Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 159/ШШ2021/0012

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* ******* ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.*******

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.*******ийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0033747 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдолтой зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн захирал Л.*******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ******* ******* ХХК 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... Манай компани нь Шим худалдааны төвд Шим супермаркетыг 2014 оноос хойш ажиллуулж байгаа билээ. Энэ үеэс одоог хүртэл бид холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлүүдийг бүрэн авч үйл ажиллагаа явуулж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* Шим худалдааны төвд хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын дараа 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр №31-03/01 бүхий мэдэгдлийг өгсөн. Шалгалтын үед Онцгой байдлын газрын №01906529 тоот ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт хүчингүй хэвээр байсан ч өөр дүгнэлт бичиж өгсөн. Мэдэгдлээр өгсөн шаардлагуудыг бид шаардсаны дагуу биелүүлснээс гадна 0033746 тоот шийтгэлийн хуудас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын мэдэгдлээр хүчингүй болсон. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дахин 0033747 тоот мэдэгдлийг бичиж ирүүлэн бидний ажилд удаа дараа дарамт үзүүлж байна. Мэдээж мэргэжлийн хүмүүсийн албан ёсны шаардлагыг бид хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ Д.******* байцаагчийн хувьд Л.******* надтай хувийн таагүй харьцаанаас үүдэлтэй зөрчлөө ажил хэргийн дарамт болгон ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтийг хамарсан хүнд цар тахал, хорио цээрийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байсан худалдааны салбарын ажилчид бид өөрсдийн эрүүл мэндээ үл хайхран иргэдийнхээ төлөө ажиллаж байхад ажил үүргийн байдлаа ашиглан зүй бус шаардлага, шахалт тавьж түүнийг нь биелүүлээгүйн төлөө дахин дахин дарамт учруулж байгаа байдалд гомдолтой байгааг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж 0033747 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, дэслэгч Д.******* би ******* ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 003/21 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг өгөх нь:

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* би Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм бусад норм нормативын хэрэгжилтийг хангуулах хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу Сайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ******* ******* ХХК-ийн Шим худалдааны төвийн галын аюулгүй байдалд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилтан Р.Наянтайсүрэнг байлцуулан хяналт шалгалтыг явуулж, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг хөтлөн 5 зөрчлийг ирүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31-03/01 дугаартай Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг Шим худалдааны төвд хүргүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31-03/01 дугаартай Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын биелэлтийг хангаж хариу өгөх хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний дотор албан бичгээр хариуг илгээх байсан бөгөөд хугацаандаа албан хариуг хүргүүлээгүй хугацаа хэтрүүлж 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн Шуурхай удирдлагын операторт албан бичгийг хүргүүлсэн байна. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ирүүлсэн албан шаардлагын хариутай танилцахад хяналт шалгалтаар ирүүлсэн зөрчил дутагдлыг арилгаагүй нь хавсралт фото зурагт байсан бөгөөд Аврах зам гарцын схем зураг-ыг шинээр хийж хянуулаагүй, зөвшөөрөлгүйгээр гарын үсэг, тамгыг компьютер болон бусад хэрэгсэл ашиглан зөвшөөрсөн хэсэгт байрлуулсан байсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ковид-19 цар тахлын халдвар улсын хэмжээнд нэмэгдсэнтэй холбогдуулан хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул биелэлтийн шалгалтыг хойшлуулж Л.*******од 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дахин арилгаагүй зөрчлийг арилгах хугацаа байсан боловч 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албан шаардлагын мөрөөр биелэлтийн шалгалт хийхэд 0 хувьтай хамрагдсан. Биелэлтийн шалгалтаар илэрсэн зөрчлийг фото зургаар баримтжуулан албан шаардлагын мөрөөр биелэлтийн шалгалт хийсэн тэмдэглэлийг үйлдэж ажилтан Р.Наянтайсүрэнд танилцуулж ажилласан. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн биелэлтийн шалгалтын дүнг 0 хувьтай хамрагдсан тухай мэдэгдэж, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 31-03/01 дугаартай Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийг үйлдэж гаргасан зөрчлийн тухай хэлж, Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зөрчсөн зүйл заалтыг Л.*******од танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.*******оос тайлбар авч, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг үйлдэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн, албан шаардлагыг биелүүлээгүй талаар танилцуулж хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад Тиймээ хүлээн зөвшөөрч байна гэсэн хариултыг өгсөн. Л.*******оос Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна уу гэж асуухад зөвшөөрөхгүй байна гэсэн хариултыг өгсөн. Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, хяналтын прокурор Н.Бадамд танилцуулан зөрчлийн хэргийн 2133000047 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэргийн дугаар олгосон даруйд холбогдогч Л.*******од мэдэгдсэн. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, холбогдогч Л.*******од танилцуулж гарын үсэг зуруулах гэсэн боловч холбогдогч Л.******* гарын үсэг зурахаас татгалзаж байна гэсэн хариултыг өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №0033746 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзаж байна гэсэн тайлбарыг өгч, шийтгэлийн хуудсыг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж, холбогдогч Л.*******од танилцуулан шийтгэлийн хуудасны 1 хувийг хүлээн авсан. №0033746 дугаартай шийтгэлийн хуудасны 10 дахь заалтын хугацаа буруу бичсэний улмаас 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Прокурорын дүгнэлтийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч 0033746 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* би 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжтай танилцаад холбогдогч Л.*******од танилцуулан 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 0033747 дугаартай шийтгэлийн хуудсыг шинээр үйлдэж холбогдогч Л.*******од танилцуулахад гарын үсэг зурж, хүлээн авахаас татгалзаж байна гэж хэлсэн. Холбогдогч Л.******* танилцуулсан эрх зүйн баримт бичиг, шийтгэлийн хуудсыг тайлбарлан хэлэхэд ойлгохгүй байна яагаад намайг 2 удаа торгож байгаа вэ гэж буруу ойлгосон байсныг 2021 оны 6 дугаар сард Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан туслах ажилтан Э.Батгэрэл нарыг байлцуулан холбогдогч Л.*******од хэргийг материалыг дахин танилцуулан, шийтгэлийн хуудсыг тайлбарлан өгөх Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж хэлсэн. Хууль эрхийн хүрээнд холбогдогч Л.******* та Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болно. гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* би Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын хяналтад Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шалтгаан нөхцөлийг тогтоож, шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Ямар нэгэн хууль бус үйлдэл, ажил үүргийн байдлаа ашиглан зүй бус шаардлага тавиагүй нь холбогдох Зөрчлийн хэргийн материал, эрх зүйн баримт бичгээр үнэн болно. гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбараа нэмж тодруулахдаа: ... Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Д.******* би ******* ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 003/21 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хариу тайлбарт нэхэмжлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар нь ******* ******* ХХК-ийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь хяналт шалгалтыг явуулахад хууль тогтоомж, норм нормативын хүрээнд хууль ёсны шаардлага тавьж заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгах байсныг ******* ******* ХХК нь арилгаагүй тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0033747 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ******* ХХК-ийг галын аюулгүй байдлыг хангаагүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагч ******* ******* ХХК нь ажил үүргийн байдлаа ашиглан зүй бус шаардлага, шахалт тавьж түүнийг нь биелүүлээгүйн төлөө дарамт учруулсанд гомдолтой байгаа тул 0033747 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байх тул холбогдогчийн гомдлыг хангаж, гал түймрийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс ******* ******* ХХК-ийн Шим супермаркетад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хяналт шалгалт явуулж 5 зөрчил илрүүлсэн гэх бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мөн өдрөө 31-03/01 дугаартай гал түймрийн хяналтын улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг гомдол гаргагчид хүргүүлсэн байх бөгөөд зөрчил дутагдлыг арилгуулахаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгож түүнээс хойш 03 дугаар сарын 12-ны өдөр хяналт шалгалтыг дахин хийхэд зөрчил дутагдал арилаагүй гүйцэтгэл 0 хувьтай байсан тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсаар нэг сая төгрөгөөр торгож шийтгэжээ. Хариуцагч нь дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг ноцтой зөрчжээ. Тухайлбал:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна., 5.2-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана ..., 5.7-д хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. гэж заасан байхад хариуцагч нь ******* ******* ХХК-ийн Шим супермаркетад хяналт шалгалт хийхдээ эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулсан бөгөөд энэ талаар өөрөө шүүх хуралдаанд тайлбарласан, мөн 5.1-д төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. 52.3-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ. гэх заалтыг зөрчиж хүн, хуулийн этгээдээс ямар нэг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл албан ёсоор ирүүлээгүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн, 52.5-д 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхийг хориглоно. гэж заасныг зөрчиж дээрх үндэслэлээс бусад үндэслэлээр хяналт шалгалт хийсэн болох нь гомдол гаргагч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гомдол гаргагч өөрөө шалгуулах хүсэлтийг бичгээр гаргасан гэх нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримт нь ******* ******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шим супермаркетийн ажлын байрны дүгнэлтийн хугацаа дууссан тул дахин сунгуулах тухай хүсэлт болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч нь хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шударга явуулах зарчмыг алдагдуулсан гэж дүгнэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг баримтлан холбогдогчийн гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0033747 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Д.*******оос гаргуулан гомдол гаргагч Л.*******од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР