| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0501/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/534 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/534
2022 06 20 2022/ШЦТ/534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ц.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боргочууд овогт ЦГд холбогдох эрүүгийн 2211 00000 1145 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9-491 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Боргочууд овогт ЦГ /РД:........................................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ЦГ /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14-216 тоотод иргэн Ш.Ганбаяртай “эхнэрийг нь тэвэрсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг орон дээрээс татаж унагаан, нүүр рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, нүдний зовхи, шанаа зулгаралттай, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ЦГ нь согтуугаар:
2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14-216 тоотод иргэн Ш.Ганбаяртай “эхнэрийг нь тэвэрсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг орон дээрээс татаж унагаан, нүүр рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, нүдний зовхи, шанаа зулгаралттай, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Ш.Ганбаярын “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх гэртээ хуурай дүү Гантулга, багын найз Солонгоцэцэгийн хамт архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь гэртээ Солонгоцэцэгийн хамт сэрсэн ба миний хоёр нүд хавдчихсан байхаар нь гайхаад асуутал ...Солонго “намайг өчигдөр бие засчхаад гаднаас орж ирэхэд чамайг Гантулга зодчихсон байсан” гэж хэлсэн... Гэрт Гантулгаас өөр хүн байгаагүй болохоор Гантулга намайг зодсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6344 дугаартай “Ш.Ганбаярын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, нүдний зовхи, шанаа зулгаралттай, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.Гантулгын “...“...тэгээд би их хэмжээний архи уусан байсан болохоор тасраад босоод ирэхэд Ганбаяр ах манай эхнэрийг тэвэрчихсэн байхаар нь орон дээрээс хөлөөс нь татаж унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн юм... би хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, хохирогч, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 46, 48/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Цэнд-Аюушийн Гантулга нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14-216 тоотод иргэн Ш.Ганбаяртай “эхнэрийг нь тэвэрсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг орон дээрээс татаж унагаан, нүүр рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, нүдний зовхи, шанаа зулгаралттай, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Ш.Ганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэж мэдүүлсэн /хх 9 дүгээр тал/, мөн энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөг /хх 27 дугаар тал/-ийн зардал гарсныг шүүгдэгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 48.000 төгрөг /хавтаст хэргийн 50 дугаар тал/-ийг төлсөн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боргочууд овогт ЦГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ