Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

     2022        05             30                                2022/ШЦТ/200

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нд холбогдох эрүүгийн 2225002150233 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ганбатын Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн Дэнжийн 2-40 тоотод 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө хамтран амьдрагч Б.Мийг бусадтай хардан гараараа толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

 

-шүүгдэгч Г.Нийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, миний буруу гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан : 

 

-Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 02-р тал/

 

-хохирогч Б.Мийн мэдүүлсэн ... Би Н гэж хүнтэй хамтран амьдарч эхлээд 2 жил болж байна. Бид хоёрын дундаас 2021 оны 11 дүгээр сард хүү Даваабаяр төрсөн. 2022 ооны 03 дугаар н 14-ний өдөр гэртээ ...19 цагийн орчим ...Н нэг залуугийн хамт 2.5 литрийн 2 сав пиво аваад орж ирсэн. Нтэй орж ирсэн залуу өөрийгөө Нийн найз нь гэж Зээмээ бид хоёртой танилцаад авч ирсэн пивыг нь хувааж уусан. Пиво ууж байхдаа Н намайг ангийнхаа хүүхэдтэй хардаад миний үснээс зулгаагаад гараараа толгой руу хэд, хэдэн гараараа цохиод үснээс чирээд нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Найз нь чи боль архи уучхаад эхнэрийгээ ингэж болохгүй шүү дээ гэсэн чинь Н чи дуугүй бай. Би өөрөө өөрийгөө мэдэж байна. Чи зайл гээд ангийнхаа хүүхдийг хөөсөн. Нөгөө залуу нь гараад явсан, мөн Зээмээ ч гэсэн манайхаас гарч явсан. Тэр хоёрыг гараад явсаны дараа Н унтаад өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа миний ээж манай гэрт ирсэн. Тэгэхээр нь Нд зодуулсан гэж хэлсэн чинь цагдаад гомдол гаргана гээд гомдол гаргасан юм....” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаартай... Б.Мийн биед тархи доргилт, нүүр, 2 гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/ ,

-шүүгдэгч Г.Нийн яллагдагчаар мэдүүлсэн: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орой нь миний арван жилийн ангийн хүүхэд болох Батбаасан над руу утсаар яриад танай гэрт очиж байна гэсэн. Би гэрээсээ гарч яваад Батбаасанг тосч аваад бид хоёр дэлгүүр орж Батбаасан мөнгө гаргаж 2.5 литрийн 2 сав пиво аваад манай гэрт очсон. Манайд ороод манай эхнэр М, Зээмээ бид дөрөв хувааж уусан. Пиво уугаад дуусаж байхад эхнэр манай найз Батбаасанд танай найз чинь залуу охидууд сонирхдог юм. Зээмээ энэ хоёрт ор засаад өг гэх

мэтийн юм яриад байхаар нь уур хүрээд түүний зүүн талын хацар дээр нэг удаа алгадаж, нуруу руу нь нэг удаа цохисон... Би пиво уугаад согтсон байсан болохоор яг юу болсон талаар тодорхой санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/

- Гэр бүлийн хүчирхийллийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 57-58-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн Дэнжийн 2-40 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Мийг хамт архи ууж байсан хүнтэй хардан гараараа толгой руу нь цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, нүүр, 2 гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Г.Нийн үйлдлийн улмаас Б.Мийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Мийн мэдүүлсэн... Пиво ууж байхдаа Н намайг ангийнхаа хүүхэдтэй хардаад миний үснээс зулгаагаад гараараа толгой руу хэд, хэдэн гараараа цохиод үснээс чирээд нуруу руу 2-3 удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 260 дугаартай... Б.Мийн биед тархи доргилт, нүүр, 2 гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Г.Нийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Б.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь болох нь тогтоогдсон,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

 

-шүүгдэгч: маргах зүйлгүй тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон,шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.М нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У овогт Гын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ