Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2018/02355

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт Э.Г-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, одоо БНСУ-д амьдрах, эмэгтэй, Б овогт Т У-д холбогдох,

            Охин Г.Мишээлийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов. 

     

 

                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У бид хоёр БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа танилцан, 2012 оноос хамтран амьдарч, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед ээжтэй нь хамт амьдарч байсан учир Т.У хүүхдээ өөр дээрээ авмаар байна гэхээр нь би охин Г.Мийг үрчлэн авсан бөгөөд Т.У 2015 оны намар БНСУ уруу яваад 2018 оны 8 сард ирсэн, энэ хугацаанд бид хамт амьдраагүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд охин Г.М 2015 оноос одоог хүртэл өөрийн төрсөн аав Б.Номинбаяртай хамт амьдардаг тул 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү   гэжээ.

 

            Хариуцагч Т.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний охин Г.М нь 2015 онд Э.Гд үрчлүүлсэн. Одоо охин Г.М өөрийн төрсөн эцэг Б.Номинбаярын асрамжид өсч хүмүүжиж байгаа. Тиймээс ээж Т.У миний бие Э.Ггийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүсэж байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г нь Т.Уд холбогдуулан охин Г.Мийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Г нь 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Мийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баярмагнайн Номинбаяраас үрчлэн авсан болох нь 0002728 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.  

     /хх-ийн 5 дүгээр тал/

 

     Талууд охин Г.Мийг үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй болно.

 

2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.М нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эцэг Баярмагнайн Номинбаяраас хойд эцэг болох Эрдэнэбатын Гэрэлхүүд үрчлэгдсэн боловч нэхэмжлэгч болох хойд эцэг Э.Гтэй 2015 оноос хамт амьдраагүй, түүний асрамжид байгаагүй, төрсөн эцэг Б.Номинбаярын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд үрчлэгч Э.Г болон охины төрсөн эх Т.У нар нь охин Г.Мийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар маргахгүй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-дахь хэсэгт зааснаар охин Г.Мийг 2015 оны  5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Эрдэнэбатын Гэрэлхүүд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, түүнийг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх Түмэнчулууны Уянгад шилжүүлэх  нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Номинбаярын Мишээлийг 2015 оны 5 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Э.Г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг баримтлан 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Мийг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх Түмэнчулууны Уянгад шилжүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Н.БАТЧИМЭГ