Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/569

 

 

 

 

 

                                 

 

 

    2022         06         28                                   2022/ШЦТ/569

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч М.П /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Пд холбогдох эрүүгийн 2211 00000 1244 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Сартуул овгийн МП, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зоогийн газрын удирдлага мэргэжилтэй, хувиараа айл нүүлгэх ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эхийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 63 дугаар байр, 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..................................................................

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч М.П /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 17-н автобусны буудлын орчимд замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Ц.Ганбаатартай эгнээ, байр эзлэх асуудлаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч М.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 55 дугаар тал/ “ 2022 оны  05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 66-48 УБК улсын дугаартай портер авто машинтай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо автобусны буудал дээр тамхи авах гээд автобусны буудал дээр түр зогсоогоод ТҮЦ ороод тамхи аваад буцаад автомашиндаа суугаад нэгдүгээр эгнээ рүү орох гээд шахаад зөөлөн ортол Хонда Сивик автомашинтай залуу шахаж орж ирээд автомашин дотроосоо цонхоо онгойлгоод пизда минь ингэж машин барьдаг юм уу гээд хэрэлдэж байгаад миний машиныг хөдөлгөхгүй хэрэлдээд байсан. Тэгээд би машинаасаа буугаад уг машины жолоочтой хэрэлдээд жолооч талын хаалга дээр явж очоод “чи тэнэг юм уу эгнээ солидоггүй машин гэж байхгүй гээд очоод хэлэхэд уг хүн нь онгорхой байсан цонхоороо гараа гаргаж ирээд миний баруун гарын ядам, чигчий хурууг бариад нугалаад дарахад нь би нөгөө гараараа гарыг нь тавиулаад уг залуу нь машиныхаа хаалгыг онгойлгоод бууж ирээд намайг зодох гэж байгаа юм шиг далайхаар нь би уг залуугийн толгой руу гараараа 2-3 удаа цохисон юмаа ...би хүлээн зөвшөөрч байна, мөн би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ “Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 18-52 УНЛ улсын дугаартай “Хонда сивик” маркийн тээврийн хэрэгсэлтэй 32-ын замаар доош 57 дугаар сургуулийн чиглэлтэй хөдөлгөөнд оролцоод явж байтал 57 дугаар сургуулийн чиглэлтэй хөдөлгөөнд оролцоод явж байтал 57 дугаар сургуулийн эсрэг талын автобусны буудлын кармаанаас портер маркийн автомашин дохиогоо өгөхгүйгээр миний машины урдуур шахаад ороод ирэхээр нь би оруулалгүйгээр чигээрээ явсан чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч “чи машиныхаа урдуур намайг оруулчихаар яадаг юм, үхлээ пизда чинь” гээд намайг үг хэлээр доромжлоод машинаасаа буугаад миний машин дээр хүрч ирээд намайг цохих гээд байхаар нь би баруун гарыг нь барьж аваад хурууг нь мушгисан юм ...баруун гараараа миний зүүн талын нүд болон хамар, дух, толгой хэсэг рүү 10 гаруй удаа цохиод намайг балбасан юм. Би тэр залуутай зууралдаж аваад байж байтал цаад талаас портер машинаас нэг залуу гарч ирээд бид хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг,  

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 73 дугаар тал/ “...эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна ...хохирогч Ц.Ганбаатарт ...нийт Эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний 262.000 төгрөгийг яллагдагч М.Пгээс гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан дахь 10900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №7761 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ “Ц.Ганбаатарын биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 64, 66 дугаар тал/, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 70 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.П нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 17-н автобусны буудлын орчимд замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Ц.Ганбаатартай эгнээ, байр эзлэх асуудлаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчтой маргалдаж, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.П нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.П нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорын хохирлын 300.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулжээ.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас нэхэмжилсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн гэх 262.000 төгрөгийг шүүгдэгч М.Пгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Сартуул овгийн М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 262.000 төгрөгийг шүүгдэгч М.Пгээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ