Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0422

 

    

  

 

 

 

 

 

 

  С.Шын нэхэмжлэлтэй

                                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг 

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Ш

Нэхэмжлэгч: С.Ш

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 127/2024/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Ш-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.30 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Шаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3-т "Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. сумын Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг хуульд өөрөөр заагаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн бол мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах хэм хэмжээг хэрэглэхээр байна" гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 4 зүгээр зүйлийг харвал хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэсэн бөгөөд УДШ-ийн 2007 оны "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар" зөвлөмжинд "Төрийн улс төрийн албан хаагчид... төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа хамаарахгүй" гэж тус тус заасныг үндэслэсэн сумын Засаг даргын орлогч буюу улс төрийн албан тушаалтанд төрийн жинхэнэ албан хаагчийн хориглосон хэм хэмжээгээр хамаарахааргүй атал хамааруулан шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 болон 39 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7-д "Сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна" гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "Бичгээр захиргааны актыг гаргахдаа захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал", 40.2.4-т "захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах", 40 2.5-д "захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах шаардлагыг хангасан байна" гэж заажээ. Сумын Засаг дарга Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай албан тоотыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг үүсгэсэн гэсэн атлаа үүнийгээ захирамж дээрээ тусгаагүй, мөн бодит нөхцөл байдлыг тусгаагүй, захирамжийн 4-т гомдол гаргах эрхтэйг дурьдсан атлаа гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй гаргаснаараа дээрх хуулийн заалтуудыг хангалгүй захирамж гаргасан байна.

3.3. ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл "Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйл "Нотлох баримт цуглуулах" ажиллагааг тус тус зохицуулжээ. "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл", Засаг даргын зөвлөл байгуулах захирамж, хэлэлцэх асуудал гэх баримтууд хэрэгт авагджээ. Эдгээрээс харвал Төрийн албан хаагчид хариуцлага тооцох тохиолдолд тус зөвлөлөөр хэлэлцэхээр байна. Гэвч энэхүү зөвлөл ямар ирцтэй хуралдсан, үүнээс хэдэн хувийн саналаар буюу хэдэн гишүүний саналаар асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд тус хуралдааны тэмдэглэлээс харвал зөвхөн Хэнтий шинэс СДОА-ийн дарга Г.М-оос тайлбар авч асуудлыг хэлэлцэж хэдэн хувийн ирцээр нь тодорхойгүй сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэж хурал 10:25 минутанд дууссан байна. Үүнийхээ дараа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14:00 цагт сонсох ажиллагааг зохион байгуулж намайг дуудаж Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 39.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэснээс надад сахилгын шийтгэл оногдуулж, намайг ажлаас чөлөөлөх гэж байна гэж мэдэгдээгүй, сахилгын зөрчлөөр надаас тайлбар аваагүй билээ.

3.4. Сонсох ажиллагааг хийснийхээ дараа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14:25 минутанд Г-оос тайлбар авч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулан намайг ажлаас чөлөөлсөн. Захирамж гаргаж надад гардуулснаасаа хойш 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Д-ээс тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Хэнтий шинэс" ойн ангиас албан бичгээр тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Т.Б-иас тайлбар авч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн атал анхан шатны шүүх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэгэнт намайг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг баримтлах нь зүй ёсны хэрэг байх. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д"... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна" гэж заасан атал намайг хууль зөрчсөн байна л гэж тайлбар авснаас ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулна гэж огт мэдэгдээгүй. Журмын 2.4.3 болон 2.4.4, 2.4.5-т "шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох цуглуулсан мэдээ баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагааг шалгагч гүйцэтгэнэ" гэжээ. Гэтэл шаардлагатай мэдээ мэдээллийг захирамж гаргаснаас хойш шүүхэд зориулж цуглуулсан, зөрчлийн шинж байдал, хохирлыг тогтоолгүйгээр дүгнэлт гаргаж эдгээр заалтуудыг зөрчсөнд шүүх дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.5. Журмын 2.6-д "Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана", Журмын 2.7-д "Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй" гэж тус тус заасан боловч эдгээр ажиллагааг хариуцагч огт хийгээгүйг шүүх анхаарсангүй. Журмын 3.2-т "эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэж заажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзана” гэжээ.

3.6. Миний гаргасан зөрчил гэх нь С.Г-ийн "Ивээн тэтгэгч байгаа юу хэн бэ? гэж асуухад Би өөрөө өгч байгаа юм гэсэн" би өөрөө ч өөрөөсөө өгье гэж бодсон тухайн үед МАН дарга, Засаг даргын орлогч гэж бичсэнийг нь анзааралгүй болгоомжгүй хандсан, үүнээс бусдад сөрөг нөлөө гаргаагүй, хохирол учраагүй, өмнө нь би зөрчил гаргаж байгаагүй, намайг цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй атал надад хөнгөн шийтгэл оногдуулж болох байтал хамгийн хүнд шийтгэл болох төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 болон 29.3-т "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсыг сахилгын шийтгэл хүлээлгэхэд харгалзана" гэж заасан боловч ийнхүү дагалдах хуудас байгаа эсэх нь тодорхойгүй хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Хэнтий аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Ш-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Маргаан бүхий Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “...Засаг даргын орлогч Содномын Шижирбаатар нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн 6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр ивээн тэтгэн, батламжийг Монгол Ардын Намын хорооны шинэ жил дээр сугалаанд оруулж, азтан шалгаруулан гардуулж, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлээгүй үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4. Нэхэмжлэгчээс “...нөхцөл байдлыг эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй атал хариуцлага ногдуулах тухай захирамж гаргасан, сонсох ажиллагааны үед тайлбар, санал гаргах боломж олгоогүй, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг хэрэгжүүлээгүй, зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнэлгүйгээр хамгийн хүнд сахилгын шийтгэл оногдуулсан” гэж, хариуцагчаас “...улс төрийн албан тушаалтан төрийн үйлчилгээг сугалаа хэлбэрээр зохион байгуулсан үйлдэл нь хууль дээдлээгүй, сахин биелүүлээгүй зөрчил гэж үзсэн, ...Засаг даргын орлогч бол улс төрийн албан тушаалтан, сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд орлогчийг томилж чөлөөлөх эрхтэй гэж заасны дагуу хуульд заасан сонсох ажиллагаа хийж, ажлаас чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болон хууль журамд заасан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгох эрх бүхий этгээд биш атлаа ойгоос түлээний мод бэлтгэх эрх олгосон утгатай батламжийг өөрийн дур зоргоор хэвлэн бусдад сугалаагаар азтан шалгаруулж олгосон нь хууль журмаар олгоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, ...сахилгын зөрчлийг ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан шалган тогтоосон байхыг шаардахгүй, ...захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангасан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

6. Нэхэмжлэгч С.Ш-ын эрхэлж байсан албан тушаал нь “сумын Засаг даргын орлогч” буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “...Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны” улс төрийн албан тушаал байна.

7. Тодруулбал, төрийн улс төрийн албан тушаал (улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал гэх мэт)-д ажиллаж байгаа этгээд нь төрд албан тушаал эрхэлж байгаагийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан баталгаагаар хангагдах боловч 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэмэлт баталгааг эдлэхгүй байхаар уг хуульд тусгайлан заасан тул нэхэмжлэгчийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасан ажиллагааг хариуцагч огт хийгээгүй, ...сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэж заасныг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

8. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний албыг “төрийн жинхэнэ алба”-нд тооцохгүй, эдгээр ангиллын албан тушаалуудын хувьд “албан тушаалд авах”, “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх”, “төрийн албанаас чөлөөлөх” талаарх Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар бус тус тусын хуулиар зохицуулагддаг, үүний дотор бүх шатны “Засаг дарга” болон “Засаг даргын орлогч”-ыг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахаар хуульчилжээ.

9. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасныг үндэслэн “сумын Засаг даргын орлогч”-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан “...эрх хэмжээнийхээ хүрээнд” гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэхээр байна.

10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалт болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын заалтыг тус тус  баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...“Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.30 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 7.2-т” гэсэн хэсгийг хасч, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

     ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН