Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00090

 

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй ,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЭМЯ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахыг даалгах, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЭМЯ-ны 2015 оны 12 дугаар сард зарласан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагчийн орон тоон дээр өрсөлдөн сонгогдож Э-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тоот тушаалаар томилогдон 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж эхэлсэн. Уг төсөл Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэх нэгж, түүний дотор төслийн зохицуулагчийн гэрээ энэхүү журмын хавсралт болох жишиг гэрээний дагуу гэрээ байгуулан ажилладаг. Журмын дагуу миний гэрээ 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээний 6 сарын туршилтын хугацаа дуусахад Эрүүл  мэндийн яам үнэлгээ хийх байсан боловч тухайн үед ЭМЯ дүгнэлт өгөөгүй.

Иймд гэрээний дагуу хөлсөөр ажиллах гэрээг дүгнэх, сунгах талаар 196 дугаар журмын дагуу ЭМЯ-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга, төслийн захирал Д.Т-д ТХН-ийн бүх ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэсэн хуудас, 2017 оны гэрээний төслүүдийн хамт 2016 оны 12 дугаар сарын 27-ны 2016/42 дугаар албан тоотод хавсарган илгээсэн. ЭМЯ-аас хариу өгөөгүй тул гэрээг Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно" гэж, 196 дугаар журмын 16.7-д "Төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан болон бусад ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь хуанлийн эцсээр дуусгавар болно" гэж заасны дагуу нэг жил буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болохоор сунгагдсан байх ёстой. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЭМЯ-ны бичиг хэргээс ЭМЯ-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга, төслийн захирал Д.Т-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлаж байна" гэсэн албан тоотыг дараах нөхцлийн улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Үүнд: а/. Анх ажлын байрыг зарлахдаа хугацаатай гэж зарлаагүй, мөн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээгээр төслийн хугацаа 5 жил, төслийн зохицуулагчийн ажиллах хугацаа нь төсөл дуусах хугацаагаар тодорхойлогдох байсан. Өөрөөр хэлбэл, тохирсон хугацаа нь төсөл дуустал юм. б/. Төсөл хэрэгжүүлэгч нь ЭМЯ тул Бодлого, зохицуулалтын газрын даргад ЭМЯ-ыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй. в/. 196 дугаар журмын 12.1.6-д төслийн захирал үнэлгээг хийж саналаа Төслийн удирдах хороонд өгч шийдвэрлүүлэх түүний саналыг шийдвэрлүүлээгүй.

Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагчийн хувьд ЭМЯ-ныТөрийн нарийн бичгийн даргаас уулзаж лавлахад Газрын дарга, ЭМЯ-ыг төлөөлж гэрээг дуусгах үндэслэлгүй, ажлаа хийж бай гэсэн хариу авсан. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төслийн захирал Д.Т-той Сангийн яамны үүдэнд таарч учрыг лавлахад намайг гэрээний үнэлгээн дээр "F" үнэлгээ тавьсан, муу ажилласан тул солино, харин мэргэжилтнээр орно гэвэл дэмжиж оруулна гэж хэлсэн. Үнэлгээг эхлээд бидэнд танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулан, дараа нь Төслийн удирдах хороо, Сангийн яаманд танилцуулах ёстой байтал 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны огноотой үнэлгээг олон өдрийн дараа Төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 13-ны огноотой Эрүүл мэндийн сайдын Дэлхийн банк руу явуулсан бичгийн Дэлхийн банкны Цахим эрүүл мэнд төслийн багийн ахлагч А.С-аас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Төслийн захирлын үнэлгээг хүлээн авсны дараа үнэлгээний дүнг дахин хянуулах хүсэлтийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Цахим эрүүл мэнд төслийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2017/07 албан тоотоор үнэлгээ буруу болохыг нотлох хавсралтуудыг илгээж, залруулах хүсэлт тавьсан. ЭМЯ-аас намайг ажиллах үед ямар нэгэн ажлын хангалтгүй үнэлгээний талаар сануулж, анхааруулж, ажил сайжруулах талаар ямар нэгэн чиглэл, зөвлөмж өгч байгаагүй. ЭМЯ болон Сангийн яамнаас шаардсан мэдээ, тайланг цаг тухайд нь түргэн шуурхай үнэн зөв гаргаж өгч байсан тул тэр талаар өмнө нь ямар нэгэн сануулга авч байгаагүй. ЭМЯ-ны төслийн захирлын зүгээс нэг ч удаа энэ үнэлгээний талаар надтай уулзаж байгаагүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний Б/47 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал өгч тэр даруй ажил хүлээлцэн акт бүрдүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний гэрээг байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилласан хугацааны цалин болон ээлжийн амралтын тооцоог ЭМЯ, түүний Цахим эрүүл мэнд төсөл хийхгүй байна.

Иймд ЭМЯ-ны дэргэдэх Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагчаар эгүүлэн томилогдох, хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахыг даалгах, ажилласан хугацааны цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 39 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭМЯ Цахим эрүүл мэнд төслийг санхүүжүүлэгч Дэлхийн банктай зөвшилцсөнөөр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ц.Г-ыг Төслийн нэгжийн зохицуулагчаар 6 сарын хугацаатай туршилтын журмаар томилон, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах Хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал байгуулсан. Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулах ажлын байрны зар дээр төслийн хугацаагаар буюу 5 жилээр хөлсөөр ажиллуулах гэрээ төслийн зохицуулагчтай байгуулна гэж байхгүй бөгөөд Дэлхийн банкнаас ирүүлсэн "Цахим эрүүл мэнд төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтнууд авч ажиллуулах тухай" албан бичгээр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн Ц.Г нь шаардагдах мэргэжлийн ур чадвар, туршлагатай хэдий боловч удирдах ажлын туршлага дутмаг байгаа тул Дэлхийн банкнаас 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахыг санал болгосноор 6 сарын хугацаатай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгч ЭМЯ тул Бодлого төлөвлөлтийн газрын даргад ЭМЯ-ыг төлөөлөх эрх зүйн чадамж байхгүй талаар дурджээ. Бодлого төлөвлөлтийн газрын дарга нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/136 дугаар тушаалаар Цахим эрүүл мэнд төслийн захирлаар томилогдсон бөгөөд Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 4.1.7-д "төслийн захирал" гэж төсөл хэрэгжүүлэх байгууллагын төслийн ерөнхий зохицуулагчийн нэрийн өмнөөс тухайн төслийг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, төслийн явцын гүйцэтгэл, үр дүнг хариуцах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тухайн төслийн хэрэгжилтийг хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтныг хэлнэ гэсний дагуу ЭМЯ-ыг төлөөлж "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавьж ажиллах эрх зүйн чадамжтай. Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан журмын 12.1.6-д "төслийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулах, асуудлыг Төслийн Удирдах хороо, Сангийн яаманд танилцуулах" гэж заасанчлан төслийн захирлын чиг үүргийн дагуу Сангийн яаманд 2017 оны 01 дүгэрэ сарын 16-ны өдөр төслийн хэрэгжилт, үнэлгээний талаар мэдэгдсэн.

Мөн төслийн зохицуулагч Ц.Г-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт "Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно" гэж дээрх журмын 16.7-д "Төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан болон бусад ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах ба аливаа гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болно" гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсон талаар Сангийн яамны санал ирэхээс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Түүнчлэн тус журамд хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болсон тухай мэдэгдэхдээ Сангийн яамнаас санал авах талаар заагаагүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр "F" үнэлгээ авсан нь уг журмын 16.11-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй байх үндэслэл болсон. Дээрх журмын 10.1.21-д "төслийн зохицуулагч, санхүүгийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтний хөлсөөр ажиллах гэрээг сунгах, цуцлахдаа Сангийн яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэх" гэж заасны дагуу төслийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа Сангийн яаманд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр санал боловсруулан хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй дуусгавар болгох саналыг дэмжсэн тухай албан бичгээр хариу ирүүлээд байгаа. Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан боловч Дэлхийн банкнаас Төслийн хэрэгжилтийн явцын үнэлгээ хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Цахим эрүүл мэндийн удирдагч нар харилцан зөвшилцсөнөөр төслийн хэрэгжилтийн явцын шалгалт дуустал ажиллуулахаар тохиролцсоноор 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажиллуулж, ажилласан хугацааны цалинг олгуулахын тулд 2017 оны 01 дүгээр сарын цалин болон 2017 оны ээлжийн амралтын мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Г-ын дансанд нийт 7 492 351,04 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ц.Г-тай байгуулсан "Цахим эрүүл мэнд" төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар хөлсөөр ажиллуулах гэрээ дуусгавар болсон тул ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 16.7-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭМЯ-наас 3 381 818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэпн Ц.Г-д олгож, үлдэх 36 298 182 төгрөгт холбогдох шаардлага болон ЭМЯ-ны дэргэдэх "Цахим эрүүл мэнд" төслийн зохицуулагчаар эгүүлэн томилуулах, хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 426 550 төгрөгийг нөхөн гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч ЭМЯ-аас улсын тэмдэгтийн хураамжид 69 059 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь ЭМЯ-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 5.1.3, 5.1.6, 8.2, 10.5-д гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах, сунгахгүй байх тохиолдлуудыг зохицуулсан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Г-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, сунгахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Сангийн сайдын 196 дугаар тушаалаар батлагдсан журмын 10.1.8-д "Төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулалт, Сангийн яамны зөвшөөрлийн үндсэн дээр томилох, гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх", 10.1.21-т зааснаар дүгнэхэд ЭМЯ хүссэн үедээ дангаар гэрээг цуцалж, дуусгавар болгох эрхгүй байхаар байна. Шүүх ажиллагч Ц.Г-ын хууль, гэрээ журмаар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзаж үзээгүй.

Нэхэмжлэгч Ц.Г-ын ажлын үр дүнг “F” үнэлсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлт хийсэн ч хөлсөөр ажиллах гэрээг сунгаагүйг хууль ёсны гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ сунгах эсэх нь үнэлгээнээс шууд хамаарахгүй, ажиллагч “А” дүгнэгдсэн ч гэрээг сунгахгүй байх эрхтэй гэж ойлгогдох дүгнэлт хийж, Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд Улс төрийн өнгө, намын үзэмжээс шалтгаалж явагддаг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, гишүүд солигддог байдал газар авах болж байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа бус, харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд ажиллуулагч ЭМЯ нь хөлсөөр ажиллах гэрээний хугацааг сунгах эсэхийг дангаар шийдвэрлэх эрхтэй буюу Ц.Г-ыг үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй гэж шүүх дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглож мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл ЭМЯ гэрээний талуудын эрх тэгш байх зарчмыг алдагдуулан байнгын орон тооны албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба 6 сарын хугацаатай байхаар заасан. Шүүх хуульд нийцсэн гэрээ мөн эсэхийг хэлэлцээгүй. Ажилтнаас эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэргийг суутган авч байнгын орон тоон дээр 7-8 сарын хугацаанд ажиллуулсан. Энэхүү төсөл 5 жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Ажил олгогч нь үүрэг хүлээсэн харилцаанд орохдоо үүргээ биелүүлсэн эсэхийг анхлан нягталж дараа нь тэр гэрээний харилцаа хуульд нийцсэн эсэхийг шүүх шийдвэрлэх байсан. Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан журамд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж хариуцагч тайлбарладаг ба шүүх санал нэгдсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаас даван хэрэгжидэг журам байгааг харгалзан үзэх ёстой.

Ажил олгогч талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхээ эдлэх боловч үүргээ биелүүлэх эсхүл хангалтгүй биелүүлсэн талаар шийдвэрт тусгагдаагүй. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт гаргасан бол гэрээний талуудын үүргийн биелэлтийг дэнслэн шийдвэр гаргах нь зүйтэй. Зөвхөн гэрээ сунгах эсэхийг шийдэх эрхтэй болохоор дуртай цагтаа тушаал гарган, тухайн өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдэж гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй. Гэрээний заалт нэг бүрээр хэргийг шийдвэрлэх ёстой. ЭМЯ ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажлын байр бэлдэж өгөөгүй нь төслийн эхний 6 сарын ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлсөн, Засгийн газрын сайд өөрчлөгдсөн, томилгоо хийгдэхгүй байсан зэрэг нөхцөл байдал төслийн хэрэгжилтэд хэрхэн хугацаа хойшлогдох нөхцөл үүсгэснийг харгалзан үзэж гэрээг дүгнэхэд нөлөөлсөн байдлыг хөлсөөр ажиллах гэрээний талуудын үүргийн биелэлтэд саад болох нөхцөлд байдалд хамруулан ойлгох ёстой. Гэрээний дагуу Ц.Г-ыг “F“ үнэлгээгээр үнэлсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу үнэлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Ийнхүү гэрээний зарим зүйл заалтыг биелүүлээгүй хэрнээ гэрээг сунгах эсэх нь ЭМЯ-ны эрхийн асуудал гэж дүгнэсэн нь нэг талын барьсан, тэгш байх гэрээний зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч ЭМЯ-д холбогдуулан тус яамны дэргэдэх “Цахим эрүүл мэнд” төслийн зохицуулагчаар эгүүлэн томилуулах, хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгахыг даалгах, ажилласан хугацааны хөлс болон ажилгүй байсан хугацааны хөлс 39 680 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг томилох тухай” Б/145 тоот тушаалаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Цахим эрүүл мэнд” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар Ц.Г-ыг 6 сарын хугацаатай туршилтын журмаар томилж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2016-1 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хөлсийг 3 381 818 төгрөгөөр тооцон гаргуулсныг зохигчид маргаагүй. Харин гэрээг сунгагдсанд тооцох эсэх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга нь Эрүүл мэндийн газрыг төлөөлөх эрхтэй эсэх талаар, хариуцагч гэрээг “F” үнэлгээгээр үнэлснийг эс зөвшөөрч маргасан байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээг /хх 8-18/ 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, ажлын хөлсөнд сард 4 960 000 төгрөг төлөхөөр тохиролцож, захиалагч буюу Э /төсөл хэрэгжүүлэгч байгууллага/ ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг сунгахдаа гэрээнд нэмэлт оруулж хавсарган, тодорхой хугацаа зааж нэг жил хүртэл хугацаатайгаар сунгах зэргийг тодорхой заасныг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Иймд талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг хөдөлмөрийн гэрээний харилцаа эсвэл хугацаагүй хөлсөөр ажиллах гэрээ байх ёстой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан хөлсөөр ажиллахаар тохиролцсон хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ц.Г нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар ЭМЯ-ны дэргэдэх “Цахим эрүүл мэнд” төслийн зохицуулагчаар эгүүлэн томилуулах, хөлсөөр ажиллах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгахыг хариуцагчаас шаардах эрхгүй, анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх талуудын хоорондох хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА