Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

         Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ход холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б нарт холбогдох эрүүгийн 2041000240210 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Б.Х, А.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Х нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ажиллаж, хахууль өгөгч А.Баттулгын 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 11-11 ДГН улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1-д “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэснийг, мөн журмын 3.7-д “Бүртгэлийн байгууллага нь авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ид тод зохион байгуулна” гэснийг тус тус зөрчиж, А.Баттулгын 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11-11 ДГН улсын дугаарыг сольж бүртгэл хийсэн буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд мөн өдрөө өөрийн төрөл садангийн хүн болох Г.Эрдэнэчимэгийн 5379033063 дугаарын Хаан банкинд эзэмшдэг дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг зурвасаар илгээж,  бусдаар дамжуулан А.Бас 2,000,000 төгрөгийг дээрх дансаар хахуульд авсан гэмт хэргийг,

     Шүүгдэгч А.Б нь өөрийн эзэмшлийн 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 11-11 ДГН улсын дугаараар солиулж бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Хоор 11-11 ДГН улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлсний хариуд түүнд мөн өдрөө албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкинд эзэмшдэг 5371042850 дугаарын данснаасаа Б.Хын утасны зурвасаар илгээсэн иргэн Т.Эрдэнэчимэгийн Хаан банкинд эзэмшдэг 5379033063 дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Гэрч Т.Төмөрхүрдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Надаас А.Б урьд өмнө нь адуу мал авч байгаагүй ба адуу малын наймаа хийдэг хүн биш ... Манай охин Эрдэнэчимэг хүнээс мөнгө төгрөг зээлж байсан талаар надад огт хэлж байгаагүй. Ер нь бол Эрдэнэчимэг надаас хараат бус болсон, биеэ даасан, нөхөр, 2 хүүхэдтэй хүүхэд байгаа юм. Б гэх хүн худлаа мэдүүлэг өгсөн байна. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй, тэр хүнд шүдлэн үрээ зарж байгаагүй. Ямар учраас тэр хүн миний нэрийг ингэж ашиглаж мэдүүлэг өгсөн талаар үнэхээр мэдэхгүй байна  ... ” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч Х.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Одоо миний санаж байгаагаар Х нь надаас сонирхол татахуйц улсын дугаар хэрхэн яаж авах талаар асууж тодруулж байсан санагдаж байна. Гэхдээ би улсын дугаарыг нь сайн санахгүй байна, 4 ижил байсан бил үү, 3 тэгтэй байсан бил үү ямар ч байсан надаас асууж тодруулж байсан. Тухайн үед Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн салбаруудад дөнгөж гарсан сери бүхий тээврийн хэрэгслүүдийн дугааруудыг 100 ширхгээр нь явуулдаг байсан ба зарим тохиолдолд орон нутгийн салбарын дарга нар зарим улсын дугаарыг миний эрх рүү хийгээрэй гэх хүсэлт гардаг байсан. Ямар учраас тухайн үед улсын дугааруудыг 100 ширхгээр нь аймгууд руу явуулдаг байсан гэвэл аймгуудад улсын дугаар үйлдвэрлэх үйлдвэр байдаггүй учир Улаанбаатар хотод улсын дугааруудыг хэвлүүлж, хэвлүүлсэн улсын дугаараа 100 ширхгээр нь аймгууд руу явуулдаг байсан ... Орон нутгийн салбарын дарга нар өөрийн эрх рүү зарим улсын дугаарыг авсан тохиолдолд тухайн авсан улсын дугаарыг өөрийн эрхээр хэн нэгэн хүнд өгч болдог ... Миний санаж байгаагаар Х нь надаас сонирхол татахуйц улсын дугаарыг өөрийн эрх рүү шилжүүлэх талаар хүсэлт тавьж, би түүний хүсэлт тавьсан улсын дугааруудыг Хын эрх рүү шилжүүлж байсан санагдаж байна. Гэхдээ яг ямар дугаарууд байсан талаар санахгүй байна ... ” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 22-24 дүгээр хуудас/,

          Гэрч Д.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Зам тээврийн хөгжлийн сайдын 192 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох журам”-аар олгодог байсан ... Тухайн үед ДГН улсын дугаарыг манайхаас болон Замын-Үүд сумын Авто тээврийн салбар, Улаанбаатар хотын Авто тээврийн бүртгэлийн хэлтсийн бүх салбаруудаас олгож байсан. Сонирхол татахуйц дугаар гэж 4 ижил, 3 тэгтэй, эсвэл хос дугааруудыг хэлдэг ба тухайн үед сонирхол татахуйц дугаарыг иргэд хүсэлт гаргаад түүний дагуу л олгодог байсан байх. 2020 оны 07 дугаар сард 1 ширхэг дугаар авахад 10,000 төгрөгөөр авдаг байсан санагдаж байна. Манай төвөөс дугаар авч байгаа тохиолдолд дугаар үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн дансанд төлбөрөө тушаагаад, манайд гэрчилгээний үнэ гэж 3,800 төгрөг, 2,000 төгрөг татварын хэлтэст тушаагддаг байсан ... ” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 82-83 дугаар хуудас/,

           Гэрч Т.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Х бол манай эмээ Цэрэндолгорын төрсөн дүү Наранбаяр эгчийн том хүү нь байгаа юм ... Адъяасүрэнгийн Бтай зэргэлдээ сумын найзууд байгаа юм ... Ухнын Төмөрцалам бол манай ээж У.Жаргалмаагийн төрсөн дүү ... ” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 13-15 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Яг процессын хувьд санахгүй байна. Ямар ч байсан сольж бүртгэл хийсэн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. 2,000,000 төгрөгийг Төрийн санд тушааж баримтыг нь прокурорт өгсөн ...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтасны 193 дугаар хуудас/,

          Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/565 дугаартай “... Б.Хыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар 6 сар хүртэл туршилтын хугацаагаар түр томилсугай ...” гэсэн тушаал /6 дугаар хавтасны 31 дүгээр хуудас/,

          Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/324 дугаартай “... Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Хыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсугай ...” гэсэн тушаал /6 дугаар хавтасны 32 дугаар хуудас/,

         Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/66 дугаартай “...Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Хын хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй ...” гэсэн тушаал /6 дугаар хавтасны 33 дугаар хуудас/,

          Аймгийн Авто тээврийн төв, салбарын даргын ажлын байрны “Ажлын байрны зорилго”-ын 1-д заасан “Авто тээврийн салбарын хууль тогтоомж ..., хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, ... Авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомж хэрэгжсэн байна” гэсэн тодорхойлолт  /6 дугаар хавтасны 44-53 дугаар хуудас/,

         Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/23 дугаартай “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт батлах тухай” тушаал, хавсралт /9 дүгээр хавтасны 160 дугаар хуудас/,

          Мөрдөн шалгах ажиллагааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Н-05 дугаартай магадлагаа,

          Т.Эрдэнэчимэгийн 5379033063 дугаартай Хаан банк дахь дансанд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5371042850 дугаартай данснаас “Tulga гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн орлого хийгдсэн дансны хуулга /1 дүгээр хавтасны 205 дугаар хуудас/,

          А.Баттулгын 5371042850  дугаартай Хаан банк дахь дансанд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5379033063 дугаартай данснаас “Tulga гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн дансны хуулга /9 дүгээр хавтасны 158 дугаар хуудас/,

          Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Н/01 дугаартай албан бичиг /2 дугаар хавтасны 212-213 дугаар хуудас/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

          Улсын дугаар 11-11 ДГН, Лексус Ар-Икс 450 эйч маркийн, арлын дугаар GYL102402589, үйлдвэрлэсэн он 2010, өнгө хар, эзэмшигч Адъяасүрэнгийн Б, регистр ЕЛ90040115, хаяг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг Агаруут гудамжны 1-2 тоот, утас 93051281, 88055166, өмнөх эзэмшигчийн мэдээлэл Адъяасүрэнгийн Б гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтасны 242 дугаар хуудас/,

          Иргэн А.Баттулгын өмчлөлд бүртгэлтэй, GYL102402589 арлын дугаартай, 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 2020 ны 07 дугаар сарын 21-ний өдөр 11-11 ДГН улсын дугаартай болгож Б.Х нь бүртгэсэн талаарх архивын мэдээлэл /2 дугаар хавтасны 243 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 53, 56-65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Б.Х нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ажиллаж, хахууль өгөгч А.Баттулгын 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 11-11 ДГН улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1-д “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэснийг, мөн журмын 3.7-д “Бүртгэлийн байгууллага нь авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ид тод зохион байгуулна” гэснийг тус тус зөрчиж, А.Баттулгын 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11-11 ДГН улсын дугаарыг сольж бүртгэл хийсэн буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд мөн өдрөө өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох Г.Эрдэнэчимэгийн 5379033063 дугаарын Хаан банкинд эзэмшдэг дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг зурвасаар илгээж,  А.Бас 2,000,000 төгрөгийг хахуульд авсан,

     Шүүгдэгч А.Б нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 35-36 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 11-11 ДГН улсын дугаараар солиулж бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Хоор 11-11 ДГН улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлсний хариуд түүнд мөн өдрөө албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкинд эзэмшдэг 5371042850 дугаарын данснаасаа Б.Хын утасны зурвасаар илгээсэн иргэн Т.Эрдэнэчимэгийн Хаан банкинд эзэмшдэг 5379033063 дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл болох 2,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 10 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцож 150,000 төгрөгийг торгох  ялд нь оруулан тооцож, нийт эдлэх ялыг 14,850,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын 100900033401 дугаар дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,000,000 төгрөгийг хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, нууц ажиллагааны магадлагаа 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4. Шүүгдэгч Б.Х, А.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  нийт торгох ялыг 14,850,000 төгрөгөөр тогтоосугай.

        6. Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын 100900033401 дугаар дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,000,000 төгрөгийг хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгосугай.

        7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ход оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах ял, шүүгдэгч А.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч Б.Ход хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч А.Бд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, нууц ажиллагааны магадлагааг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА