нэгнийг нь татаад хөлөөрөө нэгийг нь өшиглөсөн. Тухайн үед бужигналдаад байсан болохоор би хэнийх нь гарнаас татаж, хэнийг нь өшиглөснөө мэдэхгүй. ...Би тухайн үед хар юүдэнтэй цамц, хөх өнгийн жинсэн өмдтэй. Д.Г цагаан өнгийн богино сорочкон цамц, жинсэн өмдтэй, хар өнгийн “Мартенс” нэртэй гуталтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

З.Гийн биед “духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан, хамар, зүүн хацар, мөр, тохой, шуунд цус хуралт, зулайн хуйх, зүүн хацар, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3902 дугаартай шинжээчийн дүгнэлт /xx-ийн 26-27/ болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.Гт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, түүний үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Г нь З.Гийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Д.Гээс “З.Гийг зодож хөнгөн гэмтээсэн хэрэгт оролцоогүй, зөвхөн өөрийгөө хамгаалсан, энэ хэрэгт ямар ч буруу байхгүй” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

Тухайн үед өөр хоорондын таарамжгүй харилцааны улмаас өөрийг нь Д.Г зодсоныг хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, Д.Г нь З.Гийн толгой руу цохих, өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн зодож байгаа, тэдний тэмцэлдээнийг баарны хамгаалагч салгаж байгаа зэрэг нь камерын бичлэгт тодорхой бичигдсэн, энэ үйл явдлыг хэргийн гэрч нар дэлгэрэнгүй мэдүүлцгээсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Д.Г, З.Г нарын хооронд зодоон болсныг, Д.Гээс өөр хүнтэй хохирогч маргалдаж тэмцэлдээгүй болохыг нотолж байх бөгөөд “хохирогчийг цохиогүй” гэх Д.Гийн тайлбар, мэдүүлэг бодитой бус, хохирогч, хэргийн бусад гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.

Иймд шүүгдэгчийн “цагаатгаж өгнө үү” гэх хүсэлт, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

  Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, шүүхээс тогтоосон хохирлын нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 1000 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч З.Г хохирол, гэм хорын нөхөн төлбөрт нийт 2.850.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хамрын зүүн яс дотогш цөмөрч хугарсан, баруун яс гадагш овойсон, таславч мурийсан талаар дурдаж нотолгооны үндэслэлээр  ““ эмнэлгийн бичгийг  иш татан заасан.

 

Шинжээчийн мэдүүлснээр ““  эмнэлгийн бичигт дээрх гэмтлийн шинэ, хуучныг ялгаагүй бөгөөд КТГ-н хариугаар хамрын ясанд гэмтлийн өөрчлөлтгүй. Харин хамрын таславч дунд хэсгээр зүүн тал руу мурий нь хуучин гэмтэл болно” гэсэн нь салаа утгагүй, агуулга эргэлзээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч З.Гийн хамрын таславчийн гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд энэ гэмтэл шүүгдэгч Д.Гийн буруутай үйлдэлтэй холбоогүй байна. 

 

Иймд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл буюу шүүгдэгчийн үйлдэлтэй холбоогүй болох нь тогтоогдсон тул хохирогчийн нэхэмжлэлээс хамрын хагалгааны төлбөр 2.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 560.710 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч З.Гт олгохоор шийдвэрлэв.

 

Д.Г нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч З.Гийн 560.710 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч З.Гийн компьютер томограф бичлэг бүхий 1 ширхэг CD болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч З.Гийн нэхэмжлэлээс 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч З.Гийн компьютер томограф бичлэг бүхий 1 ширхэг CD болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ